Эдгээр өдрүүдэд улс орон даяар элсэлтийн ерөнхий шалгалт болж, дунд сургууль төгсөгчдийн хувьд хамгийн чухал, шийдвэрлэх үе ирээд байна. Тиймээс зарим орны оюутан залуусын дунд түгээмэл тархсан шалгалтын өмнө болон шалгалтын үеэр үйлддэг хачирхалтай зан үйлүүдийн талаар сонирхолтой мэдээлэл хүргэе.
Шалгалт бол их стрессийн үе. Ялангуяа Зүүн Азийн орны оюутан сурагчид шалгалтын өмнө сандарч түгшсэндээ янз бүрийн үйлдэл хийдэг байна. Онцгой хоол идэх, хувцас өмсөх гэх мэтийн мухар сүсгийн шинжтэй эдгээр үйлдлээ тэд аз, амжилт авчирна гэж итгэдэг.
KitKat аз авчирна
Япон оюутан сурагчид шалгалтынхаа өдөр юм уу урьд өдөр нь кацудон хэмээх хоол иддэг уламжлалтай. Будаа, өндөг, гахайн шарсан мах бүхий энэ хоолны нэрэнд ордог “кацу” хэмээх нэр нь “ялах” гэсэн утгыг илэрхийлдэг учир аз авчирна хэмээн итгэдэг аж. Гэхдээ сүүлийн үед KitKat шоколадыг бас аз авчирна гэж үздэг болсон гэнэ. Учир нь, “kitto katto” нь дуудлагаараа “китто кацу” буюу “гарцаагүй ялна” гэсэн утгыг илэрхийлдэг байна.
Шалгалттай өдрөө алим ид
Хонконгийн их сургуулийн оюутны хотхонд шалгалтын үеэр өдөр бүр оюутнуудад алим өгдөг гэнэ. Хятадаар алим гэдэг нь “пинг гуо” гэсэн ханзаар бичигддэг бөгөөд “аюулгүй” гэсэн утгыг давхар илэрхийлдэг байна. Тиймээс алим идвэл шалгалтанд айх аюулгүй гэсэн утгар оюутнууд шалгалттай өдрөө энэ жимсийг заавал иддэг уламжлалтай болжээ.
Шалгалтын өмнө толгойгоо угааж болохгүй
Өмнөд Солонгосын оюутан сурагчид шалгалтын өмнө толгойгоо угаахыг цээрлэдэг. Учир нь, олж авсан мэдлэгээ угаачихна гэж эмээдэг гэнэ. Солонгосчууд ер нь их цэвэрч нямбай хүмүүс боловч шалгалтаа амжилттай давахын тулд ариун цэврийг түр умартдаг ажээ.
Самрын хүчээр шалгалтаа давна
Хонконгийн оюутны хотхонуудад улирлын томоохон шалгалт эхлэхээс сарын өмнө оюутны клуб, нийгэмлэгүүд “гин гуо” хэмээх цуврал “ёс” үйлддэг. Шалгалтдаа өндөр оноо авах зорилготой энэ цуврал ёсны эхнийх нь Хятад ресторанд хоолонд орж хооллох. Ингэхдээ хятад ханзаар “амжилттай давах”, “онцгой байх хүсэл” гэх мэт утгыг илэрхийлдэг гахай мах, нэг төрлийн самрыг заавал иддэг гэнэ.
Азын хэрчим
Хятадын оюутан сурагчид дээрх ёсыг гүйцээсний дараа аварга том шарсан гахайн махыг хэрчим, хэрчмээр хуваан иддэг байна. Ингэхдээ оюутан бүр гахайн махыг нэг далайлтаар хоёр хуваах гэж оролддог бөгөөд чадсан нь шалгалтаа амжилттай давна гэж үздэг байна. Шарсан гахайн махнаас гадна киви жимсний ханз нь “шалгалтаа хөнгөхөн давах” гэсэн утгатай ижил бичигддэг учраас энэ жимс ч оюутнуудын дунд эрэлттэй болдог байна.
Залбирах
Өмнөд Солонгос, Хятад гэх мэт их сургуульд элсэн орох өрсөлдөөн маш ширүүн болдог улсуудад шалгалтаа амжилттай өгөх нь зөвхөн тухайн хүүхдийн хэрэг биш, гэр бүлийн чухал асуудал болдог. Тийм ч учраас Солонгост ялангуяа шийдвэрлэх шалгалтын үеэр эцэг эхчүүд нь сургуулийн хонгилд суугаад залбирах, тэр ч бүү хэл шалгалт эхлэхээс 100 хоногийн өмнөөс өдөр бүр тасралтгүй сүмд очиж мөргөл үйлдэх явдал ч байдаг аж.
Далайн байцаан шөлнөөс татгалз
Солонгосчууд амаржсан эхдээ хамгийн түрүүнд далайн байцаан шөл уулгадаг бол шалгалт өгөх гэж буй хүүхдүүддээ энэ шөлийг өгдөггүй. Энэ нь бүх мэдлэгээ урсгаад гаргачихна гэх мухар сүсэг байдаг бөгөөд түүний оронд гоймон идэх нь аз дуудна гэж итгэдэг байна. Гоймон аманд гулгаад амархан ордогтой ижилхэн шалгалтаа асуудалгүй давна гэж тэд боддог ажээ. Түүнээс гадна солонгосчууд шалгалтын өмнө эрч хүчтэй болохын тулд амтлаг хоол хүнс идэх нь зөв гэж үздэг. Тухайлбал, чихэрлэг тахиан мах эрч хүч нэмэхээс гадна дуудлагаараа ч шалгалтаа давна гэсэн утгатай ижил сонсогддог аж.
Улаан дотуур хувцасны хүч
Хятадууд улаан өнгийг ихээхэн бэлгэддэг. Тийм ч учраас аз хийморийг дууддаг гэх улаан өнгийн дотуур хувцсыг шалгалтын өдрөө өмсдөг байна.
Б.Номун
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30415
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.