Я.Бат-Ирээдүй: Геологи сэдэвчилсэн судалгааг төсвийн хөрөнгөөр түлхүү хийх нь салбарын ирээдүйд ач холбогдолтой

2023-04-6 Байгаль орчин


Монголын Геологийн Холбоодын Нэгдсэн Зөвлөлийн дарга Я.Бат-Ирээдүйтэй ярилцлаа. Бидний ярилцлага энэ сарын 24-нд Төрийн ордонд зохион байгуулагдах геологийн салбарын улсын зөвлөгөөн тойрч өрнөсөн юм.

-Геологийн салбарын улсын зөвлөгөөн анх удаа болох гэж байна. Геологийн чиглэлээр ийм том арга хэмжээ зохион байгуулах болсон гол шалтгаанаас ярилцлагаа эхлэх үү?

-Хэд хэдэн шалтгаан бий. Нэгд манай геологийн салбарт олон мянган хүн ажиллаж байна. Гэсэн хэдий ч бид улсын хэмжээний зөвлөгөөнийг урьд өмнө нь хийж байгаагүй. Чиглэсэн мэргэжлийн чанартай хурал зөвлөгөөнийг 1980-1986 оны хооронд хийж байсан түүхтэй. Ингээд харахаар салбарын хэмжээний зөвлөгөөнийг анх удаа хийж байгаа нь маш том онцлог.

Нөгөө талаар манай Засгийн газар Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжүүлж байна. аливаа бодлогыг хэрэгжүүлэхэд бүх салбарын эрх зүйн орчныг шинэчлэх зайлшгүй шаардлага урган гарч ирдэг. Олон жилийн өмнөөс хэрэгжүүлж ирсэн хууль эрх зүйн орчин одоогийн орчинтой асар их зөрчилддөгийг бүгд мэддэг. УИХ-ын гишүүд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулахаар хэлэлцэж буй онцгой цаг үе тохиож байна.

Шинэ үндсэн хууль гаргахгүйгээр, нэмэлт өөрчлөлт оруулаад урагшлах нь нийгмийн хөгжлийн шаардлага гэж хүн болгон хараад эхэлчихлээ. түүнтэй адил манай геологийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах зайлшгүй шаардлага бий. тэгэхгүй бол хүнээр зүйрлэхэд дайвар бүтээгдэхүүн шиг болчихлоо. Геологийн салбар гэдэг шинжлэх ухаан судалгааны гол салбар. Гэтэл эрх зүйн орчин нь тодорхой бус байна. Тийм болохоор энэ салбарт хэрэгжүүлж буй ашигт малтмалын тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль зэрэг гол эрх зүйн актуудад геологийн салбарын бүх үйл ажиллагаа процессыг хуульчилж өгөх нь онцгой чухал ач холбогдолтой гэж төрийн бус байгууллагуудын зүгээс үзэж байгаа. Манай салбарын гол хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчилсэн найруулга хийх ажилтай цаг хугацааны хувьд давхцаж байгаа нь улсын зөвлөгөөн хийх үндсэн
шалтгаан болсон юм.

-Геологийн салбарт тулгамдаж буй олон асуудал бий. Салбарын тулгамдсан асуудлыг шийдэх гол гарц нь энэ удаагийн зөвлөгөөн гэж ойлгож болох уу?

-Хурал зөвлөгөөн хийгээд асуудлыг шийдэх боломжгүй нь ойлгомжтой. тулгамдаж байгаа бэрхшээлтэй асуудлууд гэвэл олон. Оносон зүйлс ч их бий. Энэ бүхнийг тунгааж үзээд энэ зөвлөгөөнөөр ил гаргаж тавья гэж зорьж байна. хуралдаанаас тодорхой зөвлөмж юм уу, шаардлага гарч таарна. Түүнийгээ хууль тогтоогчдодоо хүргэхэд анхааралдаа аваад явна байх гэж итгэж байна.

Хоёрдугаарт геологийн салбарын нийгмийн хөгжилд үзүүлэх дам нөлөө нь асар их. Геологийн судалгааны хүрээнд хийж байгаа бүх л мэдээлэл улс ардын аж ахуйн нийт салбарыг хамардаг. Эндээс үлдэх салбар гэж үгүй. Жишээ нь барилгын салбар байна. Геологийн судалгаа хийхгүйгээр энэ салбарын хөгжлийг төсөөлөх аргагүй. Яг үүнтэй адил зам тээвэр, дэд бүтэц гээд бүх л салбарт газрын доорх баялгийн судалгааг хийж, урьдчилж үнэлж байж трассыг нь тогтоодог. аль ч улс оронд геологийн судалгаа тухайн улсын хар хайрцагны бодлогын нэг хэсэг болж явдаг юм. Энэ нь олон улс орны жишээн дээрээс тодорхой харагддаг.

-Мэргэжлийн хүний тань хувьд нэг зүйл хүсмээр байна. Геологийн салбарт тулгамдаж байгаа асуудлыг эрэмбэлээд яриад өгөөч. Төр засагт ажиллаж буй шийдвэр гаргах түвшнийхэнд хэрэгтэй мэдээлэл болох байх…?

-Манай салбарт тулгамдаж буй асуудал маш олон. Эдгээрийн эхэнд боловсон хүчний асуудал орно. өнөөдөр геологийн салбарыг сонирхож сурах оюутны тоо жилээс жилд буурч байна. Шалтгааныг нь тоочвол бас л олон зүйл ярих хэрэг гарна. Салбарын нэр хүнд, үүрэг ролийг дээшлүүлээгүйгээс шалтгаалж ард иргэдийн дунд нэр хүнд нь маш ихээр унаж байна.

Геологийн салбараа хөгжүүлэхгүй юм бол уул уурхайн талаар яриад ч хэрэггүй гэдгийг та надаар хэлүүлэлтгүй мэднэ. Геологийн салбарын хөгжил, судалгааны ажил уул уурхайн салбарынхаас дор хаяж 20-25 жилийн өмнө түрүүлж явах ёстой. Тэгж байж дараа дараагийн ажлаа бэлддэг зүй тогтолтой.

Дэлхийн чиг хандлага ямар түүхий эд дээр тулгуурлаж байна гэдгийг энэ салбар гүнзгий судалж, судалгаа хийх учиртай. Үүнийгээ бид хуульчилж өгөх хэрэгтэй. саяхан байгуулагдсан Үндэсний геологийн албыг өнөөгийн нөхцөл шиг ийм байдлаар цаашид авч явмааргүй байна. Үндэсний геологийн албаа түшиглэн чиглэлийн судалгаанууд хийж бэхжүүлэх хэрэгтэй. Үндэсний геологийн алба, Геологийн төв лаборатори, Геологийн судалгааны хүрээлэн зэрэг институтийг нэгтгэн нэгдсэн байдлаар бодлого боловсруулах боломжтой. Манайх жижиг улс, заавал салсан олон байгууллага байгуулах шаардлагагүй. Геологийн салбарын бүхий л судалгаа, асуудлыг төрийн зүгээс зангиддаг Үндэсний Геологийн алба байхад хангалттай.

Харин эрх зүйн орчныг сайжруулах нь өнөөдрийн тулгамдсан асуудал болж хувирлаа. Энэ ажлыг хийгээгүйгээс болж бид баялагтай ч юм шиг баялаггүй ч юм шиг нөхцөл байдал үүсээд байна даа.

-Яг наад асуудал чинь уул уурхайн салбараа хөгжүүлэхэд том саад болж байгаа шүү. Дараагийн ОюуТолгой, Эрдэнэтийг нээх бололцоо бий, тэр бололцоог бий болгохын тулд геологийн салбартаа л анхаарах ёстой гэсэн мессежийг сайн өгмөөр байгаа юм…?

-Санал нэг байна. Таны сая онцолсончлон Оюу толгой, Эрдэнэт, Эрдэнэс тавантолгой зэрэг томоохон ордыг эс тооцвол дэлхийд гайхуулах баялаг одоогоор бага байна. Эдгээр томоохон аж ахуйн нэгжүүд улс орны хүнд ачааг үүрч, эдийн засагт бодитой хувь нэмэр оруулж яваа. Манайхан гаднын туршлага судлах дуртай. Үнэхээр туршлага судалж байгаа бол уул уурхайн хөгжил нь цогцоороо эдийн засгийн аюулгүй байдлын баталгаа нь болж хувирсан тийм улс орны жишгийг дагамаар байна. Ойрхны жишээ гэхэд л австрали байна. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд манай улс том том зорилт тавьсан. тэдгээр зорилтыг хэрэгжүүлэхийн тулд салбарынхаа эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай. Манайх олон удаа эрх зүйн орчноо сайжруулж байна гээд муутгасаар өнөөг хүрсэн. Олон хууль үйлдвэрлэсэн ч сайжирсан зүйл одоогоор алга. Цоорхой ихтэйгээс гадна давхцал хий ихтэй хуулиуд их гарч байна. Зарим хууль ойлгомжгүй, хоорондын уялдаа холбоогүй зэрэг олон асуудлаас болоод хуулиа дахин дахин өөрчилж, оролдож байна. Энэ нь эргээд салбарын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөллөө.

2008-2012 онд гадаадын маш их хэмжээний хөрөнгө оруулалт орж ирсэн. Геологийн салбарт ажиллагсдын амьдрал ахуй дээшилснээс гадна улс эх орны эдийн засагт томоохон өөрчлөлтүүдийг авчирсан. Үүнээс хойш хууль эрх зүйн орчинд шинэчлэлт өөрчлөлт их хийснээс гадна уул уурхайн салбарт сөрөг хандлага их гарсныг та мэдэж байгаа. Үүнд манай улс төрийнхөн ч их оролцсон гэж би хувь хүнийхээ хувьд боддог.

-Геологийн зураглалын ажлууд хангалттай хийгдэж байна уу? Энэ чиглэлээр хийсэн ямар ажлууд байна?

-Зураглалын хувьд 1:200 000-ы масштабын региональ чиглэлийн судалгааны ажлыг системтэйгээр олон жил хөгжүүлсний үр дүнд 2000 оны дунд үе хүртэл улсын хэмжээнд нийт нутаг дэвсгэрт зуун хувь хийсэн.

Гэхдээ энэ нь хангалттай биш тойм хэмжээний судалгаа. Нөгөө талаар 1:50 000-ны масштабын ерөнхий эрэл орсон судалгааны ажил манай нутаг дэвсгэрийн дөнгөж 43 хувьд хийгдээд байна. тэгэхээр үлдсэн 57 хувьд бид эрлийн шинж чанартай ерөнхий судалгаа хийгээгүй гэсэн үг. Бид газрын гүн дэх баялгийнхаа талаар сайн мэдэхгүй гэж ойлгож болно. Энэ өнцгөөс харахад бидэнд нээгдээгүй илрээгүй асар их баялаг бий. Гэхдээ геологийн судалгаа гэдэг цэвэр зардал гаргадаг салбар.

Улсаас чиглэсэн сэдэвчилсэн судалгааг төсвийн хөрөнгөөр түлхүү хийж явах нь салбарын ирээдүйд их нөлөөтэй. Эрдсийн түүхий эдийн бааз суурийг бэлдэх үндсэн чиглэлийг тогтоож өгнө. ерөнхий эрлийн ажлыг улсын төсвийн хөрөнгөөр хийсэн бол одоо хувийн аж ахуйн нэгжүүдэд тэдгээр мэдээллийг өргөн хүргэж үйлчилснээр асар өндөр өртөгтэй хайгуулын ажлыг тэднээр хийлгэх боломж бүрдэнэ. Хувийн сектор орж ирснээр энэ ажил цааш улам гүнзгийрч өргөжих нь ойлгомжтой.

1994 оноос хойш эрх зүйн орчинд орсон өөрчлөлтөөр хайгуулын судалгааг өмчийн хэлбэр харгалзахгүй хийх боломжийг бүрдүүлсэн. тэр хэмжээгээр манай геологийн салбарт томоохон өөрчлөлт шинэчлэлт гарсан түүхтэй.

-Геологийн салбарт хийгдэж буй улсын төсвийн хөрөнгө оруулалт хэр өгөөжтэй яваа бол. Зарцуулалт үр дүнтэй байж чадаж байна уу. Өнөө жилийн тухайд хөрөнгө оруулалт ямаршуу байна вэ?

-Улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгааг бүгд мэднэ. Энэ жилийн хувьд шинэ төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх эсэх талаар би мэдээлэл аваагүй байна. Өнгөрсөн жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийтдээ 15 төсөл хөтөлбөр зарлагдсан. Геологийн судалгааны салбарт жилд ойролцоогоор 20-25 гаруй тэрбум төгрөг зарцуулагдаж байна. Геологийн судалгаа гэдэг эрэл, хайгуул, нарийвчилсан хайгуул гэсэн үе шаттай. Үе шат болгон шинжлэх ухаанаар тогтоогдсон өөрийн гэсэн арга аргачлалтай.

Жишээлбэл, бид энэ аягыг судаллаа гэхэд гаднах хэлбэр бүтцээс эхлээд бүх зүйлийг судалж таарна аа даа. Геологийн шинжлэх ухаан яг түүнтэй адил. бие даасан олон арван шинжлэх ухааны нэгдэл юм. Жишээ нь давхарга зүй гэхэд газрын тогтцыг судалдаг шинжлэх ухаан. Нарийсахаараа палеонтологи, палеологи гээд задарна. Палеологи нь цаашаа задарч олон төрөл болно.

-Геологийн салбар гадаадын хөрөнгө оруулалт байхгүй шахуу болчихлоо л доо. Гадаадын хөрөнгө оруулалтгүйгээр хөгжих боломж, гарц бий юу?

-Энэ салбарт гадаадын хөрөнгө оруулалт хамгийн чухал. Хайгуулын салбар эрсдэл ихтэй учраас улсын төсвийн хөрөнгөөр хийх ямар ч боломжгүй. Манай улсад эдийн засгийн тийм боломж ч алга. Ил тод болсон баталгаатай талбайд улс өөрийн хөрөнгөөр хайгуул хийж болно. Хэдэн арван км талбайгаас хэдэн зуухан метр ордын эрдсийн бөөгнөрлийг олно гэдэг тийм ч амар ажил биш.

Тэр хавтгайд ямар нөхцөл байршлаар үүсэж тогтсоныг мэднэ гэдэг амаргүй. Тэгэхээр түүнийг олохын тулд асар их хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдана. Хайгуулын салбарт хөрөнгө оруулахын тулд гадаадын хөрөнгө оруулагчийн дэмжлэгийг авахаас өөр аргагүй. Манайхан өөрсдөө эдийн засгийн боломж байхгүй бол гадаадын хөрөнгө оруулагчтай хамтарч хайгуул хийх боломжтой.

Нэгэнт хайгуулаа хийсэн гадаадын компани ашиг олох зорилготой. Тиймээс энэ бүх эрх ашгийг эрх зүйн орчиндоо нарийвчлан суулгах хэрэгтэй.

-Гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд хамгийн түрүүнд анхаарах ёстой асуудал гэвэл та юуг онцлох вэ?

-Уул уурхайн салбарт төрийн оролцоо бага байх тусам илүү их хөгжих зүй тогтолтой. илүү хөгжсөн уул уурхайн салбарын хаялга нь асар их байдаг. Геологийн салбар тухайн ордыг ашигтай эсэх бүх зүйлийг тогтоосны дараа уул уурхай болж хөгжинө. Тэр нь цааш хот тосгод болон өргөжөөд явдаг. Тэгэхээр энэ бүх үйл явцыг эрх зүйн орчинд илүү нарийвчлан суулгаж өгөх ёстой.

Хайгуулыг улсын төсвийн хөрөнгөөр хийж болохгүй гэсэн хууль гаргахад болохгүй гэх зүйлгүй. Эрчимтэй хөгжиж эдийн засаг тэлж байгаа үед салбарт хийх улсын төсвийн хөрөнгө оруулалтыг хоёроос гурав дахин нэмэх шаардлагатай. Тэгж байж бид ирээдүйн уул уурхайн мэргэжилтнийг бэлтгэх, түүхий эдээрээ эдийн засгаа тэлж баялгийн сангаа баяжуулах зорилтыг хэрэгжүүлэхэд тус нэмэр болж чадна. хөгжлийн шинэ шатанд гарахад асуудалгүй болно. Манайд судлагдаагүй газар нутаг асар их бий. Тэр бүгдийг судлах ёстой.

Мөн бүсчилсэн геологи хайгуулын судалгааг хийвэл илүү үр ашигтай. Улсын бодлогоор сэдэвчилсэн, чиглэсэн судалгааг хийх зайлшгүй шаардлага ч байна. Өнөөдөр дэлхийд нийтэд эрэлт хэрэгцээ ихтэй эрдсийн түүхий эдүүд гэж байна. Зах зээлд үр ашигтай байх үүднээс тэр чиглэлд бид илүү түлхүү ажиллах ёстой. Салбарын хөгжлийг энэ чиглэлд хандуулах нь зүй ёсны хэрэг. бид цагаа мэдэрч, цагаасаа түрүүлж ажиллах ёстой.

-Геологийн зөвлөгөөнд геологичид түлхүү оролцох уу, ер нь хэр өргөн хүрээний оролцоотой арга хэмжээ болох вэ?

-Геологийн салбарын зөвлөгөөн болохоор энэ салбарт ажиллаж байгаа бүх л тал оролцоно. Мэргэжлийн геологичид энэ салбарынхаа гол цөм нь учраас илүү түлхүү оролцох байх гэж харж байна. Геологийн салбартай салшгүй эн зэрэгцэж байгаа уул уурхайн салбарын төлөөлөл ч бас оролцох магадлалтай. Яагаад гэвэл уул уурхайгаас геологийн салбарыг салгах боломжгүй. Геологигүйгээр уул уурхай хөгжих боломжгүй гэдэг утгаараа. Геологи байгаа үед л уул уурхайн хөгжил цааш явна. Уул уурхайн компанид ч олон мянган геологич ажиллаж байна. Тэд өдөр тутамдаа геологийн судалгааны ажлыг баталгаажуулж үр ашигтай ажиллуулах чигийг зааж өгдөг.

Тэдний ажил судалгаа шинжилгээ хийгээд зогсохгүй үйл ажиллагаа явж байхад хүртэл уурхайн геологичид ажлаа хийсээр байдаг. Эрдэнэт үйлдвэрт гэхэд бүхэл бүтэн геологийн хэлтэс ажилладаг. Тэдгээр геологичид Эрдэнэтийн нөөцийг өсгөх чиглэлээр судалгаа хийж байна. “Эрдэнэс тавантолгой” ХК дээр ч ялгаагүй геологийн бүх судалгаа шинжилгээний ажлыг хийнэ. Геологич бид эх дэлхийгээ судалж яваа хүмүүс шүү дээ.

Гэхдээ томыг илүү задалж нарийсч жижиг объект дээр хүртэл судалгаа шинжилгээ хийдэг. Давхарга зүйн судалгаа гэхэд нэрлэж тогтсон чулуулгуудыг нас эрэмбээр нь, тогтцоор нь ялгана. Ямар гарал үүслээр тэр зузаан давхарга тогтов гэх мэт асуулт тавьж ажиллана. Ер нь их олон талын шинжлэх ухааны нэгдлийг судалдаг салбар.

-Геологийн зөвлөгөөнийг таван жилд нэг удаа зохион байгуулна гэсэн. Яагаад таван жилд нэг удаа хийхээр болсон бэ?

-Геологийн салбарын эрх зүйн орчныг бид цаашид сайжруулах зорилготой. салбартаа тулгамдсан асуудлыг ил тод гаргаж тавин нийгэмдээ ойлгуулах нь энэ зөвлөгөөний гол зорилго. Хугацааны хувьд ч бодож сонгосон. 2024 онд Геологийн алба үүсэж хөгжсөний
85 жилийн ой болно. Тэгэхээр ой болгоны өмнөх жил нь зөвлөгөөнөө хийж ажлаа дүгнэн эрх зүйн орчноо сайжруулахад анхаарч байя гэж шийдсэн. ингэх нь Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжихэд ч эерэг нөлөөтэй.

Товчхондоо таван жил тутам зөвлөгөөн зохион байгуулж болохоо ярьж, болохгүйгээ шийдэх гарц гаргалгаа хайх нь эдийн засгийг эрчимжүүлэхэд салбарынхаа зүгээс тус дөхөм болж дэмжлэг үзүүлж байгаа хэрэг л дээ. Салбарын бусад хурал чуулган ихэнхдээ эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлтэй байдаг. Судалгааны тодорхой нэг үе шат газар нутгийг судалсан байдлыг эрдэмтэд бусад геологичдод танилцуулах, хоорондоо саналаа солилцох журмаар явж байна.

Салбарын хэмжээний олон талт асуудлаа хэлэлцдэг ийм зөвлөгөөн урьд нь хийж байгаагүй. Энэ зөвлөгөөнийг Монголын геологийн холбооны нэгдсэн зөвлөл эхэлж санаачилж байна. Бусад салбарууд ч энэ маягаа ажлаа дүгнээд эрх зүйн орчноо сайжруулж байна.

-Түрүүн та геологийн салбарыг уул уурхай хөгжих боломжийг бүрдүүлж өгдөг гэж ярьсан. Геологичдийн хөгжилд үзүүлдэг эерэг нөлөө, давуу талуудыг ярилцлагадаа онцлох учиртай байх…?

-Геологичид бол судлаачид. Бид уул уурхайн салбар цааш хөгжих боломжийг бүрдүүлж өгдөг хүмүүс. Нөгөө талдаа газрын доор ямар баялагтай вэ гэдгээ улс эх орондоо тайлагнаж, эрдэс түүхий эдийг бэлтгэх нөхцөлийг бүрдүүлж өгдөг. Энэ салбар байгаль экологид ямар нэгэн сүйрэл авчирна гэж зарим хүмүүс ойлгодог. Үнэндээ тийм зүйл байхгүй. Геологийн салбар шинжлэх ухаанаар тогтсон олон төрлийн нарийн арга аргачлал ашигладаг. Тэр судалгааны үр дүнгээр ирээдүйд энд уурхай байж болох ямар нөөц байна? гэж судалдаг. Энэ нийгэмд эрдэс баялгаа судлахгүйгээр ямар ч улс орон цаашид хөгжих боломжгүй. Нэн хэрэгтэй ийм мэдээллийг цогцоор нь бий болгож улс эх орныхоо ирээдүйн хөгжлийг тодорхойлох чиг хандлагыг бий болгодог хөгжлийн түлхүүр болсон салбар юм.

-Геологчдийн тухайд орон нутгийн иргэдтэй ойлголцох асуудал том сорил болдог. Энэ тал дээр яаж ажиллавал орон нутагтай ойлголцох боломжтой бол, таны бодлыг сонсмоор байна?

-Салбарынхаа үйл ажиллагааг үнэн бодитоор, зөвөөр таниулан мэдүүлэх үйл ажиллагааг бид өөрсдөө л хийх ёстой. Ард иргэд мэдэхгүйгээс болж ойлгохгүй байна.

Тэдний буруу биш. тэр дундаа мал аж ахуйн салбар түлхүү хөгжсөн энэ улсад ус бэлчээрээс эхлээд олон бэрхшээл бий. Тэгэхдээ бид урагшаа харж амьдрах нь зүйн хэрэг. хөгжиж байгаа дэлхийн бусад оронтой хэрхэн эн зэрэгцэх талаар бодлогоо барьж байх ёстой. Ийн хөгжихийн тулд бид газрын доорхи баялагтаа нарийн судалгаа хийж ашиглах ёстой. айл бүр олсон хөрөнгө мөнгөнийхөө аль хэсгийг нь хадгалах, хичнээн хувийг нь ах дүүдээ туслахад зарцуулах вэ, хэр хэмжээний мөнгийг орлогоо өсгөж амьдралаа дээшлүүлэхэд зориулах вэ гэх мэтээр нарийн тооцоо хийдэг. Яг үүн шиг Монгол гэдэг том айл баялгийнхаа судалгааг улсын хэмжээнд хийх хэрэгтэй. Нүүрс, алт, вольфрам, төмрийн хүдрийн нөөц ийм хэмжээнд байна, дэлхий дахинд эрэлт хэрэгцээтэй литийн нөөцөө тогтооё гэх мэтээр баялагтаа анхаарал хандуулах цаг нь ирсэн.

-Чуулганаас гарах зөвлөмжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжтой юу?

-Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэх ардын маань сайхан сургаал бий. Бид олуулаа зөвлөн хэлэлцээд шийдвэр гаргах учраас ямар ч байсан салбарынхаа хэтийн ирээдүйн хөгжлийг тодорхойлох, эрх зүйн орчны чадамжийг дээшлүүлэх нь зөвлөмжийн гол зорилго. Нэг ёсондоо бид ашигт малтмалын тухай хууль болон Газрын хэвлийн тухай хуульд суух гол үзэл санаа болон манай салбарт хамаарах бусад хууль, тэдгээрийн зохицолдоог бий болгох чиглэлд санал зөвлөмжөө хүргүүлнэ. Эцэст нь хэлэхэд Геологийн улсын зөвлөгөөн бол салбарын болон улс эх орны ирээдүйн хөгжлийг бий болгоход хувь нэмрээ оруулах зорилгоор зохион байгуулж буй арга хэмжээ юм.

Эх сурвалж: Эрдэс баялгийн тойм сонин

Өнөөдрийн онч үг

22 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.