“Эрдэнэс Монгол” өнгөрсөн 15 жилийн хугацаанд юу бүтээв…

2023-04-6 Байгаль орчин

Өнөөдөр дан ганц уул уурхайг түшиглэж амьдарч байгаа монголчуудын хувьд гадаад зах зээл, тус салбарын бүтээгдэхүүний үнийн хэлбэлзлээс өөдөлж, уруудах нь шууд хамааралтай байдаг. Тэр ч утгаараа бид ирээдүйн хөгжлийн бодлогынхоо бүдүүвч зургийг уул уурхайд суурилсан эдийн засаг дээр зурсан. Тэгвэл Монгол орны стратегийн 15 ордыг эгнээндээ нэгтгэж, төрийн нэрийн өмнөөс байгалийн баялгийн менежментийг голлон удирдаж буй “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал С.Наранцогт “Эдийн засгийн сэтгүүлчдийн клуб”-т мэдээлэл өглөө.

Өнөөдрийн байдлаар тус компани нь “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэс Оюутолгой” ХХК, “Багануур”” ХК, “Шивээ-Овоо” ХК, “Мон-Атом” ХХК, “Эрдэнэс Шивээ Энержи” ХХК, “Эрдэнэс Метан” ХХК, “Эрдэнэс Ассет Менежмент” ХХК-иудын 50 буюу түүнээс дээш хувийн хувьцааг эзэмшиж байна. Мөн “Оюу толгой” ХХК-ийн Монголын талын 34 хувийг өөрийн охин компаниар дамжуулан эзэмшиж,  Тавантолгой -Гашуунсухайт чиглэлийн авто замын ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажилладаг “Гашуун Сухайт Авто Зам” ХХК-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн үндсэн дээр байгуулан ажиллуулж байгаа юм.

…Гэвч улс орны ирээдүйг атгасан тус компани нь 2007 онд анх байгуулагдсан ч өнөөдрийг хүртэлх 15 жилийн хугацаанд дотоод дүрмээ ч бүрэн тодорхойлж чадаагүй энэ хүрч. Наанадаж л удирдлага, хүний нөөцийнх нь бүтэц тодорхойгүй, нэгдсэн стратеги төлөвлөлт сул. Охин компаниудынх нь үйл ажиллагаа уялдаагүй. Өр төлбөрийн авлага, өглөг нь хоолойд тулсан гээд төрийн мөнгө улайдаггүйн жишээг жинхэнэ утгаар нь гүйцэтгэсээр иржээ. Энд ганц жишээ дурьдахад, “Эрдэнэс Тавантолгой” компани Тавантолгойн бүлэг ордоос сайн чанарын коксжих нүүрсийг сорчлон олборлосон. Сорчлох тусам тухайн уурхайн насжилт багассан. Баруун цанхийн 3, 4 дүгээр давхаргын нүүрсний нөөц 800 сая. Үүний 100 саяыг нь олборлоод зарчихсан. Одоо хийгдсэн гэрээ нь 100 сая байгаа аж. Энэ жишээ “Эрдэнэс Тавантолгой”-гоор зогсохгүй Дархан төмөрлөг болон Эрдэнэс Силвер дээр ч давтагджээ. Мөн техник тоног төхөөрөмжийн ашиглалтын хугацаа дуусч, насжилт өндөртэй болсон гээд олон жишээ дурьдаж болно.

Гэхдээ энэ бүхнийг засахын тулд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрмийг шинэчлэн баталж, компани дахь охин компаниудын бүтцийг оновчтой болгож, шинэчлэх ажлуудыг хийж эхэлсэн мэдээтэй. Тухайлбал, энэ шинэчлэлээр өөрийн харьяан дахь 39 охин компанийг нэгдсэн удирдлагаар хангаж, олон улсаас хөрөнгө оруулалт татах, менежмент, засаглалын зөв хэлбэр рүү шилжих юм. Мөн компанийн нэгдлийн охин, хараат компани, харьяа хуулийн этгээдийг группийн зарчмаар ажиллуулахаар шийдвэрлэж, бүрэлдэхүүнд нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ХК, “Монголросцветмет” ТӨҮГ, “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-г нэгтгэн өргөтгөөд буй. Ингэснээр нэгдлийн компаниудын засаглалын тогтолцоонд олон улсын сайн туршлага нэвтэрч, нэгдсэн тогтолцоо сайжирч, нэгдлийн үйл ажиллагааны уялдаа дээшилнэ гэсэн өөдрөг төсөөлөлтэй буйгаа тэрбээр онцлов.

Мөн тус компанийн шинэ гаргасан дүрмийн шинэчлэлээр Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 51 хувийг төрийн төлөөлөл, 49 хувь нь хараат бус гишүүн байхаар төлөвлөжээ. Энэ хүрээнд хараат бус, мэргэжлийн, чадавхтай боловсон хүчнээр ТУЗ бүрдэнэ гэж үзэж байгаа аж. Өөрөөр хэлбэл, улс төрөөс хамааралтайгаар шийдвэр гаргадаг бус мэргэжлийн баг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-д орж ажилладаг болно гэдгийг тэрбээр тодотголоо. Ингэхдээ тус компанийн нүүрс болон зэсийн групп ТУЗ-тэй, бусад охин компаниуд нь ТУЗ-гүй болж байгаа. ТУЗ нь жилд хоёр тэрбум төгрөгийн зардалтай байдаг бол гишүүдийн тоог багасгаж, цалинг цагаар тооцох системийг хэрэгжүүлснээр 0,5 тэрбум төгрөг болон буурах юм байна.

Мөн нийт 59 төсөл байгаагаас үр ашиггүй, чиг үүрэг нь давхардсан зэргийг харгалзан “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяаны охин компаниудын долоог нь татан буулгахаар болсон байна. Одоогоор “Шивээ Энержи” төслийг татан буулгах шийдэлд хүрчээ. Учир нь гадаад хүчин зүйлээс хамаарч, 5280 МВт Дулааны цахилгааны станцыг бүтээн байгуулах зорилготой “Шивээ-Овоо энержи” цогцолбор төсөл зогссон. Төслийн нэгжийн үндсэн зорилго биелэх боломжгүй болсон ч үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөн үргэлжлүүлсээр байсныг зогсоож, тус төслийн нэгжийг холбогдох хууль, журмын дагуу татан буулгаж байгаа аж. Мөн “Эрдэнэс газ” төслийн нэгжийн удирдлагын зарим чиг үүрэг давхардсаныг төслийн нэгжийн бүтцийг шинэчилж, давхардлыг арилган, үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулахаар ажиллаж байна гэв.

Энд нэг зүйлийг онцлоход, Монгол орны стратегийн 15 ордыг нэгэн дээвэр дор нэгтгэж, төр эзэмшилдээ оруулсан гэх боловч өнөөдөр Бүрэн хааны фосфортын ордоос эхлээд энэхүү эгнээнд багтсан нэгээр тогтохгүй ашигт малтмалын тусгай лиценз хувь хүний нэр дээр байна.

Бүрэн хааны фосфортын ордын тухайд, энэ газарт түшиглэн зэс хайлуулах үйлдвэр байгуулах тухай олон жилийн яриа, цаасан дээрх төлөвлөгөө бий. Юутай ч хамгийн сүүлийн мэдээллээр хүхрийн давхар ислээ натрийн болон фосфорын бордоогоор  саармагжуулж элементийн хүхэр үйлдвэрлэх туршилыг “Эрдэнэт” үйлдвэрийн захиалгаар Хятадын MFE төрийн өмчийн судалгааны хүрээлэн хийж байгаа аж. Одоогоор лабораторийн болон хагас үйлдвэрийн туршилт амжилттай болсон. Тиймээс эцсийн туршилтыг Шинжаанд хийж байгаа бөгөөд амжилттай болвол энэ оны зургадугаар сарын 30-ны дотор Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр ТЭЗҮ-г нь батлуулахаар төлөвлөжээ. Хэрвээ энэ ажил нааштай шийдэгдвэл лицензийн асуудал “босно”. Тэр үед хувь, хувьсгал нь гар барих уу, эсвэл төр төмөр нүүрээ гарах уу гээд асуудал хэрхэн шийдэгдэх нь тодорхойгүй.

Цаашлаад Мардай, Төмөртэй гээд хэд хэдэн орд газрын лицензийн асуудал ч хөврөх нь. Мөн ховор элементийн лицензүүд бүгд хувь хүний гар дээр бий. Уг нь соц нийгмийн үед төрийн хөрөнгөөр хайгуул, судалгааны ажил нь хийгдсэн ч ямар замаар, хэрхэн хувьд шилжсэн нь тодорхойгүй байдаг. Энэ мэтчилэн стратегийн томоохон ордуудын лиценз хувь хүний нэр дээр нэгээр тогтохгүй байгаа нь бас л тус компанийн цэгцлэх ёстой асуудал юм.

Түүнчлэн Засгийн газрын 1993 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн 25 дугаар тогтоолд өөрчлөлт оруулан, “Монголросцветмет” ТӨҮГ-ын мэдэлд байсан Асгатын мөнгөний ордыг 2019 онд “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлэх шийдвэр гарсан. Энэ дагуу Ашигт малтмал, газрын тосны газраас Асгатын мөнгөний ордын ашиглалтын 4 тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” компанид шилжүүлэн авсан байдаг. Гэтэл орд газрыг ашиглана, эдийн засгийн эргэлтэд оруулна гэж Ерөнхий сайд ам гарсан ч өнөөдөр тус ордын нөөцийг нь ч бүрэн тогтоож чадаагүй байна.

Эцэст нь хэлэхэд, Тэд дүрмээ шинэчилсэн харин Бид хяналтаа сайжруулах ёстой. Учир нь Монгол орон байгалийнхаа нөөцөөр хөгжил дэвшлийг бүтээсээр ирсэн, цаашид ч бүтээнэ. Тиймээс өнгөрсөнд гаргасан алдаануудаас суралцаж, төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах, баялгийн санг байгуулах, татварын бодлого, зохицуулалтуудаа сайжруулах, лиценз олгодог эрх зүйн зохицуулалт болон хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх чадавхийг сайжруулах зэрэг олон ажлуудыг хийж, ирээдүйн шалгаварт бэлтгэгдэх шаардлагатай. Үүний төлөө хийх гол ажил нь оновчтой дүрэм, хатуу хяналт юм.

 

 

 

 

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.