Хүүхдийн мөнгөн тэтгэмжтэй холбоотой асуудлаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Сангийн сайд Б.Жавхлан, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа нар мэдээлэл хийлээ.
Сангийн сайд Б.Жавхлан “Хүүхдийн мөнгийг зорилтот бүлгүүдэд анх 20 мянган төгрөгөөр олгодог байсан. Улмаар цар тахлын үед хүүхдийн мөнгөөр дамжуулж өрхийн орлогыг дэмжих байдлаар 100 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэн. Үүнийг иргэдийн зүгээс халамж хавтгайрлаа гэдэг. Гэвч хүүхдийн мөнгийг татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлдэг. Иймд энэ оноос эхлэн нийт хүүхдийн 91 хувьд л хүүхдийн мөнгө олгох бодлогын шилжилт хийсэн. Сүүлийн гурван жилийн турш өрхүүд хүүхдийн мөнгө авч дадал болсон. Иймд шууд хасах нь иргэдэд хүндрэлтэй.
Тиймээс өрхийн сарын орлого нь 3.5 саяас дээш бол хүүхдийн мөнгө өгөхгүй байх зохицуулалт хийсэн. Зарим өрхүүдийн хувьд бүртгэлтэй холбоотой асуудал үүссэн. Мэдээллийн зөрүүг Цагаан сараас өмнө залруулахаар ажиллана. Улмаар хоёрдугаар сар гарсан бол нэгдүгээр сарын хүүхдийн мөнгийг нь нөхөж өгнө. Түүнчлэн Цагаан сарын баяр болох гэж байгаа учраас гуравдугаар сарын мөнгийг урьдчилж нэг дор өгөхөөр бэлтгэлээ хангаж эхэлсэн” гэлээ.
Хүүхдийн 100,000 төгрөгийг олгохдоо өрхийн орлогыг хэрхэн тооцоолсноо Үндэсний Статистикийн Хорооны дарга Б.Батдаваа танилцууллаа.
Тэрбээр “Үндэсний Статистикийн Хороо, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам болон төрийн 10 гаруй байгууллагатай хамтран өрхийн орлогыг тооцоолох аргачлалыг баталсан. Өмнө нь халамжийн ажилтнууд айлуудаар явж мэдээллийг цуглуулдаг байсан нь цаг хугацаа, зардал гардаг байв.
Энэ удаад төрд байгаа мэдээллийн сангуудыг нэгтгэх аргаар тухайн өрхийн аж амьдралыг хамгийн оновчтой, сайнаар тодорхойлох загварыг боловсруулсан. Ингэхдээ өндөр цалин авч буй гээд хүүхдийн мөнгөнөөс хасах шалгуур тавиагүй.
Өрхийн амьжиргаа цалин, цалингийн бус орлого, автомашин, малын тоо, хөрөнгө, байр, орон сууц, өрхийн гишүүдийн тоо зэрэг олон үзүүлэлтээс хамаардаг. Тиймээс бид төрд байгаа таван мэдээллийн сангийн 10 гаруй хувьсагчийг авч, өрхийн аж амьдралыг хамгийн бодитойгоор тооцох загварыг боловсруулсан юм. Энэ нь харьцангуй алдаа багатай, сайн загвар болсон гэж үзэж байна.
Гол асуудал нь мэдээллийн сангийн зөрүүтэй байдал. Шилжилт хөдөлгөөн хийгдсэний дараа бүртгэл явагддаггүй, хүн ам, өрхийн мэдээллийн санг баг, хорооны Засаг дарга хөтлөх хуультай. Гэхдээ иргэний зөвшөөрөлгүйгээр төрийн албан хаагч мэдээллийг солих бололцоогүй. Ажлын хэсэг үлдэж буй хугацаанд зөрүүтэй мэдээллийг иргэдтэй хамтран засах ажлыг шуурхай хийнэ” хэмээн тайлбарлалаа.
Мөн энэ үеэр Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал дараах мэдээллийг хийсэн юм.
Тэрбээр “Нийтийн мэдээллийн ил тод байдлын хуулиар E-mongolia систем нь төрийн мэдээлэл солилцооны үндсэн систем. Үүнийг дагалдуулан салбар бүрд ашиглаж буй e-gazar, e-halamj зэрэг систем нь дагнасан системийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. ДАН систем нь иргэнийг таньж мэддэг.
Төр иргэний зөвшөөрөлгүйгээр өөрт байгаа мэдээллийг ашиглахгүй гэдэг том зарчмыг барьж ажилладаг.
Хүүхдийн мөнгөний асуудал дээр бол Монгол Улсын Засгийн газар анх удаа төрд байгаа мэдээллүүддээ суурилан тооцоолол хийж, тодорхой гаргасан томьёоллын тусламжтайгаар холбогдох мэдээлэл хариуцаж буй байгууллагуудын мэдээлэлд суурилан иргэдэд мэдэгдэл хүргүүлж байгаа хэрэг.
Засгийн газраас анх удаа авч хэрэгжүүлэхэд мэдээллийн зөрүүтэй байдал бидэнд том саад учруулж, ард иргэдийг бухимдуулсанд хүлцэл өчиж байна.
ҮСХ дахь Өрхийн мэдээллийн сан нь хаяг дээр суурилдаг. Тиймээс тухайн хаяг дээрх өмнөх хүмүүсийн мэдээлэл нь давхардаж бүртгэгдсэн асуудал гарч ирсэнд иргэд шүүмжлэлтэй байгаа.
E-Mongolia ч бай, e-halamj дээр ч бай хүн ажиллаж мэдээлэл боловсруулаагүй. Автоматаар төрд байгаа иргэдийн статистик мэдээлэл дээр суурилан хүрч байгаа.
Бид өнгөрсөн хугацаанд системийн интеграцыг сайжруулъя гэх асуудлыг олон удаа ярьж, ажил хэрэг болгож байна. Өнөөдөр таван хаягтай байгаа асуудал нь мэдээлэл солилцооны асуудал. Төр өөрт байгаа мэдээллээ хоорондоо солилцож чадахгүй байна. Мэдээллийн сангууд нь хоорондоо зөрүүтэй байгаа байдлаас болж буй тул Засгийн газрын зүгээс цаашид мэдээллийн интеграцад анхаарал хандуулж байгаа.
Төрийн цахим үйлчилгээний 90 гаруй хувийг хадгалж байгаа Үндэсний дата төвийг “cloud” үйлчилгээ үзүүлдэг болгох ажил явагдаж байна. Үндэсний дата төвийн техник тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хийж байна” гэв.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.