Засгийн газрын даваа гаригийн ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийг өчигдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлсэн. Тодруулбал, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийг цаашид олон нийтийн компани болгож, IPO гаргах чиглэлээр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг байгуулахаа мэдэгдсэн. Харин эл асуудалд Эдийн засагч Х.Батсуурь өөрийн байр суурийг тодруулж байна.
Тэрбээр “ЭТТ-г олон улсад IPO гаргуулна гэнэ үү? Ёстой болохгүй шүү. Тийм хэрэгцээ, шаардлага ч үгүй. IPO хийвэл Нүүрсний хулгайчид оффшорт нуусан мөнгөө гаргаж ирээд л бүх хувьцааг нь худалдаад авчихна шүү дээ! Чоно борооноор гэдэг шиг юм болох вий!! Энэ чинь одоохондоо ард түмэнд ногдсон цор ганц өмч. Асар их нөөцтэй, маш бага зардалаар олборлолт хийдэг, худалдан авагчийнхаа яг хажууд байршилтай, маш өндөр орлоготой, ашгийн маржин асар өндөр компани. Ай Пи Өү (IPO) гэдэг мөнгө, санхүүгийн нөөц дутагдалтүй үед хөрөнгө босгох бизнесийн нэг махинац. Эрдэнэс Таван Толгойн хувьд одоогоор IPO хийх шаардлага огт үгүй. Жилдээ $1-2 тэрбум борлуулалт хийдэг, авилгагүй, хулгайгүй ажиллавал $3-5 тэрбум долларын борлуулалт хийх бүрэн боломжтой компани. Одоогоор ард түмэн 1072 хувьцааны дүнгээрээ 15% (0.056% ААН) , засгийн газар үлдсэн 85% орчим хувийг эзэмшиж байгаа. Ард нийтийн дунд Монгол Улсын иргэд ЭТТ-н 50 хүртэлх хувийг үнэгүй эзэмших, давуу эрхтэйгээр худалдан авах хувилбарууд хүчтэй яригдсаар ирсэн. Ямар ч тохиолдолд одоо энэ үймээнтэй цаг үед ЭТТ-г IPO хийх үүн дундаа олон улсын зах зээл дээр IPO хийж гаргах нь ёстой цаг олоогүй, олон нийтэд дахин нэг хулгайн хардлага төрүүлсэн буруу үйлдэл бөгөөд үүнийг ард түмний зөвшөөрөлгүй хийх эрх мэдэл ч засгийн газарт үгүй юм.
Миний хувьд “ЭТТ-н Хувьцаа Эзэмшигчдийн Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэг”-ийн тэргүүний хувьд, 1072 хувьцаа эзэмшигчийнхээ хувьд ЭТТ талаар нэлээн судалсан бөгөөд бидний өмчийг бидний зөвшөөрөлгүйгээр хүч далайлган зарах үрэх, наймаалцах асуудлыг эсэргүүцэж байна” гэлээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30413
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.