Шинэ үеийн 30 настнууд

2017-06-29 Ертөнц

Та 30, 40, 50 нас хүрэхдээ өөрийгөө ямар хэмжээнд хүрсэн байх ёстой гэж боддог вэ. Эдгээр насанд хүрсэн байх амжилт гэх юмуу амьдралын туршлага, үе шатыг юу гэж тодорхойлдог вэ. Магадгүй эдгээр насны гол  ололтыг өмнөх үеийн нийгмийн ойлголтоор өнөөг хүртэл тодорхойлсоор байгаа юм биш биз. Гэвч тийм байх албагүй.

Нийгэм цаг үеийг дагаад хүний амьдралын харьцангуй түгээмэл үе шат, туршлагууд хүртэл өөрчлөгдөж. Хуучны 30 настнууд өнөөгийн 30 настнуудаас юугаараа ялгаатайг, тэдний амьдралын хэвшил, амжилтад хүрэх процесс хэрхэн өөрчлөгдсөнийг “Forbes” сэтгүүлд ингэж бичжээ.

Хуучны 30: Хүнтэй ханилаад бараг 10 жил болж, үр хүүхэдтэй, өөрийн гэсэн гэр бүлтэй болж амждаг үе.

Шинэ 30: Нас биед хүрсэн хүний хувьд өөрийгөө хэн гэдгийг дөнгөж таньж мэдэж, бас ч гэж бүх зүйл оройтчихоогүй, өөрийнхөөрөө бүхнийг дахин эхлэх сонголт байгааг олж мэднэ.

Хуучин 40: Тайван амгалан газар өөрийн гэсэн орон гэртэй болж, төвхнөөд ажил амьдрал жигдэрдэг үе.

Шинэ 40: Хуучны 40 настнуудаас эсрэгээр дуу шуугиантай хотын төвд амьдрахаас, байр худалдан авч чадахгүй түрээсэлж амьдарсан ч сэтгэл ханамжтай байж чадна.

Хуучны 50: Налайж суух насны намар ойртсоор. Хүүхдүүд томорч, үр хүүхдүүд үүрээ орхин нисдэг үе.

Шинэ 50: Олон жил ажилласан газраасаа гарч, дахин өөр зүйл оролдоод үзэхээс буцахгүй. Таарч тохирохгүй байсан гэр бүлийн амьдралдаа цэг тавьж, амьдралаа шинээр эхэлсэн ч болно гэж боддог болно.

(Age-нас)

Хуучны хүмүүсийн амьдралын нийтлэг жишиг, одоогийнхны амьдралыг харьцуулж хараад байхад үнэхээр ийм өөрчлөлтүүд гарч байгаа. Харин ийм өөрчлөлт гарч байгааг юугаар батлах юм гэж та асууж магадгүй. Тэгвэл Forbes-ийн судлаачдын татсан жишээ, тоо баримтыг сонирхоод үз.

Хуучны үед Америкт залуус ажил хийж байр сууриа олмогцоо аль болох хотын захад байшин авахыг эрмэлздэг байсан бол өнөө үед хотын төв рүүгээр хошуурах болж. 2000 оноос хойш дээд боловсролтой 25-34 насны залуусын дунд хотын төвөөс 3 милийн дотогш амьдрах нь 37 хувиар нэмэгджээ. Мэдээж хотын төвийн байр өндөр үнэтэй тул худалдаж авахаас илүүтэй түрээслэх нь түгээмэл болж.

Хуучны болон орчин үеийн гэр бүлийн харилцаа ч асар том өөрчлөлтөд орж байна. 1960-аад оны үед эмэгтэйчүүдийн гэрлэх дундаж нас 20, эрчүүдийнх 22 байлаа.  Харин өнөө үед эмэгтэйчүүд дунджаар 27-тойдоо, эрчүүд 29-тэйдөө гэрлэдэг болж. Оройтож гэрлэх чиг хандлага цаашид ч үргэлжилсээр байх төлөвтэй.

Өнөө үед бүсгүйчүүд эдийн засаг, нийгмийн хувьд биеэ дааж, боловсрол, ажлын карьертаа анхаардаг болсон нь гэр бүлийн амьдрал, цаашилбал нийгмийг тэр чигээр нь өөрчилж байна. Эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт жил ирэх тусам нэмэгдсээр, харин эрчүүд байр сууриа алдах хандлагатай болоод байна. Өнөө үед 30 орчим насны өндөр боловсролтой эмэгтэйчүүдийн хувьд сурах зүйлээ сурч боловсорсны дараа карьераа өсгөхөөр идэвхтэй ажиллаж, хажуугаар нь гэр бүлийн амьдралаа зохиож, үр хүүхэдтэй болно гэсэн нийтлэг замыг туулдаг болжээ. Гэр бүлийн амьдрал зохиохгүйгээр үр хүүхэдтэй болох нь ч түгээмэл үзэгдэл. Өнөөдөр Америкт шинээр мэндэлж буй хүүхдүүдийн 40 хувь нь албан ёсны гэрлэлтээс гадуур бүртгэгдэж байгаа юм.

Хуучнаар бол гэр бүлтэй, хүүхдүүд нь томорсон, бүх амьдрал нь харьцангуй тайван тогтвортой болчихсон байдаг энэ үеийг одоогийнхон амьдралаа өөрчлөх, өөрийгөө шинэчлэх, жинхэнэ өөрийн хүслээр амьдрах сүүлчийн боломж гэж хардаг болжээ.

Нэгэнт 30, 40 насны эргүүлэгт ийм өөрчлөлт гарч байгаа учир 50 насанд үзэж туулах амьдрал ч өөрчлөгдөж таарна. Дуучин Брюс Спрингстиний нэгэн дуунд өгүүлдэгчлэн “Надад одоо цагаас минь өөр юу ч  алга, уучлаарай. Гэтэл би бараг л 50 хүрчихлээ” гэж хэлэхээр амьдралтай хүмүүс олон болж байна. Хуучнаар бол гэр бүлтэй, хүүхдүүд нь томорсон, бүх амьдрал нь харьцангуй тайван тогтвортой болчихсон байдаг энэ үеийг одоогийнхон амьдралаа өөрчлөх, өөрийгөө шинэчлэх, жинхэнэ өөрийн хүслээр амьдрах сүүлчийн боломж гэж хардаг болжээ.

Ер нь, 30, 40, 50 насны босго гэдэг бол хүн өөрийгөө шинээр нээдэг, тодорхой хэмжээнд амьдралыг ухаардаг “эргэлтийн” гэмээр цаг үе байдаг. Эдгээр онцгой үед танд юу байгаа, та юунд хүрсэн, юу ойлгож ухаарсан зэрэг нь цаашид амьдралаа хааш хөтлөх, хүсэл мөрөөдөл, зорилго зорилтдоо хүрч чадах уу, амьдралаа үнэ цэнэтэй болгон өөрчилж чадах уу гэдгийг тодорхойлдог. Нийгэм цаг үе хувьсан өөрчлөгдөж, эдгээр үед юутай болсон байх ёстой тухай нийтлэг ойлголт өөрчлөгдсөн ч энэ л үед амьдралаа өөрчлөх, сайжруулах, ахиц дэвшил гаргах тухай боддог эргэлтийн үе гэдэг нь дамжиггүй.

Б.Номун

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.