Дугуй цагаан орчмыг байгалийн материалаар тохижуулна

2022-06-28 Нийслэл

Богдхан уулын бэл дэх Дугуй цагаан орчмыг “Creative 100” хотыг бүтээлчээр хөгжүүлэх залуусын хөдөлгөөнтэй хамтран тохижуулах юм.

Тус хөдөлгөөний залуус долоо хоногийн турш иргэдээс судалгаа, санал авч, түүндээ үндэслэн зураг төслийг гаргажээ. Дархан цаазат газрын угтах хэсэгт харуулын байр, нийтийн ариун цэврийн өрөө, гудамжны хоолоор үйлчлэх боломжтой талбай гээд томоохон тохижилтыг хийх бөгөөд наймдугаар сардаа багтаан дуусгахаар ажиллаж байгаа аж.

Архитектор Б.Батсайхан “Ар Зайсангийн гудамжнаас Дугуй цагаан хүртэлх амралт, аяллын жим, аяллын жим дагасан амралтын цэг гэсэн дөрвөн км урттай газрыг тохижуулах ажлыг хийж байна. Дархан цаазат газрыг байгалийн хэв шинж, төлөв байдал, хөрс, ус, ургамал, амьтны аймгийн онцлог, хүний үйл ажиллагаанд өртөх байдал зэргийг харгалзан онгон, хамгаалалтын, хязгаарлалтын бүс гэж хуваадаг. Онгон бүсэд ямар ч үйл ажиллагаа явуулахгүй байхаар хуульчилсан байдаг. Харин хамгаалалтын болон хязгаарлалтын бүсэд хууль зөрчихгүйгээр үйл ажиллагаа явуулж болдог. Ер нь бол тусгай хамгаалалттай газрын тохижилт хот, хотхон  доторх тохижилтоос ялгаатай. Хотын даргын зүгээс Дархан цаазат газрын тохижилтын талаарх саналыг иргэдээс авах, залуусын хүч хөдөлмөрөөр хийх  санал гаргаж, бид энэ дагуу ажиллаж байна. Дугуй цагаан орчмын тохижилтод АНУ, Австрали зэрэг орны тусгай хамгаалалттай газрын концепцийг барих юм уу, эсвэл Зүүн Өмнөд Ази чиглэлийн концепцийг  барих уу, өөрийнхөө улсын хуулийн дагуу тохижуулах уу гэхчлэн шийдэх асуудал олон байсан. Хууль тогтоомжийн хүрээнд байгалийн материал ашиглан тохижуулах нь зүйтэй гэдэгтэй санал нэгдсэн. Амралтын цэгүүд болоод ариун цэврийн өрөөний асуудлыг хүмүүс их хөнддөг. Гэвч тусгай хамгаалалттай бүсэд, тэр дундаа Дархан цаазат газарт нийтийн бие засах газар байгуулах боломжгүй. Тиймээс угтах хэсэгт шийдэж өгсөн. Цаашдаа Туул гол дагасан таван байршилд байгуулах цэцэрлэгт хүрээлэнд бол хүүхдийн тоглоомын талбайгаас эхлээд хэрэгцээт тохижилтыг хийх боломжтой” гэлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.