Үдээс өмнөх чуулганы хуралдаан түр завсарлав

2017-06-9 Парламент

УИХ-ын чуулганаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, батлав.

Тус хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийхэд нэр бүхий гишүүдээс багагүй шүүмжлэл болоод тодруулах асуудал гарч байсан юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Хүчний байгууллагын суурь хуулийг бид нэлээд өөрчиллөө. Хэрэгжээд ирэхээр учир дутагдалтай асуудал гарах юм бол нэн яаралтай өөрчлөх ёстой. Тэгэхгүй бол хүний эрхийн асуудал хөндөгдөнө шүү. “За болно доо” гэдэг нэг зан байх юм. Энэ чинь болохгүй шүү дээ” гэдгийг анхааруулж байлаа.

Харин УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага маань хууль сахиулах байгууллага уу, цэргийн байгууллага уу? Үнэхээр хууль сахиулах байгууллага бол байгуулсан шиг байгуулаад хөгжлийн чиг хандлагыг зөв гаргаж өгөх ёстой. Гэтэл өнөөдөр эрх зүйн шинэчлэл хийж чадсангүй. Хууль зүй, дотоод хэргийн яам ямар бодлогоор оруулж ирээд байгааг ойлгохгүй байна” хэмээв. Түүний асуултад салбарын сайд С.Бямбацогт “Хууль сахиулах байгууллага. Гэхдээ төрийн тусгайлсан чиг үүрэг гүйцэтгэдэг учраас цэргийн цол өгөхөөс өөр аргагүй. Цэргийн цол өгөхгүй гээд хууль сахиулах цол, цагдаагийн цол оруулаад ирэхээр шүүмжлэл дагуулаад байдаг. Тиймээс өнөөдөр байгаа боломж, нийгмийн сэтгэл зүйд тохируулаад оруулж ирсэн. Хийхээр хэцүү, хийгүй байхаар хэцүү нөхцөл байдал дунд бид ажиллаж байна” гэдгийг тодруулсан.

Ийнхүү ямартай ч тус хуулийн төслийг баталж, УИХ-ын чуулганы баасан гаригийн үдээс өмнөх хуралдаан түр завсарлаж байна. Үдээс хойш 15.00 цагаас үргэлжлүүлэх хуралдана.

О.МӨРӨН

Өнөөдрийн онч үг

16 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.