Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Ц.Хатанбаатартай ярилцлаа.
-Сургууль, цэцэрлэгүүд танхимаар хичээллэж эхлээд байна. Сургуулийн орчинд хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал ямар байгаа вэ. Мөн цагдаагийн байгууллагаас хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх ямар, ажил, арга хэмжээ зохион байгуулан ажиллаж байна вэ?
-Сургуулийн орчинд 2021 онд 42 гэмт хэрэг, 47 зөрчил бүртгэгдсэн. Үүнээс ерөнхий боловсролын сургууль орчинд 26 гэмт хэрэг, 42 зөрчил, 2022 оны эхний 1 сарын байдлаар 14 гэмт хэрэг, 8 зөрчил бүртгэгдсэнээс ерөнхий боловсролын сургуулийн орчинд 8 гэмт хэрэг, 6 зөрчил бүртгэгдсэн байна.
Сурагчдын хичээл танхимаар орж байгаатай холбогдуулан сургуулийн орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлөөс хүүхдийг урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн байгууллагаас “Хүүхэд хамгаалал” ерөнхий чиглэлийн хүрээнд насанд хүрээгүй хүүхдийг гэмт хэрэг зөрчилд өртөж хохирох, холбогдохоос урьдчилан сэргийлэх, сургуулийн орчинд үйлдэгдэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд, сургуулийн нийгмийн ажилтан, эцэг эх, асран хамгаалагч, багш ажилчидтай хамтран гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг нутаг дэвсгэрийн онцлогт тохируулан зохион байгуулж байна.
Эцэг эх, асран хамгаалагч, багш, ажилчдыг чадавхжуулах, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор прокурорын байгууллагатай хамтран сургалт зохион байгуулах, байгууллагын цахим хуудсанд хүүхэд хамгааллын чиглэлээр сургалтын материал боловсруулан байршуулах, гарын авлага бэлтгэн тараах, аймаг, дүүргийн “Хүүхэд хамгааллын хамтарсан баг”-ийн зөвлөгөөнд “Хүүхэд хамгааллын өнөөгийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудал” сэдвээр мэдээлэл хийж цаашид хэрэгжүүлэх ажил арга хэмжээний санал, солилцох, бусад мэргэжлийн байгууллагатай хамтран сургуулийн орчин, гудамж талбайн аюулгүй байдлыг хангах, хүүхдэд эрсдэл учруулж болзошгүй нөхцөл байдлыг бууруулах чиглэлээр үзлэг шалгалт хийх, мөн сурагчдын онцлогт тохируулан бага, дунд, ахлах ангийн сурагчдад тодорхой сэдвүүдээр сургалт зохион байгуулах, сургуулийн орчинд үйлдэгддэг гэмт хэрэг зөрчлийн талаар сурагчдаас санал, хүсэлт мэдээлэл авах хайрцаг байршуулах, хүүхдийн эрх зөрчигдөж байгаа, хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдэгдсэн тохиолдолд хандах утасны дугаар бүхий мэдээлэл байршуулах зэрэг ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна.
Түүнчлэн хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор сургуулийн орчинд эцэг эхчүүдтэй хамтран “School police” ажиллуулах, хүүхдийг явган хүний гарцаар гарах зөв дадал эзэмшүүлэх зэрэг сургалтыг зохион байгуулж байна.
Эцэг эхчүүд бага насны хүүхдийг гэр ойрхон, хүргэх хүнгүй ажилтай гэх шалтгаанаар ганцааранг нь явуулснаас, гэмт хэрэг, осолд өртөх, төөрөх зэрэг эрсдэлд оруулдаг. Гараас гарт хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
-Цагдаагийн байгууллагаас сургуулийн эргүүл, өсвөрийн сэргийлэгч бүлгэмүүдэд хэрхэн мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна вэ?
-Сургуулийн эргүүл бол хичээл эхлэхээс тарах хүртэл тухайн сургуулийн гарц, эрсдэлтэй гэж үзсэн цэгүүдэд хяналт тавьж ажиллахаар эцэг эхчүүд эргүүлд ажилладаг. Нийслэлийн хэмжээнд хэрэгжээд хэвшсэн, аймгууд ч мөн зохион байгуулаад эхэлсэн.
Эцэг эхчүүдийг эргүүл хийж байх явцад тухайн баг, хорооны хэсгийн байцаагч, хүүхдийн асуудал хариуцсан алба хаагчид маань тухайн хоногт үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчил, тухайн сургуулийн орчинд гэмт хэрэг, зөрчил бүртгэгдсэн бол танилцуулж түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.
-Сүүлийн хоёр жилийн хугацаанд хүүхдүүд хичээлдээ цахимаар хамрагдсан. Хүүхдүүдийн цахим хэрэглээ ч тэр хирээр нэмэгдсэн. Тэгвэл эцэг эхчүүд хүүхдийнхээ цахим хэрэглээнд хэрхэн хяналт тавьж гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх вэ?
-Насанд хүрээгүй хүүхдийг цахим халдлагад өртөхөөс урьдчилан сэргийлэх талаар ярьдаг ч “Ковид-19” цар тахлын улмаас хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбогдуулан хичээл сургалтууд цахимаар орох болсноор хүүхдэд зайлшгүй цахим хаяг нээх шаардлага гарсан. Эцэг эхчүүд цахим халдлагад хүүхдээ өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор анх хаяг нээж өгөхдөө гэр бүл, найзын хүрээнд ашиглахаар тохиргоо хийж өгөх, тохиргоо хийлгүй нээсэн цахим хаягт нь ийм тохиргоог заавал хийж, цахим хэрэглээнд нь давхар хяналт тавих хэрэгтэй.
Түүнчлэн танихгүй хүнээс ирсэн найзын хүсэлтийг авахгүй байх гэх мэт зүйлсийг хэлж ойлгуулах хэрэгтэй. Үүнээс гадна эцэг эхчүүд хүүхдийг буруу зүйлд уруу татсан бичлэг, зургийг www.ekids.mn веб сайтын зөрчил мэдээлэх гэсэн цонхонд мэдээлж тухайн зураг, бичлэгийг устгуулах боломжтой.
-Хүүхдүүд цахим орчинд гадуурхал, дарамтад өртөх, гэмт хэргийн хохирогч болох тохиолдлууд цөөнгүй бий. Энэ чиглэлээр цагдаагийн байгууллагаас урьдчилан сэргийлэх хяналт зохицуулалтыг хэрхэн хийдэг вэ?
-Хүүхэд хамгааллын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт Харилцаа холбооны зохицуулах хороо, цагдаагийн төв байгууллага хүүхдийн хөгжил, эрүүл мэнд, хүмүүжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэхүйц тоглоом, ном, урлагийн бүтээл, мэдээ, мэдээлэл, зар сурталчилгаа, цахим сүлжээнээс хүүхдийг хамгаалах талаар зөвлөмж, зааварчилгааг олон нийтэд тогтмол мэдээлж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллана гэж заасан.
Тус чиг үүргийн хүрээнд дээрх 2 байгууллага судалгаа шинжилгээ хийх, мэдлэг мэдээлэл түгээх, зохисгүй агуулга бүхий контентоос хамгаалах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, технологийн зохицуулалт хийх чиглэлээр хамтран ажилладаг.
Түүнчлэн урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд цахим орчны хүүхэд хамгаалал чиглэлээр төрөлд бүрийн арга хэмжээг хэрэгжүүлж байна. Тухайлбал: www.ekids.mn веб сайтыг хүүхэд залуучууд, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчдэд зориулан ажиллуулж ирсэн. Цахим орчны хүүхэд хамгааллын www.ekids.mn веб сайт дээр хүүхдийн насны хязгаараар гаргасан цахим орчны зөвлөмж, мөн эцэг эхчүүд болон багш нарт зориулсан цахим орчны төрөл бүрийн зөвлөмжүүд байдаг тул энэхүү сайтад хандан мэдээллийг авах боломжтой. Ялангуяа хүүхдүүдийн хэрэглээ болсон “TikTok”, “Youtube”, “Instragram” зэрэг аппликейшн, мөн “Minecraft”, “PUBG” зэрэг тоглоомд юуг анхаарах тухай заасан сургалтын постеруудаас мэдээлэл авах боломжтой юм.
-Ярилцсанд баярлалаа.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.