Зөвшөөрлийг хүчингүй болгосон ч 2-4 бичиг баримт бүрдүүлнэ

2022-01-3 Нийслэл

Хотын дарга Д.Сумъяабазар авлигыг “цэцэглүүлэгч” зөвшөөрлийн асуудлыг цэгцлэх шийдвэр гаргасан. Тодруулбал энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн худалдаа, хоол үйлдвэрлэл, ахуйн үйлчилгээ, авто үйлчилгээ, зочлох үйлчилгээ зэрэг 74 чиглэлийн үйл ажиллагааа явуулахад ямар нэг зөвшөөрөл авах шаардлагагүй болж байна. Өөрөөр хэлбэл, зөвхөн татварын албанд бүртгүүлсний үндсэн дээр үйл ажиллагаагаа чөлөөтэй эрхлэх боломжтойг дуулгасан. Энэ нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжсэн бодит шийдвэр болно гэдэгт иргэд хүлээлттэй байна.

Худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа нийт 18664 аж ахуйн нэгж байгууллага жилд дунджаар 7-12 бичиг баримт хөөцөлддөг. Энэ бичиг хэргийн зардлыг тооцоход жилд 191 сая төгрөг зарцуулдаг аж.

Дээрх шийдвэр гарснаар нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй 18664 иргэн, аж ахуйн нэгж байгууллага жил бүр зөвшөөрлөө сунгуулах шаардлагагүй болж байна.

Худалдааны салбарт хамаарах хүнсний дэлгүүр, ТҮЦ, минимаркет, супермаркет, хайпермаркет, мухлаг, төрөлжсөн барааны дэлгүүр зэрэг 18 төрлийн үйлчилгээг эрхлэхийн тулд иргэд  өмнө нь:

  • Харьяа цагдаагийн хэлтсээс теле камер, гэрэлтүүлэгийн тодорхойлолт
  • Ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт
  • Хог тээврийн гэрээ
  • Татварын тодорхойлолт
  • Хорооны Засаг даргатай хийсэн “Тохижилт цэвэрлэгээний гэрээ”-ний хуулбар
  • Мэргэжлийн хяналтын байгууллагын улсын байцаагчийн дүгнэлт зэрэг бичиг баримтыг шаарддаг байв.

Тэгвэл ОДОО:

  • Ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт,
  • Хог тээврийн гэрээ,
  • Камер суурилуулсан талаарх Цагдаагийн байгууллагын санал,
  • Мэргэжлийн хяналтын мэдээллийн санд бүртгүүлсэн хуудас зэргийг шаардаж байна.

Хоол үйлдвэрлэлийн салбарт  ресторан, баар, караоке, кафе, хүргэлтийн хоолны үйлчилгээ зэрэг 14 төрлийн үйлчилгээ хамаарна. Ингэхдээ үйл ажиллагаа явуулахын тулд өмнө нь :

  • Аж ахуйн нэгжийн  улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Мэргэжлийн хяналтын газраас тухайн үйлчилгээний чиглэлээр ажлын байрандаа гаргуулсан улсын байцаагчийн болон ажлын байрны дүгнэлт,
  • Хог тээврийн гэрээ,
  • Татварын тодорхойлолт,
  • Архи тамхины тусгай зөвшөөрөл,
  • Худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээний стандартын шаардлагыг дүгнэсэн стандартын хуудасны хуулбар,
  • Тухайн дүүргийн Худалдаа, үйлчилгээний хэлтэстэй хийсэн гэрээний хуулбар
  • Тухайн ажлын байранд гарсан онцгой байдлын газрын галын дүгнэлт зэргийг  бүрдүүлдэг байсан.

Тэгвэл ОДОО:

  • Галын аюулгүй байдлын дүгнэлт,
  • Хог тээврийн гэрээ,
  • Камер суурилуулсан талаарх Цагдаагийн байгууллагын санал,
  • Мэргэжлийн хяналтын мэдээллийн санд бүртгүүлсэн байх зэрэг бичиг баримтыг шаардаж байна.

Энд нэг зүйлийг онцлоход, согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг хуулиар зохицуулдаг учраас баар, ресторан, караоке зэрэг үйлчилгээний байгууллагууд тусгай зөвшөөрөл заавал авна. Харин үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл шаардагдахгүй бөгөөд дээрх дөрвөн баримт бичгийг бүрдүүлэх юм.

Ахуйн үйлчилгээний салбарт үсчин, гоо засал, хумс засал, хувцас захиалга засвар, гутал засвар, цүнх засвар, хими цэвэрлэгээ зэрэг 17 төрөл хамаарч байна. Ингэхдээ үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулахын тулд иргэд өмнө нь:

  • Галын аюулгүй байдлын дүгнэлт,
  • Хог тээврийн гэрээ,
  • Мэргэжлийн хяналтын байгууллагын улсын байцаагчийн дүгнэлт,
  • Татварын тодорхойлолт,
  • Үйлчилгээний стандартын шаардлагыг дүгнэсэн стандартын хуудасны хуулбарыг бүрдүүлдэг байв.

Тэгвэл ОДОО:

  • Галын аюулгүй байдын дүгнэлт,
  • Хог тээврийн гэрээ зэрэг бичиг баримтыг бүрдүүлнэ.

Зочлох үйлчилгээний салбарт зочид буудал, дэн буудал, жуулчны бааз, амралтын газар, гэр буудал хамаарна. Ингэхдээ өмнө:

  • Галын аюулгүй байдлын дүгнэлт,
  • Зөвшөөрөл хүссэн албан байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар,
  • Дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх гэрчилгээний эх хуулбар,
  • Улсын комиссын акт,
  • Мэргэжлийн хяналтын барилгын байцаагчийн дүгнэлт,
  • Дэн буудлын хувьд нийтийн орон сууцанд үйл ажиллгаа явуулах гэж байгаа бол тухайн байрны СӨХ- өөс дэмжсэн бичиг, тухайн байрны оршин суугчдын үйл ажиллгаа явуулахад зөвшөөрөсөн гэсэн гарын үсэг
  • Харин жуулчны бааз, амралтын газар тухайн оршин байгаа газрынхаа газрын зөвшөөрлийн гэрчилгээ, гэрээ, кадастрын зураг,
  • Тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулж байгаа бол газар ашиглах гурвалсан гэрээг шаарддаг байв.

Тэгвэл ОДОО:

  • Галын аюулгүй байдлын дүгнэлт,
  • Хог тээврийн гэрээ
  • Камер суурилуулсан талаар Цагдаагийн байгууллагын саналыг шаардана.

Хотын даргын Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ “Ресторан ажиллуулахын тулд есөн төрлийн бичиг баримт бүрдүүлдэг. Нэг төрлийн бичиг баримтыг нэг байгууллагаас авах гэж очиход тухайн байгууллагын дүрэм журамд нийцүүлэн хөөцөлдөх гэхэд задраад 4-5 бичиг баримт, гарын үсэг  болчихдог. Гарын үсэг болгоны цаана цаг хугацаа, хүнд суртал, шат дамжлага байдаг. Явсаар байгаад есөн бичиг баримт нь 30 болдог. Таван байгууллагаар орох болдог. Энэ бүхэн энэ оны  нэгдүгээр сарын 1-нээс байхгүй болж байна.  Улсын хэмжээнд 800 гаруй хууль, 6602 стандарт, мөн олон тооны техникийн зохицуулалт, дүрэм, журмууд мөрдөгдөж байна. Тэгэхээр бид хууль тогтоомж, стандарт, шаардлагын биелэлтэд хяналт тавьдгаараа л тавина.

Харин ажлын арга барилын хувьд илүү зөвлөн туслах, мэргэжил арга зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэхэд анхаарч ажиллана. Түрүүний хэлсэнчлэн хаа, хамаагүй биш, стандарт, шаардлагуудад хаана худалдаа, үйлчилгээ, хоол үйлдвэрлэл явуулахыг зөвшөөрсөн, ямар шаардлага тавигдаж байна, иргэд, аж ахуйн нэгжүүд  тэдгээр стандарт шаардлагуудаа мөрдөж, төрөөс олгож буй боломжийг бүрэн дүүрэн ашиглаад хамтдаа хөгжмөөр байна. Хоёр талдаа гараад өрсөлдөх, тэмцэх биш, харин төр нь аж ахуйн нэгж, иргэдээ дэмжсэн шиг дэмжиж, аж ахуйн нэгж, иргэд нь хууль тогтоомж, стандартаа сайн биелүүлдэг ойлголцол, хамтын ажиллагаа маш чухал” гэдгийг онцлов.

Өнөөдрийн онч үг

17 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.