Нэмэлт орлоготой болмоор байна уу

2024-05-17 Подкаст

Жолооч Танд санаа өгөх бизнес зөвлөгөө хүргэж байна. Магадгүй багахан санааг баяжуулан бизнесийн томоохон боломжийг нээхийг үгүйсгэхгүй шүү дээ. Хорвоо ертөнцөөр дүүрэн шинэ санаа оюун тархинд булаатай хэвтэж байна. Гагцхүү түүнийг нээн илрүүлэхийн тулд уйгагүй зүтгэл хэрэгтэй. Мөн зөв маркетинг хамгаас чухал. Танд амжилт хүсье.


Эцэг, эхэд ээлтэй бизнес

Ажлын их ачааллын хажуугаар хүүхдээ сургууль, цэцэрлэгээс нь зөөнө гэдэг амаргүй. Цаг хугацаа гарздана. Унаагүй бол таксины мөнгөнд хамаг “цаас”-аа урсгачихна. Тиймээс хүүхдийг нь сургууль, цэцэрлэгээс аваад гэрт нь хүргээд өгчих ачтай буянтай хүмүүсийг эцэг, эхчүүд байнга санагалзаж байдаг гэдгийг мартаж болохгүй. Тэгвэл такси эрхлэгч эмэгтэйчүүд нэгдэж, нэгдсэн мэдээллийн сан үүсгэх замаар хүүхэд сургууль, цэцэрлэгээс нь тээвэрлэх үйлчилгээг үзүүлж болно. Яагаад заавал мэдээллийн сан үүсгэх, тэр тусмаа эмэгтэй жолооч нар нэгдэх ёстой гэж… Шалтгаан нь эцэг, эхчүүд найдвартай хэн нэгэнд л хүүхдээ даатгаж чадна. Харин энэ итгэлийг бий болгохын тулд хамтран нэгдсэн, бичиг баримтын хувьд итгэл даах баг шаардлагатай. Тухайлбал, 20 хүний бүрэлдэхүүнтэй жолооч нарын баг үүсгэлээ гэхэд сургууль, цэцэрлэг цуглах, тарах үеэр радио станцаар холбогдож хамгийн ойр явж байгаа газрынхаа хүүхдүүдийг тээвэрлэж хүргэх хуваарийн зохицуулалт хийж болно. Тогоонд нь чанагдаж байгаа жолооч нарын хувьд энэхүү санааг улам баяжуулж, амжилттай бизнес болгож хөгжүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

Судалгаа авч орлогоо өсгөе

Бизнесийн ширүүн өрсөлдөөн дунд хэрэглэгчийнхээ хүсэл сонирхлыг тандана гэдэг том давуу тал. Тэгвэл уг өрсөлдөөнд туслагч нь такси үйлчилгээ эрхлэгч та байж болно. Зөвхөн бизнес гэлтгүй статистик тоо баримт цуглуулах, олон нийтийн дунд санал асуулга явуулах зэрэг олон шаардлагын улмаас санал асуулга авах хэрэгтэй болдог. Яг үүнтэй уялдаад жолооч нар нэгдэж зорчигч нараасаа санал асуулга авах ажлыг тодорхой төлбөртэйгөөр гүйцэтгэх боломжтой. Айлын хаалга тогшиж, эсвэл гудамжинд явж байгаа хүний өмнүүр хөндөлсөж санал асуулга авахад дургүйцэх, зарим нь төвөгшөөж буруу зөрүү бөглөсөн болоод өгдөг. Харин таксинд яваа зорчигч жолоочийн хүссэн ганц саналын хуудсыг тухтай нь аргагүй бөглөөд өгөх боломжтой. Үр дүн нь ч бодитой гарах биз ээ.

Бараа хүргээд мөнгөө арвижуулаарай

Сүүлийн жилүүдэд утас, интернэтээр захиалга өгч, гэртээ бараа бүтээгдэхүүнээ үнэгүй хүргүүлж авах явдал нэмэгдсэн. Ялангуяа, тогтмол хэрэглээ болсон бараа бүтээгдэхүүнийг үнэгүй хүргүүлэх нь түгээмэл байдаг. Тухайлбал, жирэмсэн болон бага насны хүүхэдтэй эхчүүдийн хувьд живх, хүүхдийн хэрэглэж дадсан бусад хэрэглээний зүйлсийг үнэгүй хүргүүлж авах сонирхолтой байдаг. Нэгдүгээрт энэ нь хүүхдээ аваад гадагш гарах боломж хомс. Нөгөөтэйгүүр, живх зэрэг байнга хэрэглэж дадсан бүтээгдэхүүнүүдийг заавал дэлгүүр орж сонгох шаардлагагүй, шууд л захиалаад хүргүүлчихвэл амар байдаг. Тэгвэл эрхэм такси үйлчилгээ эрхлэгчид зарим компанитай хамтарч бүтээгдэхүүн хүргэлтийн үйлчилгээг хийж болно. Ингэхдээ мөн л 20-30 зэргээр бүлэг үүсгэж, такси бүртээ тухайн бүтээгдэхүүнээс нөөцөлнө. Ингээд цаад компани захиалга хүлээн авч такси эрхлэгч нар руу мэдээлэл дамжуулахад хамгийн ойрхон яваа жолооч бүтээгдэхүүнийг шуурхай хүргэх хэлбэрээр хамтарч ажиллаж болох юм.

“Явдаг” сурталчилгаа

Таксинд сурталчилгаа байршуулах нь бараа бүтээгдэхүүнээ хүмүүст таниулах ихээхэн оновчтой хэлбэр хэмээн маркетингийн судлаачид үздэг байна. Манайхан энэ аргыг хэрэгжүүлэхэд болохгүй зүйлгүй. Арын суудал дээр тухалсан зорчигчид бүтээгдэхүүний мэдээлэл агуулсан сэтгүүл санал болгож, мөн жижиг дэлгэцээр 5-10 минутын танилцуулга видео явуулахад тов хийсэн мэдээлэлтэй болоод буучихна. Өнөө цагт технологи хурдацтай хөгжиж телевизийн нэвтрүүлгээ нөхөөд үзчихдэг болсон. Ингэснээр үйлчилгээ эрхлэгчид бүтээгдэхүүний сурталчилгаагаа хэрэглэгч нарт заавал үзүүлэх арга хэрэгслийг эрэлхийлж байна. Тухайлбал, лифтийн дэлгэцээр рекламаа цацсанаар хүн зорчих хугацаандаа рекламыг нь зайлшгүй үзнэ хэмээн тооцож байна. Үүнтэй адил такси үйлчилгээ эрхлэгчид мөн давуу боломжоо ашиглах хэрэгтэй.

Ц.Хулангоо

Өнөөдрийн онч үг

7 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.