НЗДТГ, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн хамтран зохион байгуулж буй “Монголын эртний хотууд агаарын зурагт” үзэсгэлэн Монголын Үндэсний музед үргэлжилж байна.
Энэхүү үзэсгэлэнд Хүннү гүрэн, Уйгурын хаант Улс, Хятад Улс болон Монголын эзэнт гүрний үед холбогдох 25 дурсгалт газрын агаарын зургийг танилцуулгын хамт хүргэж байна. Тухайлбал, Төв аймгийн Баянжаргалан сумын нутаг Хэрлэн голын баруун этгээдэд Цагаан арал хэмээх газар орших Гуа дов дурсгал, Улаанбаатар хотын Багануур дүүргийн нутаг дэвсгэрт хамаарах Хүрээт довын дурсгал болон бусад дурсгалт газрын зургийг тус үзэсгэлэнгээс харах боломжтой юм.
Түүнчлэн Монгол нутаг дахь эрт болон дундад үеийн хот суурингийн гэрэл зураг болон Улаанбаатар хот орчмын археологийн дурсгалуудын малтлага судалгааны урьдчилсан үр дүнгээс толилуулж байгаа юм. Тухайлбал, Улаанбаатар хотын Бэлхийн амны язгууртны булшны малтлага судалгаанаас илэрсэн ёслолын шүхэрт тэрэгний төмөр чимэглэл, хатирч буй морины дүрст хүрэл чимэг, Түргэний голын балгас буюу “Хар түнэ” ордны археологийн малтлага судалгааны хэрэглэгдэхүүн зэрэг 30 гаруй биет олдвор хэрэглэгдэхүүнийг олон нийтэд дэлгэн үзүүлж байна.
Монголын Үндэсний музейн захирал Л.Жаргал “Унгарын эрдэмтэд, Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэн хамтарч олон жил судалгаа хийсэн. Энэ судалгаанаас хот сууринуудын дээрээс авсан анхны гэрэл зургийн үзэсгэлэн гарч байна” хэмээн онцолсон юм.
Дашрамд дуулгахад, үзэсгэлэн энэ сарын 4-нийг хүртэл олон нийтийн хүртээл болно.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30423
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.