Ган, үер, халдварт өвчин, цаг уурын өөрчлөлт… Аягатай кофенд минь хүртэл нөлөөлөх асар том асуудлууд. Энэ л асуудлуудын үрээр бидний мэдэх кофены амт хүртэл өөрчлөгдөж мэдэх нь.
Кофе уунгаа мэдээ гарчиглаж суухад цаг уурын өөрчлөлт, дэлхийн дулаарал мэтийн асуудлууд алс холын л сонсогдож байгаа биз дээ. Тэгээд ч кофе ба цаг уур гэсэн тэс хөндлөн энэ хоёр сэдэв хоорондоо яаж холбогдох талаар төсөөлөх ч үгүй байна уу. Тэгэхээр ийм байна. Биднээс хэдэн мянган бээрийн зайтай кофены эх нутагт дээрх асуудлууд жинхэнэ толгойны өвчин болчихоод байгаа юм. Гэвч тэдний асуудал бидэнд ямар хамаатай юм гэж бодож байна уу. Хэрэв та кофе уудаг, уух дуртай, таны ердийн хүнсний хэрэглээний нэг мөн л бол энэ сэдвийг сонирхоход илүүдэхгүй. Учир нь, кофены ирээдүй, ирээдүйд ер нь кофе гэж байх үгүй нь энэ сэдэвтэй ихээхэн холбоотой юм. Магадгүй та өдөр тутам хүн төрөлхтөний уудаг хоёр тэрбум аяга кофенд өөрийн хувь нэмрээ оруулдаг л биз дээ.
Дэлхий дээр кофены хоёр гол төрөл бий. Үнэр амт сайтай Арабика кофе, хурц чанга талдаа Робуста кофе гэж. Зөөлөн бөгөөд амт үнэр сайтай учраас Арабика кофег дэлхий даяар түлхүү хэрэглэдэг. Өдгөө дэлхийн нийт кофе хэрэглээний 70 хувийг нь Арабика кофе эзэлж байна. Зөөлөн болохоороо ч тэр үү Арабика кофены тариалан цаг уурын маш тааламжтай нөхцөл шаарддаг ажээ. Арабика кофены ургамал нь 18-22 хэмийн халуунтай, байнга хур тунадас орж байдаг зөөлөн, дулаан уур амьсгалд л цэцэглэдэг гэнэ.
Тийм ч учраас арабика кофег газар бүр тариад байдаггүй. Дэлхий дээр цөөн хэдхэн оронд л тарьж байгаагийн нэг гол эх сурвалж нь Этиопын уулс аж. Гэвч дэлхийн цаг уурын өөрчлөлтийн нөлөөгөөр заримдаа газар тариаланд урьдчилан таамаглахын аргагүй нөхцөл байдал үүсдэг болсон. Харин энэ огцом өөрчлөлтөд арабика кофены ургамал огтхон ч дасан зохицож чадахгүй байгаа гэнэ. Кофены бүтэн жилийн тариалангийн ургац хэдхэн хоногоос л хамаардаг. Учир нь, кофены ургамал ердөө 48 цагийн дотор үр жимс нь гардаг аж. Харин тэр үед нь хүчтэй бороо орох юмуу салхи дэгдэх л юм бол ургацаа тэр чигээр нь алдах аюултай.
Хэрэв ийм сорт гаргаж чадаад, газар сайгүй тарьж чадвал кофе цаашид дэлхий нийтийн өргөн хэрэглээний нэг хэвээр үлдэх, үгүй бол тансаг хэрэглээ болон мөнгөтэй нэгний л уудаг ундаа болох хоёр сонголт л хүлээж байна.
Мексикийн Чиапас нутгийн кофе тариалагчидтай Калифорнийн их сургуулийн судлаач Элиза Франк уулзаж ярилцахад тэд амьдралдаа ингэж их бороо орж байхыг хараагүй хэмээн ам уралдан ярьжээ. Хуучин цагт зөөлөн шивэрч ордог байсан бороо өнөө цагт юм л бол хувингаар цутгах мэт хүчтэй орж, ургацыг нь юу юугүй цохих гээд байдаг болжээ. Энд бороо их орж, хэт чийгтэй байгаагаас кофены навч цагаасаа эрт унаж, ургацаа алдахад хүрч байгаа аж. Мексикийн тариаланчдын хувьд бороо ч ганц асуудал нь биш. Хар салхи, түүнийг дагасан үер, хөрсний нуралт гээд ер урьд үзээгүй байгалийн гамшиг тариаланг нь сүйтгэх болж. Агаарын хэм өсч байгаа хэрнээ хүчтэй бороо ордог болсон нь кофены ургацыг нь ганцхан хоногийн дотор сүйдэлчих жишээтэй. Мексикийн тариаланчдад ийм нэг зовлон нүүрлээд байгаа бол Өмнөд Америк, Ази, Африкийн тариаланчдын хувьд ган ганчиг, хортон шавж гэдэг хоёр том асуудал тулгарчээ.
Угандагийн тариалангийн талбайд гэхэд кофены ургамал үр жимс нь боловсрохоосоо өмнө халууныг тэсэлгүй хатаж хорчийдог болсон байна. Кофены ургамал нь цэцэглэж үрсэлсэн ч үр нь хувхайрч хорчийдог аж. Халууны зовлон дээр хортон шавжууд тариаланг идэж устгах нь бүр ихэсчээ. Хамгийн сүүлд 2013 онд Төв Африкийн тариалангийн талбайд хортон шавжууд их хэмжээгээр нүүрлэснээс ургацын 20 хувийг алдсан явдал ч гарсан.
Энэ мэт асуудлууд кофены нэг га-гаас авах ургацад үлэмж нөлөөлөх болжээ. 1960-аад оны үед Танзанид нэг га-гаас 500 кг кофены үр хураан авдаг байсан бол өнөөдөр 300 кг болтлоо буурчээ. Энэ байдлаар бол Арабика кофег ургуулахад тохиромжтой тариалангийн талбай 2050 он гэхэд 50 хувиар багасч, тэр хэрээр кофены ургац буурна гэсэн тооцоо хийгээд байна. Ялангуяа кофег ихээр тариалдаг Вьетнам, Энэтхэг, Төв Америкийн орнуудад энэ асуудал хурцаар тулгарах болжээ. Тэр үед кофены үнэ одоогийнхоос 25 хувиар өсч, тансаг хэрэглээ рүү дөхөж очно гэж судлаачид үзэж байна. Энэ олон саад бэрхшээлийг даван кофе тариалах нь ашиг авчрахгүй тул тариаланчид тарихад илүү хялбар, тэсвэртэй ургамал сонгох болно. Түүний нэг жишээ Төв Америкийн тариаланчид кофе ургуулахаа болиод оронд нь каучукны мод тарьдаг болжээ. Гэхдээ одоо хүртэл 25 сая хүний амь амьдрал кофены тариалангаас, энэ тариаланг хамгаалах ямар нэгэн аргыг судлаачид олж чадах эсэхээс хамаарч байгаа юм.
Харин тэр ямар нэгэн арга гэдэг нь халуун орны 2,2 сая га ой модыг тайрч, тариалангийн талбай болгохыг хэлж байгаа юм. Гэхдээ энэ нь эргээд байгаль орчноо их хэмжээгээр сүйдэлсэн хэрэг болно. Магадгүй түүний оронд Робуста кофег дэлхий нийтээр хэрэглэдэг болвол хүрээлэн буй орчиндоо хор хөнөөл багатай, тарьж ургуулахад ч илүү амар байж болох юм гэж судлаачид үзэж байна. Гэхдээ Арабикагаас Робуста руу огцом шилжүүлэхийн оронд энэ хоёр кофег хольж хосолмол амт гаргахаас гадна хамгийн гол нь байгаль цаг уурын хүнд нөхцөлд тэсвэртэйгээр ургадаг шинэ төрөл гаргах нь чухал гэж судлаачид үзэж байгаа аж. Кофены тариаланчид ийм шинэ сорт гаргахаар ажиллаж байгаа ч үр дүнд хүрэх эсэхээ мэдэхгүй байгаа гэнэ.
Хэрэв ийм сорт гаргаж чадаад, газар сайгүй тарьж чадвал кофе цаашид дэлхий нийтийн өргөн хэрэглээний нэг хэвээр үлдэх, үгүй бол тансаг хэрэглээ болон мөнгөтэй нэгний л уудаг ундаа болох хоёр сонголт л хүлээж байна.
Б.Номун
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30414
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.