Орчуулагч, нийтлэлч Д.Баярцэнгэл “Цус харвасны дараах нөхөн сэргээх эмчилгээний гарын авлага” сэдвийн дор ном гаргаад байна. Тэрбээр энэхүү номоо өөрийн биеэр туулсан зовлон жаргал дээр тулгуурлан бичжээ. Энэ ном нь олон хүний анхаарлыг татаж байгаа бөгөөд жирийн хүмүүст зориулсан цус харвах өвчний тухай цорын ганц ном болоод байгаа юм. Ингээд түүнтэй номынх нь тухай, цус харвалтын тухай ярилцлаа.
-Яагаад ийм ном бичих болсон бэ? Та эмч биш, инженер байх аа?
-Тийм ээ, инженер. Би 2012 онд цус харвасан юм. Тэр үед эмч нар өвчтөнийг эмнэлгээс гарахад нөхөн сэргээх эмчилгээний тухай хэлж өгдөггүй байсан, одоо ч гэсэн тэр хэвээрээ байдаг юм шиг байна лээ. Эмнэлгээс гараад цус харвалтын тухай ном хайлаа. Олсонгүй ээ. Эмнэлгийн хэллэгээр, эмчид зориулж бичсэн ганц л ном олсноос биш жирийн хүмүүст зориулсан монгол ном огт байдаггүй юм билээ. Тэр ч байтугай цус харвасан хүнд зориулсан ганц ч сайт байхгүй гээд бод доо.
Би өнгөрсөн хугацаанд цус харвасан хүмүүст зориулсан ном гарах бол уу гэж нэлээн хүлээсэн юм. Ганц нэг эмчид хэлж ч үзлээ. Байдаггүй шүү. Тэгээд мэргэжлийн эмч бичдэггүй юм бол өвчтөн өвчтөнүүддээ хандаж ном бичъе гэж шийдсэн хэрэг.
-Ийм ном бичихийн тулд ямар хугацаа зарцуулав?
-Жил гаран бичсэн. Ном бичихийн тулд цус харвах өвчний тухай сайтар уншиж судаллаа. Эмч нар, харвасан өвчтөн, ар гэрийнхэнтэй уулзаж ярилцлаа. Гадаадын олон өвчтөний цус харвасан тухайгаа, яаж эдгэсэн тухайгаа бичсэн номнуудыг уншлаа. Цус харвасан олон хүний ярилцлага үзлээ. Тэгээд л энэхүү номыг бичсэн юм. Хамгийн гол нь цус харвасан хүн нөхөн сэргээхийг дасгалыг оройтолгүй, цаг хугацаанд хийгээсэй гэж бичсэн юм аа.
Миний ном найман бүлэгтэй. Цус харвалтын тухай ойлголт өгөхөөс гадна харвасан хүнийг асрах тухай өгүүлнэ. Өвчтөн, түүний ар гэрийнхэнд хандсан бүлэг бий. Хэрхэн суух, босох, явах тухай болон яаж гараа ажилд оруулах тухай, хэлгүй болсон хүн хэрхэн хэлд орох, ой тогтоолтыг яаж сэргээх тухай өөрийн туршлага дээр тулгуурлан бичсэн. Эцэст нь нөхөн сэргээх нэг бүлэг дасгал оруулсан. Цус харвалт, түүний үр дагавар, олон янзын эмчилгээний арга барилыг нэг номонд багтааж чадахгүй нь мэдээж боловч зайлшгүй шаардлагатай гэж үзсэн мэдээллийг цэгцтэй, товч, тоймлон өгүүлэхийг зорьлоо. Энэ номноос олон асуултын хариулт олдоно.
-Дахиж харвалтын тухай ном бичих үү?
-Энэ номыг хэвлэхдээ дахиж харвалтын тухай ном бичих бодолгүй байсан юм. Ном худалдаанд гарсны дараа олон хүн сэтгэгдэл бичиж, олон хүн зөвлөлгөө авах болсон. Би эмч биш учраас мэдэх ч юм байна, мэдэхгүй ч юм зөндөө байна. Түүнээс гадна “Цус харвалт, чармайвал эдгэнэ” гэсэн фэйсвүүк групп нээгээд цус харвасан хүмүүстэй харилцаж байгаа. Дараагийн ном хүлээж байна ч гэсэн хүмүүс цөөнгүй байна. Тэнцвэрээ яаж олох вэ, хөлс гарахаар өөрөө их ядраад, арьс нь эмзэгшээд байх юм, гар хөлийн булчин чангараад явахад хэцүү болоод байна гэх мэтчилэн өчнөөн асуултууд ирж байх юм. Нийтлэг асуултанд хариулах маягаар эмчтэй хамтарч ном бичих санаа байна.
-Харвасан хүн нөхөн сэргээх эмчилгээг хэзээ эхлэх вэ?
-Цус харвасан хүнд цаг хугацаа нэн чухал. Үүнийг би өөрийн биеэр мэдэрсэн. Нөхөн сэргээх дасгалыг эрт эхэлж тууштай хийвэл эрт сайжирна. Оройтох тусам эдгэрэх хугацаа төдий чинээ урт болох юм. Ер нь хүмүүсийн цус харвах өвчний тухай ойлголт тун бага учраас бусад өвчний адилаар хэдэн сарын дараа гайгүй болчихно гэж найддаг. Би ч гэсэн харвасныхаа дараа 2-3 сар болоод ажилдаа орно доо гэж боддог байлаа. 9 жил болоход гүйцэд эдгээгүй л явна. ЦУС ХАРВАЛТ БОЛ УРТ УДААН ХУГАЦААНД ЭДГЭДЭГ ӨВЧИН гэдгийг санаж бай!!
Ийм учраас нөхөн сэргээх эмчилгээг харвалтын хурц үе өнгөрсөн даруйд эхлэнэ. Энэ нь харвалтын дараах эхний өдрүүдэд эхлэнэ гэсэн үг. Манайд эмч нар анхаарал тавьдаггүй, өвчтөнийг сахиж байгаа хүн нь мэддэггүй учраас эрт эхлэж чаддаггүй.
Тэр ч байтугай харвасан аавыгаа үүрч явсаар байгаад хэвтрийн хүн болгочихсон түүх бий.
Өвчтөн хамгийн эхлээд жижиг зүйлээс эхлэж, толгойг эргүүлэх, гар хөлөө хөдөлгөх, суух гэж оролдох зэргээр хөдлөх хэрэгтэй. Эмчтэй зөвлөж байгаад нөхөн сэргээх хөтөлбөрийг эрт эхэлж, гэртээ, аль эсвэл сувилалд үргэлжлүүлэн хийнэ. Харвалтын дараах өдөр бүхэн хийх энэ дасгал нь эдгэрэх зам руу хөтөлдөг.
-Нөхөн сэргээх үйл явцын эхний алхам юу байх ёстой вэ?
-Юуны өмнө зөв хэвтүүлэх буюу байрлалаар эмчлэхээс эхлэх хэрэгтэй. Энэ нь хөдөлгөөн хийх чадварыг сэргээж, булчингийн гэмтэл, агшилтаас урьдчилан сэргийлж, өвдөлтийг бууруулдаг. Бидний үед байрлалаар эмчлэх гэж мэддэггүй байлаа. Миний үеийн харвасан хүмүүсийн хөл, гар татанхай болсон нь байрлалаар эмчлэхэд анхаараагүй, мөчний уян хатан байдлыг хайхрахгүй орхисоны үр дүн юм аа. Одоо өөр болсон биз.
Зөв хэвтүүлэх үндсэн зарчим бол биеийн хоёр талд байрладаг гол гол цэгүүдийг (мөр, дал, аарцаг) аль болох тэгш хэмтэй байлгана. Голдуу хажуу талаар нь хэвтүүлнэ. Сул болсон гар, хөлийг орхиж болохгүй. Сул болсон мөчөө, ялангуяа гараа аль болох ашиглах зуршлыг хөгжүүлэх нь чухал юм.
-Эмчилгээний дасгал хийх үү?
-Хөдөлгөөний ур чадварыг сэргээж, хуучин хэвдээ орохын тулд эмчилгээний дасгалыг заавал хийх шаардлагатай. Тогтмол дасгал хийсний үр дүнд гар, шуу, хөлний агшсан булчингууд сунаж, суларсан булчин чангарч, хөдөлгөөний далайц нэмэгдэж, суух, босох тэнцвэр сайжирна. Тэнцвэрийг сэргээхийн тулд тэнцвэрийн дасгал, хөдөлгөөний эмгэгийн үед нөхөн сэргээх дасгал хийнэ. Эдгээр дасгалуудыг эмчээр заалгах хэрэгтэй бөгөөд хийж сурсны дараа гэртээ гарсны дараа үргэлжлүүлэн хийнэ. Хамгийн гол нь тогтмол хийх хэрэгтэй. Дор хаяж долоо хоногт 5-6 удаа, өдөрт 30-40 минут.
Энд нэг юм хэлье. Хатуу чанга байж өвчтөнийг хөдөлгөөн хийхийг шаардах явдал юм. Эхнэр нь нөхрөө, нөхөр нь эхнэрээ, дүү нь ахыгаа өрөвдөн хайрлаж дасгал хийлгэхгүй байж болно л доо. Тэгээд бүх насаараа асаргааны хүнийг авч явах хэрэг үү? Өвчтөн та ч гэсэн боломж байтал өрөвдөлтэй, арчилгаа шаардсан амьтан болж, нийгмээс тусгаарлагдан гэрийн мухар сахих хэрэг байна уу? Бодох л асуудал.
-Харвасан хүнд хөдөлгөөний идэвхийг яаж сонгох вэ?
-Хөдөлгөөн хязгаарлалтаас үл хамааран хөдлөх хэрэгтэй. Хүн бүхэнд цус харвалт өөр өөрөөр явагдана. Хэрэв хөл, гарны үйл ажиллагаа алдагдаагүй бол аль болох хурдан босоод хөдөлж эхлэ! Эмчилгээний дасгал хий, шатаар өгсөж урууд, гудамжаар алх, цэцэрлэгт зугаал, ач зээтэйгээ тогло. Танд таалагддаг аливаа хөдөлгөөнийг хий – зүгээр л өдөр бүр хөдлөх үүрэг өөртөө тавь.
Хэрэв мөч сул, тэхдээ ажилладаг бол та алхаж болно, алхаж чадахгүй бол гүйлтийн зам дээр алхах дасгал хийж болно, усан санд сэлж, гимнастик хийж, йогоор хичээллэж, бүжиглэх хэрэгтэй.
Өвчтөн хэвтрийн бол, эсвэл тэргэнцэр дээр сууж байсан ч гэсэн тэр хөдөлж чаддаг бол хүч чадлын дасгал, сунгалтын дасгал хийж болно.
Хөдөлгөөн, хөдөлгөөн, бас дахин хөдөлгөөн хийж байж эдгэнэ.
-Харвасан зарим хүмүүс яриа нь байхгүй болсон байдаг. Засч болох уу?
-Тархины зүүн талын бөмбөрцөгт харвасан хүнд ярианы төв дайрагдсан байх нь бий. Би ч тэгсэн. Дахиж хэлд орсон доо.
Хэл, уруул, эрүүний булчин, нүүрний булчинд зориулсан дасгалыг миний номонд оруулсан байгаа. Намайг цус харвасны дараа хэл ярианы засалч эмч олдодгүй байлаа. Одоо тийм эмч нар бий болсон байна. Хэл ярианы эмчтэй зөвлөн ажиллах нь яриаг сэргээхэд тустай. Гэхдээ гол зүйл бол ойр дотны хүмүүстэйгээ өдөр тутам харилцах явдал юм. Хамт олны дунд орвол бүр амархан сэргэнэ.
Ярианы эмгэг нь хоёр төрлийн байна – афази (өвчтөн үгийг ойлгохгүй буюу санаа бодлоо илэрхийлэхэд хэцүү байдаг) ба дизартриа (ойлгож байгаа боловч үгийн дуудлага алдагдсан, бувтнаж ойлгомжгүй хэлбэрээр ярьдаг).
Энэ үед дараах дүрмийг баримтлана.
-“тийм” эсвэл “үгүй” гэж хариулах боломжтой асуулт өвчтөнөөс асуух
-удаан, ойлгомжтой ярих
-өвчтөнд хариулах цаг өгөх
-түүний өмнөөс битгий ярь. Ярихыг нь хүлээх
-тэвчээртэй, тууштай байх. Тогтмол дасгал хийснээр цаг хугацаа өнгөрөх тусам сайжрана.
-Цус харвалт өөр ямар үр дагаварт хүргэдэг вэ?
-Тархины цус харвалтаар суралцах, ойлгох, харилцах чадварыг хариуцдаг тархины хэсэг гэмтэж болзошгүй юм. Түүнчлэн ой санамжаа алдах буюу мартах явдал нэлээн ажиглагддаг. Ухаан муудаж, тэнэгрэх өвчин тусах эрсдэл өндөр. Харвасан хүн урьд нь мэддэг байсан зүйлээ мартсан, мэдэхгүй болсон, таньдаг байсан зарим хүмүүсийг таньдаггүй, өөрийн биеийн зарим хэсгийг үйл ажиллагаа алдагдсаныг хайхардаггүй явдал бас ажиглагддаг байна. Зөв эмчилгээ хийснээр аажимдаа эдгэрэх боловч энэ бол удаан явагдана гэдгийн санах хэрэгтэй. Миний номонд “Хэл яриа, ой тогтоолтыг сэргээх нь” гэсэн бүлэг байгаа.
-Таны номонд “Өвчтөн, түүний ар гэрийнхэнд хандах нь” гэж бүлэг байсан даа?
-Харвасан хүнд нийгэм, гэр бүлийн өмнө хүлээсэн үүргээ (ажил хийх, гэр бүлээ тэжээх г.м) биелүүлэх чадваргүй болсноос, наад захын ярих, алхах, бие засах, усанд орох мэтийн чадвараа алдсаны улмаас гүн цочролд орж, ямар ч найдваргүй, цөхрөнгөө барсан мэт санагдах үе байна. Энэ үедээ ямар ч шалтгаангүйгээр сэтгэлийн гэнэтийн өөрчлөлтөнд автагдах, тухайлбал уурлах, түрэмгий зан гаргах, инээх, уйлах гэх мэтчилэн олон янзаар аашлана. Энэ үеийг даван туулах хэрэгтэй байдаг бөгөөд гэр бүлийн оролцоо нэн чухал. Өвчтөн болон түүний гэр бүл хоёулаа энэ бүхэн нь цус харвалтын үр дагавар бөгөөд заавал даван туулах хэрэгтэй болно гэдгийг санах хэрэгтэй.
Эдгэрэх хамгийн гол хүчин зүйл өвчтөний итгэл юм. Эдгэрэх итгэл байхгүй бол ямар ч эмчилгээ хийгээд нэмэргүй ээ. Энэ итгэлийг ар гэрийнхэн л бий болгоно. Таны үзүүлэх анхны тусламж бол дотнын хүндээ сэтгэлзүйн цочролын хамгийн хэцүү үеийг даван туулахад тусалж, гутранги байдлыг өөрчилж, итгэлийг сэргээх явдал юм. Эдгэрэх хүсэл эрмэлзлэл байхгүй бол нөхөн сэргэлт олон жил үргэлжлэнэ, эсвэл үхнэ.
-Цус харвалтын дараа хүн хэвийн амьдралдаа эргэн орох боломжтой байдаг уу? Харвасан хүн голдуу тахир дутуу болдог гэлцэх юм?
-Хэвийн амьдралдаа орж бололгүй яах юм бэ? Харваад хэвийн амьдралдаа эргэн орсон хүмүүс зөндөө бий. Хүнд харваад эдгэрсэн хүн гэвэл 2006 онд цус харваж, хоёр жил орчим хэвтрийн дэглэмд байсан мөртлөө өөрийгөө ялан дийлж чадсан Монголын паралимпийн тамирчин, “Elite gym”-ын фитнессийн дасгалжуулагч багш Цэрэнпилийн Баярдаваа, мөн цус харвасны дараа харвасан хүмүүст туслах зорилгоор “Таны инээмсэглэл” төвийг байгуулсан Энхболдын Болорчулуун нарыг нэрлэж болно.
Ер нь тархины аль хэсэгт харвасан, тархины гэмтсэн хэсгийн хэмжээнээс болон цаг тухайд нь эмнэлгийн тусламжийг үзүүлсэн эсэхээс эдгэрэлт хамаардаг байна. Шургуу, тэвчээртэй байж, эмч болон хамаатан садныхаа тусламжтайгаар алдсан бүх зүйлээ сэргээж болно.
Өвчтөн ч гэсэн тэр, гэр бүлийнхэн ч гэсэн тэр эдгэрэх нь урт бөгөөд хэцүү үйл явц гэдгийг ойлгох ёстой. Өөр өвчин шиг нэг хоёр сарын дотор эдгэрээд босчихно гэж бүү бод! Дасгалын шууд үр дүнг нь хүлээгээд сэтгэлээр унах хэрэггүй. Нэг өдөр сайжирсан мэт санагдана, дараа өдөр нь дасгалыг эхнээс нь дахин эхэлж байгаа мэт санагдана. Гэсэн ч өдөр хоног өнгөрөх тусам сайжирна. Зорилгоо ойрын болон алсынх гэж хуваах хэрэгтэй. Ойрын зорилгоо хянах, хэмжих боломжтой. Жишээлбэл, хэрэв өвчтөн эхний өдрүүдэд хэвтрийн байсан бол ойрын зорилго нь орон дээр суугаад өөрөө хооллох, босох, ганц хоёр алхах гэх мэт. Энэ зорилгодоо хүрээд дахиад өөр зорилго тавина. Харин алсын зорилгоо зургаан сар ба түүнээс дээш хугацаанд хүрэхийг хүсч буй зүйл. Ажилдаа орох, спортоор хичээллэдэг болох гэх мэтчилэн ийм бүх зорилгыг эмчтэй сайн ярилцаж, биеийн үйл ажиллагааг ямар түвшинд сэргээх боломжтой болохыг сайн ойлгож авах, төлөвлөх хэрэгтэй.
-Өнөөдөр цус харвалт үнэхээр залуужиж байна уу?
-Монголд статистик тоо байхгүйн улмаас тоо хэлж мэдэхгүй байна. Үндэсний статистикийн газар юу хийдэг юм, бүү мэд. Тэгэхдээ харвалт залуужаад байгаа нь нүдэн дээр ил байна. Залуу хүмүүс байтугай хүүхэд ч харвадаг боллоо. XX зуунд цус харвалтыг хөгшин хүний өвчин гэдэг байсан бол одоо дунд насныханы өвчин болж хувирчээ.
30-40 насны хүмүүсийн хувьд байнгын стресс, тогтмол бус хооллолт, таргалалт, эрүүл бус амьдралын хэв маяг гэх мэт эрсдлийн хүчин зүйл нөлөөлж байна.
Нүүрний тэгш хэм өөрчлөгдөх нь цус харвасаны шинж тэмдэг юм. Инээмсэглэх үед нүүр муруй байна. Мөн хэл ээдэрч, согтуугаар ярьж байгаа юм шиг ярихад хүнд болох нь харвалтын нэг шинж аж. Толгой эргэх, биеийн нэг тал сулрах, тэнцвэр алдах зэрэг нь анхны шинж тэмдгүүд юм. Хамгийн гол нь хэрэв эдгээр шинж тэмдгийн дор хаяж нэг нь байвал хүлээх хэрэггүй – яаралтай түргэн тусламж дуудаарай.
-Цус харвахгүйн тулд яах ёстой вэ?
– Эрүүл амьдралын хэв маягийг баримтлах, ажил, амралтаа зөв зохицуулах нь чухал. Эрсдэлт хүчин зүйлсийг арилгах хэрэгтэй. Тухайлбал, тамхи татах, суугаа ажлын хэв маяг, стресс гэх мэт. Эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамрагдах ёстой.
Ярилцсан Б.Болд
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30408
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.