НИЙСЛЭЛД 11 ТӨРЛИЙН ХАЛАМЖИЙГ ДАВХАРДСАН ТООГООР 1,088,314 ХҮНД ОЛГОЖЭЭ

2021-08-26 Нийслэл

Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хорооны ээлжит хуралдаанаар Нийслэлийн нийгмийн халамжийн газрын үйл ажиллагааны тайланг сонсож, хэлэлцлээ. Тус газар нь нийгмийн халамжийн тухай хуулийн хүрээнд эрүүл мэндийн доройтолтой, гэр бүлийн халамж, асрамж дутагдалтай, бие даан эсхүл бусдын тусламжгүйгээр хэвийн амьдрах боломжгүй өвөрмөц хэрэгцээ бүхий иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа, зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэнд наад захын хэрэгцээг нь хангах зорилгоор үйл ажиллагаагаа явуулдаг. 2020 онд улсын хэмжээнд нийт 1,325,019 иргэн тэтгэвэр, тэтгэмж, халамж, тусламж, хөнгөлөлт…зэрэг 11 төрлийн нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдсан бол 2021 оны эхний хагаст энэ тоо 1,088,314 болоод байна. Тухайлбал, өнгөрсөн сард нийслэлд 14,380 өрхийн нийт 80,599 хүн хүнс, тэжээлийн дэмжлэг, туслалцааг авсан бөгөөд үүнд 930 гаруй сая төгрөгийн санхүүжилт олгосон байна. Түүнчлэн хуралдаанаар нийслэлийн 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Нийслэлийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийн явцтай танилцсан юм.

Түүний зэрэгцээ, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 17/16 дугаар тогтоолоор баталсан “Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлсэн “Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сан”-г байгуулснаас хойших үйл ажиллагааны үр дүнг сонсож хэлэлцэв. Хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн 150 хороонд 123 хадгаламж зээлийн хоршоо байгуулан 2014-2016 онд нийслэлийн төсвөөс 14.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон ч 2021 оны 08 дугаар сарын байдлаар зээлийн эргэн төлөлт 6.5 тэрбум төгрөг буюу ердөө 46 хувь байгааг албаныхан танилцууллаа. Хуралдаанд мөн “Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо” ТББ-ын Гүйцэтгэх захирал Б.Чулуундолгор оролцож, халамжийн чиглэлээр гаргаж буй бодлого шийдвэр, гүйцэтгэж байгаа арга барил, үйл ажиллагаанд нь үнэлэлт дүгнэлт өгч, байр сууриа илэрхийллээ.

 

 

Нийслэлийн  ИТХ-ын ХМОНХТ

Өнөөдрийн онч үг

16 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.