НИТХ-ын дарга Ц.Сандуй болон нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны холбогдох хүмүүс Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Амарын гудамж, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, “ТБД андууд”-ын зүүн тал орчимд хийгдэх тохижилтын ажлын явцтай хамгийн түрүүнд танилцсан юм.
Өнөө жилийн хувьд Улаанбаатар хотод нэг наст ургамал тарихаас илүү олон наст мод, бут сөөг тарихаар төлөвлөсөн. Тодруулбал, Эскадрилийн хөшөөнөөс Сүлжмэлийн үйлдвэр хүртэл, замын хоёр талаар мөн Бага тойруу Цэцэг төвөөс Улаанбаатар банкны шилэн барилга хүртэлх замын 2 талаар, Боловсролын их сургуулиас Хятад элчин хүртэл, мөн Махатма Гандийн гудамжинд гэх мэт газарт 2,000 орчим том мод шилжүүлэн суулгах ажил үндсэндээ дуусчээ.
Энэ талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр “Өнгөрсөн 4 жилд ганцхан зуны гурван сард нэг наст ургамал тарихад 500-600 сая төгрөг зарцуулж байсан. Энэ жил бид нэг настай цэцгийг гол, гол авто замын уулзварт маш бага хэмжээтэйгээр тарина. Харин Эскадрилийн хөшөөнөөс Сүлжмэл хүртэл төв зам дагуу газрыг ногоон байгууламжийг цогцоор нь шийдэхээр ажиллаж байна. Бид таримао ойг сийрэгжүүлэх замаар 15-20 настай, 4-6 метр өндөртэй мод шилжүүлэн суулгаж байна. Үүний арчилгааг тендерт шалгараад уг ажлыг хийж гүйцэтгэж буй компани 3 жилийн хугацаанд хариуцна.
Судлаачид Их,Бага тойруу төв авто замуудын хажуугаар мөнхийн шилмүүст модыг ургуулж чадах юм бол Улаанбаатар хотын агаарын бохирдол 30-35 хувиар буурна гэсэн судалгааны үр дүнг гаргасан байна лээ. Тиймээс бид жил бүр 2,000 орчим шилмүүст модоор нөхөн тарилт хийж улмаар 8-10 мянган ширхэгийг тарьчихвал агаарын бохирдлыг тодорхой хэмжээгээр бууруулж чадна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн мөрийн хөтөлбөрт нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 2.8 байгааг 5.3 болгоно гэсэн зорилт бий. Энэ чигээрээ жил бүр 2000 орчим шилмүүст модыг ногоон байгууламжийн цогц бодлогоор нөхөн сэргээгээд явбал нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр хэрэгжих бүрэн боломжтой” хэмээлээ.
НИТХ-ын дарга Ц.Сандуй “Ногоон байгууламжийн төсвийг өнгөрсөн жилийнхтэй адил 5.8 тэрбум төгрөгөөр баталсан. Энэ жилийн хувьд зуны гуравхан сард ургаад үхдэг нэг наст ургамалд өнгөрсөн жилүүдийнхтэй адил хөрөнгө мөнгө ихээр зарцуулахгүй. Харин түүний оронд 4-6 метр өндөр, өвөл, зуны алинд ч мөнх ногооноороо байх эдгээр том модыг авчран суулгаж байгаа” гэв.
Хот тохижилтын ажлын хүрээнд хийж буй нэг гол ажил нь Эскадрилийн хөшөөнөөс Таван шар хүртэлх автозамын дагуу 60 см-ийн өргөнтэй явган хүний зам барьж байгаа явдал юм. Иргэд такси барихдаа ногоон байгууламж дээр гишгэлдэг, эсвэл автозамруу орж зогсдог байдал жирийн үзэгдэл болоод байсан. Энэхүү явган хүний замыг барьснаар нийслэлчүүд аюулгүй, чөлөөтэй нөхцөлд такси барих боломж бүрдэж байна.
Мөн олны хөлд талхлагдаж, шороо тоос байнга босдог газар болох Хархорин зах, Саппоро зэрэг газрын автобусны буудлын орчмыг хавтангаар өнгөлж байна. Өөрөөр хэлбэл, явган хүний зам барих, тавих ажил хот тохижилтын ажлын бас нэгэн гол бүтээн байгуулалт юм. Авто замын шинэчлэл, өргөтгөлийн ажил хийхээс гадна иргэнээ дээдэлсэн Улаанбаатар хот маань явган хүний зам барих, сайжруулах ажилд дэвшил авчирахаар ажиллаж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.