Өргөө” амаржих газарт өдрийн дурангийн мэс засал хийх боломж бүрдлээ

2017-06-2 Нийслэл

Австрали улсаас “Өргөө” амаржих газарт 500 гаруй сая төгрөгийн эмчилгээний тоног төхөөрөмжийг бэлэглэсэн байна. Тодруулбал, дурангийн мэс заслын иж бүрэн аппарат, дагалдах тоног төхөөрөмж, хэт авиан аппарат, нярайн дулаацуулах ширээ болон шарлагын аппарат, умайн хүзүү дурандах кольпосколи болон бусад шаардлагатай тоног төхөөрөмжийг тус амаржих газарт хандивлажээ. Энэ тоног төхөөрөмжийн замын зардлыг НИТХ-ын төлөөлөгчид төлөхөөр шийдвэрлээд байгаа билээ.

Энэ талаар НИТХ-ын дарга Ц.Сандуй “Эх үрсийн баярыг тохиолдуулан “Өргөө” амаржих газарт Австралийн Мельбурн хотын эмнэлгийн буцалтгүй тусламжаар ирэх дурангийн мэс заслын аппарат, дагалдах тоног төхөөрөмжийн замын зардлын асуудлыг НИТХ-ын Тэргүүлэгчид шийдвэрлэсэн. Эмэгтэйчүүд болон хүүхдүүдэд шаардлагатай тоног төхөөрөмж учраас иргэдийн хурлаас уг тоног төхөөрөмжийг Монголд авчрах замын зардлыг нь гаргахаар болсон.  Хэдийгээр эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа ч бид дотоод нөөц бололцоогоо дайчлаад энэ жил 4.5 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн салбарт тавьсан. Энэ нь дүүргүүдийн эмнэлгийн мэс заслын тоног төхөөрөмжийн асуудлыг шийдэхэд зориулагдах юм” хэмээн онцоллоо.

“Өргөө” амаржих газрын дарга Д.Энхбаяр “НИТХ-ын дарга болон, төлөөлөгчид Австрали улсын Мельбурн хотын кибеле эмч нарын баг, холбогдох олон улсын байгууллагаас хандивлаж буй тоног төхөөрөмжийн тээврийн зардал болон бусад дэмжлэг үзүүлэх шийдвэрүүдээ бидэнд танилцууллаа.

Мөн хүүхдийн баярын өдрийг тохиолдуулан одоогоор амаржаад байгаа 15 эх, тэдний бяцхан үрсэд өөрсдийн гарын бэлгийг гардуулсан юм.

Дурангийн мэс заслыг манайх 2009 оноос хийж байгаа. Манайх эмэгтэйчүүдийн дурангийн мэс заслын  иж бүрэн нэг аппараттай. Хандиваар ирж буй 500 сая төгрөгийн өртөг бүхий аппараттай болсноор өдрийн дурангийн мэс заслыг хийх боломж бүрдэж байна” гэв.

НИТХ-ын дарга Ц.Сандуй, НИТХ-ын төлөөлөгч, нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудлыг хариуцсан орлогч Ш.Анхмаа, НИТХ-ын төлөөлөгч Д.Мөнхжаргал, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон бусад албаныхан эх үрсийн баярыг тохиолдуулан өчигдөр “Өргөө” амаржих газарт зочлох үеэрээ дээрх шийдвэрээ танилцуулсан байна.

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.