Орон нутгийн иргэд буцахдаа аймгийнхаа Онцгой комиссоос зөвшөөрөл авна

2021-05-10 Нийслэл

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар иргэдэд коронавирусийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгөн ажиллаж байна.

Өнгөрсөн амралтын өдрүүд буюу тавдугаар сарын 7-9-ний хооронд иргэдээс нийт 907 дуудлага очжээ. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод нийт 150 иргэн хандсанаас 49 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 101 иргэнтэй оператор ажилтан холбогдож мэдээлэл авчээ.

Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 49 цэгт, явуулын есөн автобусаар 30,671 иргэнийг дархлаажуулах юм.

1800-1200 тусгай дугаарт иргэдээс түгээмэл очдог хоёр асуултын хариултыг хүргэе.

-Хөдөө, орон нутаг руу хэрхэн зорчих вэ?

-Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг буюу “Улбар шар” түвшинд шилжсэн ч хот хооронд зорчих хөдөлгөөний хязгаарлалтыг энэ сарын 22-н хүртэл сунгасан.

Энэ хугацаанд зайлшгүй шалтгаанаар /эмнэлгийн яаралтай тусламж авах, буяны ажилд оролцох/ орон нутагт зорчих иргэд, мөн тухайн орон нутагт байнгын оршин суугч иргэд орон нутагтаа харих бол очих аймгийнхаа Онцгой комиссоос заавал зөвшөөрөл авсны үндсэн дээр зорчино.

Ингэхдээ вакцины бүрэн тунд хамрагдаад 14-өөс дээш хоног болсон бол, коронавируст халдвараар өвчлөөд эдгэсэн бол нотлох баримтыг үндэслэн ПСР шинжилгээ өгөхгүй явж болно.

-Нотлох баримтыг хаанаас авах вэ?

-Вакцины бүрэн тунд хамрагдсан иргэдийн хувьд вакцинд бүрэн хамрагдсан гэрчилгээ шаардагдах бол өвдөөд эдгэсэн хүмүүс тухайн хэвтэж эмчлүүлсэн эмнэлгийнхээ харьяалах дүүргийн Онцгой комиссоос магадалгаа бичиг авах юм.

Харин хүндэтгэн үзэх шалтгаанаар вакцинд хамрагдаагүй, хамрагдах боломжгүй иргэдийн хувьд орон нутгийн Онцгой комиссоос зөвшөөрөл авч, ПСР шинжилгээний хариутайгаар зорчино.

Өнөөдрийн онч үг

14 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.