Шилэн дансны хуулийн хэрэгжилтэд хөндлөнгийн хяналт тавих Ажлын хэсэг байгуулна

2021-04-29 Нийслэл

Нийслэлийн ИТХ-ын Эдийн засаг, төсвийн хороо өргөтгөсөн хурлаа хийж, “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийг өөрчлөн байгуулах, “Шилэн дансны хуулийн хэрэгжилтэд хяналт тавих Ажлын хэсэг байгуулах” тухай асуудлыг хэлэлцлээ.

“Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК-ийг 2015 онд Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 136 дугаар тогтоолоор иргэдийг орон сууцжуулах бие даасан бодлогыг хэрэгжүүлэх, орон сууцжуулах талаар баримталж байгаа бодлого, стратеги, төлөвлөлтийг хэрэгжүүлэх, Улаанбаатар хотын газрын нөөцийг үр ашигтай төлөвлөн эргэлтэд оруулах замаар хотын суурьшлын бүсийг хөгжүүлэх, бага, дунд орлоготой иргэдийг хямд орон сууцаар хангах, түрээслүүлэх, орон сууцны нөхцөлийг сайжруулах үйл ажиллагааг зохион байгуулах зорилгоор байгуулсан байдаг. Үүний үр дүнд 1744 айлын түрээсийн орон сууцны санг бүрдүүлээд байна. Дээрх орон сууцнуудад өнөөдрийн байдлаар 7500 иргэн амьдарч буй юм. Мөн “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн улмаас хохирсон 307 өрхийг өөрийн харьяанд байдаг түр суурьшуулах орон сууцнуудад 2016 оноос эхлэн өнөөг хүртэл суурьшуулж байна.

Өнгөрсөн хоёрдугаар сард Засгийн газар “Төрийн орон сууцны корпораци” ТӨХК болон “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийг нийлүүлж, өөрчлөн зохион байгуулах замаар төрийн өмч давамгайлсан “Үндэсний орон сууцны нэгдсэн корпораци” болгохоор хэлэлцсэн. Уг асуудлыг өнөөдөр болох Нийслэлийн ИТХ-ын ээлжит VI хуралдаанаар хэлэлцэх товтой. Тиймээс Эдийн засаг, төсвийн хороо өргөтгөсөн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцэн, ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ. Ташрамд, тус хоёр байгууллагыг компанийн тухай хуулиар нэгтгэнэ гэдгийг Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар хэлсэн.

Түүнчлэн Нийслэлийн Эдийн засаг, төсвийн хорооны өргөтгөсөн хурлаар орон нутгийн төсөв, орон нутгийн өмчийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах зорилгоор төсвийн удирдлагыг хэрэгжүүлэх шийдвэр, үйл ажиллагаа ил тод, нээлттэй, ойлгомжтой байх, түүнд олон нийт хяналт тавих мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх үүднээс Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд хөндлөнгийн хяналт хэрэгжүүлэх “Ажлын хэсэг” байгуулах тухай хэлэлцэж, Нийслэлийн ИТХ-ын даргад өргөн барилаа. Тус Ажлын хэсгийг Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Эдийн засаг, төсвийн хорооны дэд дарга М.Тулгат ахална гэж НИТХ-ын ХМОНХТ-өөс мэдээллээ.

Өнөөдрийн онч үг

13 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.