48 байршлын авто зогсоол зөвшөөрөлгүйгээр төлбөр авдаг

2017-05-31 Нийслэл

Баянгол дүүрэгт 13 газраас долоог чөлөөлсөн, Баянзүрх дүүргийн 26 газар чөлөөлөхөөс 14-г, Сонгинохайрхан дүүрэгт 24-өөс дөрвөн газар, Хан-Уул дүүрэгт наймаас дөрвөн газрыг чөлөөлсөн байна. 

Нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу явган хүний зам гарцыг чөлөөлөх ажлын үйл явц 50 хувьтай байна. Тухайлбал явган хүний зам гарц, нийтийн эзэмшлийн талбайг хаасан нийт 129 байршлаас одоогийн байдлаар 54-г нь чөлөөлжээ.

Түүнчлэн эзэмшил газраасаа хэтрүүлэн хашаа барьсан нийт 451 аж ахуйн нэгжийн зөрчлийг арилгахаар ажиллаж байгаа аж. Энэ асуудлаар болон автозамын салбарын бүтээн байгуулалтын талаар нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун ‘Өнөөдрийн байдлаар 54 байршлын газрыг чөлөөлж орц гарц, нийтийн эзэмшлийн талбайг нээсэн. Иргэдээс орц гарц чөлөөлөх саналыг авч судалгаанд нэмж баяжуулан ажиллаж байна. Чөлөөлсөн газруудаа байршлаар нь нэрлэвэл Баянгол дүүрэгт 13 газраас долоог чөлөөлсөн, Баянзүрх дүүргийн 26 газар чөлөөлөхөөс 14-г, Сонгинохайрхан дүүрэгт 24-өөс дөрвөн газар, Хан-Уул дүүрэгт наймаас дөрвөн газрыг чөлөөлсөн байна.ТҮЦ болон бусад төрийн зөөврийн байгууламжийг нүүлгэн шилжүүлэх ажил хийгдэж байгаа. Тухайлбал, Баянгол дүүргийн 18 дугаар хороо хуучнаар Баянгол захын урд талд явган хүний замыг хашиж барьсан зөвшөөрөлгүй барилгыг буулгаж явган хүний замыг чөлөөлсөн. Баянзүрх дүүрэг “Чингис” зочид буудлын хойд талд авто замыг нарийсгаж, зөвшөөрөлгүй мухлаг барьсныг буулгасан. Санхүү, эдийн засгийн сургуулийн урд талд явган хүний замыг хашиж ТҮЦ, хашаа барьсныг буулгасан.Орц гарц хаасан хашаа, шонг ч мөн буулгаж байгаа. Эзэмшил газрын хэмжээнээс хэтрүүлсэн хашааг нь буулгахаар уриа лоозон зоогоод илүү хашаагаа татахгүй гэсэн хүндрэл учирч байна’ гэлээ.

НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун ‘Эзэмшил газраасаа хэтрүүлж барилга барьсан эрх бүхий байгууллагуудад долоо хоногийн хугацаатай албан мэдэгдэл өгч байгаа.Долоо хоногийн хугацаанд албан мэдэгдлийг хэрэгжүүлээгүй 161 ААН байна.Эдгээр ААН-үүдэд 67.5 сая төгрөгийн торгууль ногдуулахаар болсон.161 газраас 47 газар нь торгуулиа төлсний дараа хашаагаа татсан’ гэв.

Нийслэлийн засаг даргын орлогч П.Баярхүү’Эзэмшил газраасаа хашаагаа хэтрүүлэн барьсан иргэн ААН-үүдэд удаа мэдэгдэл өгөөд байхад өөрийнхөө кадастрын хэмжээгээр талбайгаа татахгүй бол тухайн ААН-үүдийн газрыг хүчингүй болгох тал дээр холбогдох арга хэмжээг авах хэрэгтэй. Гурван удаа сануулга өгч мэдэгдэл хүргүүлье.Хэрвээ үнэхээр өөрсдөө татахгүй гэж байгаа бол нийслэлийн Засаг дарга захирамжаараа олгож болсон юм чинь цуцлах эрх зүйн үндэс бий’ хэмээлээ.

Мөн өнөөдөр Улаанбаатар хотын хэмжээнд ажиллаж байгаа нийт автомашины төлбөртэй зогсоолын зөвшөөрлийн талаар хэлэлцэж зарим асуудлыг шийдвэрлэх үүргийг засаг даргын орлогч өгсөн юм. Тодруулбал, автомашины зогсоолуудын ихэнхийг зөвшөөрөлгүй ажиллуулж байна. Үүнд, Баруун 4 зам Барилгын хөгжлийн төв, Цэцэг төв, Бөхийн өргөө зэрэг нийт 48 байршлын авто зогсоол зөвшөөрөлгүйгээр төлбөр авч байгаа юм. Иймд нэр бүхий зөвшөөрөлгүй 48 авто зогсоолын үйл ажиллагааг зогсоох мөн нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх ажилд хяналт тавьж, шуурхай ажиллах үүргийг нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү холбогдох газрын удирдлагуудад өглөө. 

М.Цагаан

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.