Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээлэл, арга зүйн төвийн Багшийн хөгжил хариуцсан нэгжийн ахлах арга зүйч П.Өлзийбуянтай ярилцлаа.
-Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын багшийг хөгжүүлэхэд чиглэсэн онцлох ажлаасаа хуваалцана уу?
-Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Түншлэлд суурилсан техникийн болон мэрэгжлийн боловсрол сургалт“ төсөлтэй хамтран “Магистр багш” бэлтгэх хөтөлбөр эхлүүлээд байна. Одоогийн байдлаар хамтран ажиллах түшиц их дээд сургуулийг сонгон шалгаруулах ажил явагдаж байна.
Сургалтын байгууллагууд саналаа ирүүлээд байгаа. Бид сонгон шалгаруулахдаа боловсролын чиглэлээр магистрын хөтөлбөр хэрэгжүүлж байсан туршлага болон бусад хүчин зүйлийг харгалзан үзэх болно. Хэт монополь байдал гаргаж хөтөлбөр амжилтгүй болгох вий гэсэн эрсдэлийг ч тооцох болно.
-Багш нараа магистрын хөтөлбөрөөр мэргэшүүлсний ач холбогдол юу байх вэ?
-Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, Политехник коллежид багшилж байгаа багш нарын олонх нь инженер техникийн мэргэжилтэй байдаг. Тэгэхээр мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхийн зэрэгцээ заах арга зүй буюу багшлах ур чадвар олгоход энэ хөтөлбөр чиглэгдэх юм.
-Хэр олон багш хамруулах вэ?
-Манай судалгаа, инновацийн баг эрэлтийн судалгаа хийсэн. Магистрын хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ илэрхийлсэн 350 гаруй багш байгаа. Энэ тоо нэмэгдэх хандлагатай байна. Төслийн зүгээс энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд олон улсын зөвлөхүүд ажиллуулах, техникийн туслалцаа үзүүлнэ.
-Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт ажиллаж байгаа багш нарын мэдлэг ур чадварыг хэр түвшинд байдаг юм бол?
-Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын багшийг бэлтгэх тогтолцоо манай улсад төлөвшөөгүй.
Сургалтад хамруулж, багшлах эрх олгон заах арга зүйгээр хангаад явж байна. Богино хугацааны сургалтын байгууллагын багш нарт зориулсан Сургах зүйн сургалтыг МБСҮМАЗТ зохион байгуулж эрх олгодог.
Харин Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Политехник коллежийн багш нарыг арай өргөн агуулгаар сургалтад хамруулж, шалгуур хангасан багшид ХНХЯ багшлах эрх олгоод явж байна. Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт ингэж багш бэлтгэж байгаа нь хангалтгүй байгаа учраас “Магистр багш” бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх гээд байгаа юм.
Багшлах эрхийн сургалтын агуулгаа магистрын хөтөлбөрийн агуулгатай уялдуулахаар агуулгын судалгааг бид хийж байна.
-Салбарын багш нарын заах арга зүйг сайжруулах шаардлага байгаад байна. Тийм үү?
-Багш нарын хувьд мэдлэг ур чадвар, заах арга зүй, баримт бичиг боловсруулах гэхчлэн олон чиглэлээр мэргэшүүлэх давтан сургах шаардлага бий. Манай багшийн хөгжлийн нэгжээс 2021 оноос эхлэн “Арга зүйчийн цаг” нэртэй сургалтыг тогтмол зохион байгуулж эхэллээ. Арга зүйчид маань хариуцсан сургалтын байгууллагын арга зүйч, менежер, багш, нийгмийн ажилтан гэх мэт ажилтнуудад юу тулгамдаж байна гэхчлэн сургалтын хэрэгцээг судалгаагаар тодорхойлоод тухайн хэрэгцээнд үндэслэн сургалтуудыг “Арга зүйчийн цаг”-аар өгөөд явж байна. Энэ нь тодорхой үр дүнгээ өгсөн ажил болж байгаа. Тухайлбал, сургалтын төлөвлөгөө боловсруулах, стандарт ашиглан хөтөлбөр боловсруулах, хичээл төлөвлөлт, явцын үнэлгээ хийх хэрэгцээ тулгамдаж байлаа гэхэд тэр чиглэлийн дагуу арга зүйн зөвлөгөө мэдээлэл өгч байна гэсэн үг л дээ.
-“Ковид-19” -тэй холбоотойгоор бүх шатны сургалтын байгууллагад цахим сургалт гэх том сорилт тулгарлаа. Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарынхны хувьд цахимаар сургалтаа явуулахад хүндрэл бэрхшээл хэр гарав?
– Монгол Улсын хэмжээнд цахим болон онлайнаар сургалтыг зохион байгуулахад бэлтгэгдээгүй байсан нь Ковидын энэ хугацаанд нилээд тулгамдсан асуудлууд болоод байна. Гэхдээ энэ бэрхшээлийг даван туулахын тулд бид үнэлгээний төвөөс тусгайлан төлөвлөгөө гарган цахим сургалтыг зохион байгуулахад сургууль, багш, суралцагч, эцэг эхчүүд хэрхэн хамтарч ажиллаж амжилттай сургалтаа зохион байгуулах талаар зөвлөмж, сургалтыг 75 МБСБ-ын давхардсан тоогоор 4,800 багш, арга зүйч, менежерүүдийг хамруулан хийсэн.
Гол нь суралцагчдаа эхлээд сайн судал. Хэд нь интернеттэй байна, хэд нь хөдөө байна, яавал 10 суралцагч байлаа гэхэд нэгийг ч хоцроолгүй сургалтаа хүргэж болох вэ гэдэг арга замыг судлахыг зөвлөсөн.
Сургуулиудын цахим сургалт зохион байгуулж байгаа байдалд нэлээд ахисан өөрчлөлт гарсан нь бидний өгсөн арга зүйн сургалтуудын үр дүн гэж харж байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.