“Токио-2020” Олимпийн галт бамбарын буухиа маргааш эхэлнэ

2021-03-24 Ертөнц

Маргааш буюу 2021 оны гуравдугаар сарын 25-нд Японы Фүкүшима аймгийн Нараха хот дахь Үндэсний бэлтгэлийн төв “J-village” -аас “Токио-2020” Зуны олимпийн XXXII наадмын галт бамбарын буухиа аялал эхлэх гэж байна. Жилийн өмнө Грекийн ариун дагшин Олимп уулын бэлнээ асаасан “Мөнхийн гал”-ыг Японд авчирсан ч цар тахлын улмаас “Токио-2020” хойшлогдсон тул Токио дахь Олимпийн музейд хадгалагдаж байсан билээ.

Олимпийн галт бамбарын буухиаг зүгээр ч нэг Фүкүшимагаас эхлүүлээгүй. Өдгөөгөөс 10 жилийн өмнө Японд болсон аймшигт газар хөдлөлт, цунамигаас хамгийн их хохирол амссан энэ л газраас, дэлхий дахиныг нөмөрсөн цар тахлын хүнд үед “Hope Lights Our Way” буюу “Итгэл найдвар бидний замыг гэрэлтүүлнэ” хэмээх уриатай Олимпийн галт бамбарын буухиа эхэлж буй нь бэлгэдэлтэй гэнэ.

121 хоногийн туршид Японы бүх 47 аймаг, 857 хот, суурин газрыг туулан долдугаар сарын 23-нд Олимпийн цэнгэлдэхэд морилох Олимпийн галт бамбарыг 10,000 гаруй хүн буухиална.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.