Эрүүл мэндийн яам, Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс санаачлан цусны нөөцийг нэмэгдүүлэх, донорын үйлсийг сурталчлах зорилгоор сар бүрийн 3-ны өдрийг цусаа бэлэглэх өдөр болгосон билээ. 2017 оны тавдугаар сарын “Цусаа бэлэглэх өдөр”-ийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчын нэрэмжит болгон зохион байгуулсан. Уг өдөр хотын дарга нийслэлийн төр захиргааны байгууллагуудад хандаж цусаа бэлэглэхийг уриалсан юм. Энэхүү уриалгын дагуу нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд хуваарийн дагуу цусаа бэлэглэж эхэлжээ. Одоогоор нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газар, Баянгол дүүргийн ЗДТГ, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Улаанбаатар Төв номын сан, Сонгинохайрхан дүүргийн хороодууд, Хан- Уул дүүргийн Шүүхийн хамт олон цусаа бэлэглээд байгаа аж. Харин энэ сарын 29-нд буюу өнөөдөр нийслэлийн ЗДТГ-ын албан хаагчид, маргааш буюу 30-нд Хангарди ордонд байрлаж ажиллаж буй нийслэлийн харьяа газрын албан хаагчид тухайн ажлын байран дээрээ цусаа хандивлана. Энэ талаар Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн Нийгмийн ажилтан Д.Дулмаа “Хотын даргын гаргасан уриалга маш үнэ цэнэтэй зүйл болсон. Яагаад гэвэл зөвхөн цусны донорын эгнээнд цусаа бэлэглэх үйл ажиллагааг өрнүүлдэг байсан бол одоо уриалгын дагуу нийслэлийн харьяа агентлагийн ажилтан, албан хаагчид идэвхтэй өгч байна. Цусыг сайн дурын үндсэнд хариу авлагагүйгээр өгч байгаа хэдий ч нэг дусал цусны үнэ цэнэ, ач холбогдлыг иргэд ойлгож, тодорхой мэдээлэлтэй болсоор байна. Өнөөдөр бид нийслэлийн ЗДТГ, маргааш Хангарди ордон, ирэх сарын 7-нд төр захиргааны 4 дүгээр байранд байрлаж буй байгууллагын ажилтан, албан хаагчдын дунд хотын даргын уриалгыг хэрэгжүүлж, цус бэлэглэх аяныг үргэлжлүүлнэ. Бидний ажлыг идэвхтэй дэмжиж цусаа хандивласан иргэддээ талархал илэрхийлье” гэлээ.
М.Цагаан
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.