УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр Төрийн ордонд ээлжит хуралдаанаа хийж, Монголбанкинд хийсэн шалгалтын дүгнэлтийг хэлэлцлээ. Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Д.Эрдэнэбат, бүлгийн дэд дарга З.Нарантуяа нар сэтгүүлчдэд мэдээлэл хийв.
Бүлгийн дарга Д.Эрдэнэбат: Төвбанкинд хийсэн шалгалтын дүн улстөржсөн байна
Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Төвбанкинд хийсэн шалгалтын дүгнэлтийг хэлэлцсэн. Энэхүү шалгалтыг явуулсан ажлын хэсэгт цөөнхийн бүлгийн төлөөллийг оролцуулаагүй. Тус дүгнэлтээ Монголбанкны удирдлагад урьдчилан танилцуулаагүй. Тус банкны хяналтын зөвлөлтэй харилцан санал солилцоогүй зэрэг олон алдаа дутагдлыг ажлын хэсэг гаргасан. Харин гаргасан дүгнэлт нь улстөржсөн дүгнэлт болсон байна. Түүнчлэн Монголбанкны мөнгөний бодлогыг арилжааны банкны бодлоготой адилтгажээ.
Ажлын хэсэг Монголбанкыг алдагдал хүлээсэн гэж дүгнэж байгаа бол ипотекийн зээл авсан 80 мянган өрхийн найман хувийн зээлийг 15-20 хувь болгож өсгөх, “Сайн малчин” хөтөлбөрийн хүрээнд зээл авсан 50 мянган малчны зээлийн гэрээг буруу хэмээн үзэх болоод байна. Монголбанкны хэрэгжүүлсэн алдаатай гэх бодлого нь УИХ-ын шийдвэрийн хүрээнд хэрэгжсэн төсөл хөтөлбөр юм. Иймд УИХ-аар эл дүгнэлтийг дахин авч хэлэлцэх шаардлагатай. Дараагийн шатанд бүх намуудын төлөөллийг оролцуулсан шинэ ажлын хэсэг байгуулах нь зүйтэй” гэлээ.
Бүлгийн дэд дарга З.Нарантуяа:Гурван их наяд төгрөгийн алдагдал үндэслэлгүй
Ажлын хэсэг хариуцлагагүй дүгнэлт гаргажээ. Гурван их наяд төгрөгийн алдагдлыг Төвбанк хүлээсэн хэмээн нийгэмд зарласан нь үндэслэлгүй. Монголбанкны мөнгөний бодлогоо хэрэгжүүлэхэд зарцуулсан зардлыг алдагдал мэтээр дүгнэсэн байна. Тиймээс Төвбанкны бие даасан, хараат бус байдалд халдаж байна гэж үзэх үндэслэлтэй. АН-ын бүлэг тус банкны хараат бус байдлыг хангахын төлөө ажиллах болно.
Яагаад Монголбанк одоогийн шүүмжлээд байгаа мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх болсон гэдэг тайлбар өгөх цаг нь болсон байна. МАН-ынхан 17 хувийн өсөлттэй эдийн засгийг АН-д хүлээлгэн өгөхөд 1 хувийн өсөлттэй болгосон хэмээн ярьдаг. Тухайн үед эдийн засгийн өсөлт 17 хувьтай байсан ч хуримтлал нь 0 хувьтай байсан. Өөрөөр хэлбэл, эдийн засгаа маш их тэлсэн. Тэрхүү тэлэлтийг огцом танасан бол ДНБ-ий өсөлт -9 хувьтай, ажилгүйдэл 20 хувиас давж 180 мянган хүн ажилгүй болох нөхцөлд дээрх мөнгөний бодлогыг хэрэгжүүлсэн” гэв.
С.Гэрэлсүх
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30413
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.