Улаанбаатар хотын захирагч Д.СУМЪЯАБАЗАР: Дахиж хөл хорио тогтоохгүй

2021-02-19 Нийслэл


“Хотын дарга ба сэтгүүлчид” онлайн асуулт, хариулт өчигдөр clubhouse-д өрнөсөн. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар дахин хөл хорио тогтоохгүй хэмээн мэдэгдлээ. Учир нь цар тахлын улмаас 2019 онд 5.2 хувийн өсөлттэй байсан эдийн засаг 2020 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр зургаа орчим хувиар унаж огцом агшжээ. Үүнийг даган 46 мянга гаруй аж ахуйн нэгжид ажиллагсдын тоо гэхэд л 2020 оны гуравдугаар улиралд 70 мянгаар буурсан байна. Энэ бүхнийг харгалзан хоёрдугаар сарын 23-ны 06.00 цагт Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийн хугацаа дуусмагц ихэнх ААН-үүдийн үйл ажиллагааг нээхээр болжээ.

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.СУМЪЯАБАЗАР:

-Хоёрдугаар сарын 23-ны өдрөөс хатуу хөл хориог тавина. Ингэхдээ 57 чиглэлийг нийтлэг журмаар ажлуулахаар болсон. Харин саун массажны газрыг ажиллуулах боломжгүй. Ирэх даваа гаригаас эдийн засгийг сэргээх чиглэлд анхаарч ААН-үүдийг тусгай горимын дагуу ажиллахыг зөвшөөрнө. Хот 21 их наяд төгрөгийн эдийн засагтай. Хөл хорионы үед энэ эдийн засаг уналтад орсон. Тиймээс ААН-үүдийг нээж эдийн засгаа сэргээх бодлого барина. Нийслэлд үндсэндээ жил гаруй хугацаанд хатуу хөл хорио тогтоосон. Хотын иргэд тэвчээртэй байж энэ цаг үед хүрсэн. Ухамсартай байсан иргэддээ талархаж байна. Сургууль цэцэрлэгтэй холбоотой асуудал толгойны өвчин болоод байгаа. Салбарын сайд, эрдэмтэдтэй хамтарч ажиллаж байгаа. Удахгүй тодорхой мэдээлэл өгнө. Мөн хот хоорондын хөдөлгөөнийг нээх чиглэл өгнө. Тодруулбал, хоёрдугаар сарын 23-аас нийслэл Улаанбаатар хот руу орох гарах хөдөлгөөн нээлттэй болно. Ингэхдээ PCR шинжилгээтэй хүмүүсийг нэвтрүүлнэ. 12 хоногийн хөл хорио хамгийн эцсийнх нь байна гэж би өмнө нь хэлж байсан. Энэ шийдвэр өөрчлөгдөхгүй. Дахиж хөл хорио тогтоохгүй. Харин хороо дүүрэгт хэсэгчилсэн байдлаар хөл хорио тогтооно.

 

Өнөөдрийн онч үг

14 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.