С.Батжаргал: Гаргасан шийдвэрүүдийг Эрдэнэт хотын иргэд маань дагаж дэмжсэн нь хамгийн том урам юм

2021-02-9 Нийгэм

Эрдэнэт хотод коронавирусийн халдвар илэрч, бүх нийтийн бэлэн байдал зарлаж, тэг зогсолт хийж байсан цаг ард хоцорч, нэлээдгүй хугацаа өнгөрчээ. Харин нийслэлд халдвар нэмэгдсээр байна. Орон нутагт зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэлтэй энэ мөчид онцгой комиссынхон ажилласаар л байгаа юм. Дотоодын халдвараа хумьж чадсан аймгийн Онцгой комиссын дарга, аймгийн Засаг дарга С.Батжаргалтай ярилцлаа. Бидний ярилцсан сэдэв ковидын үетэй холбогдож, тэр үед эргэн очиход түгшүүртэй санагдав. Тэрбээр халдвар тархах вий гэдгээс болгоомжилж байсан, би одоо ч айдастай хэвээр байна гэж ярилаа.

-Өнгөрсөн 11 дүгээр сард Орхон аймагт коронавирусийн халдвар илэрсэн. Тухайн үед хүн бүр сандарч, айж түгшиж байгаагаа илэрхийлж байсан. Аймгийн Онцгой комиссоос хамгийн эхэнд ямар арга хэмжээ авч байв?

-Анх арваннэгдүгээр сарын 17-ны шөнө -Дарханы ойрын хавьтал Эрдэнэтийн хүн байна гэдэг мэдээллийг авсан. Мэдээлэл авсан даруйд сэжигтэй тохиолдлын гэр бүлийнхэн, ажлын газрынхныг нь шинжилгээнд хамруулсан. Маргааш өдөр нь ойрын болон дам хавьтлын 560 хүнийг олж тогтоож, найман хариу түргэвчилсэн тестээр эерэг гарч, ХӨСҮТ рүү явсан.

Ингээд 19-ний өдөр шинжилгээ өгсөн хүмүүсийн хариугаар коронавирусийн батлагдсан тохиолдол 13 болж ирсэн. Бид тандалт судалгааны ажлаа цаг алдалгүй яаралтай эхлүүлж байлаа.

-Батлагдсан тохиолдол бүртгэгдсэний дараа хүмүүс халдвартай иргэний маршрутыг яаралтай гаргахыг шаардсан. Шинжилгээний хариу, маршрутад тодорхой хугацаа зарцуулсан гэдгийг хэлж байсан санагдаж байна?

-Тухайн үед батлагдсан 13 тохиолдлыг Улаанбаатар хот руу авч явах жолооч олдохгүй сандаргасан. Богино хугацаанд маш их үйл явдал болж өнгөрсөн.

Арваннэгдүгээр сарын 17-ны шөнө гарсан төмөр замын ажилчдын ээлжийг буулгаагүй. Ажилчид маш хүнд байдалтай сэтгэл санааны дарамтанд байсан. Нэг хүнд илэрлээ гэхэд тэр хүний ойрын хавьтлын судалгааг авна. Дахиад илэрсэн хүний тандалтын ажил гээд үргэлжлээд явна. Шинжилгээний хариу, маршрутад цаг хугацаа их шаардсан л даа.

-Коронавируст халдвар манай аймагт илрээд тун удалгүй PCR шинжилгээг орон нутагтаа хийхээр болсон нь ажлаа урагшлуулахад түлхэц болсон байх?

-Аймаг орон нутагтаа шинжилгээг хийж байгаа ч Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн вируслогийн лабораторид цөөхөн хүн ажилладаг. Өдөр шөнөгүй, нойр хоолгүй ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудаа бодох хэрэгтэй.

Эдийн засгийн хэмнэлттэй байхад анхаарч, түргэвчилсэн болон PCR оношилгооны нөөц хумигдах үед аль болох нийтийг хамарсан ажлыг яаж хийх вэ гэдэгт мэргэжлийн хүмүүстэй зөвлөлдсөн. Түргэвчилсэн тестийн хариу сул эерэг гарсан нь оношлуурт бүрэн итгэх үү гэдэг асуудал, нөөц нь дуусах гээд олон хүндрэл учирсан.

-Халдвар нэмэгдмэгц, аймгийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, тэг зогсолт хийсэн. Гэнэтийн шийдвэр иргэдийн бухимдлыг төрүүлж, халдвар тусах, тархах вий гэдгээс эмээж байсан болов уу?

-Хатуу хөл хорио тогтооно гэдэг хүсэх зүйл биш. Хөл хориог удаан хугацаанд барьж чадахгүй юм байна лээ. Дэлгүүр, эмийн санг хаагаагүй үед иргэд “Дэлгүүр орж үйлчлүүлнэ” гэж хэлээд өөр тийшээ явах тохиолдол, зөрчлүүдээс хамаарч гаргасан шийдвэрийн нэг нь тэг зогсолт. Хөл хорио тогтоож, хүмүүс гэртээ олон хоног байна гэдэг нь мэдээж хүндрэлтэй. Халдвар авсан иргэний ойрын, дам хавтал болох тусгаарлагдсан иргэдийн сэтгэл санааг дэмжих хэрэгтэй болсон. Тусгаарлагдсан хүмүүсээс тандалт хийх зорилгоор удаа дараа ярихад уурлаж бухимддаг учраас тэр.

“Нийт хүн амын 70 хувь өндөр стресстэй байна гэсэн” дүгнэлтийг сэтгэлзүйчдийн судалгаа харуулсан. Халдвар тусах, нийтийн дунд тархах гэдгээс эмээсэн нь стрессийн гол шалтгаан гэдгийг тогтоосон. ГБХЗХГ-ийн сэтгэлзүйчидтэй хамтран ажиллаж, дуу, бүжгийн давлагааг урлагийнхан өрнүүлсэн. “Цахиур” спорт сургалтын төвийн багш нар гэртээ хийх дасгал хөдөлгөөнийг онлайнаар заасан гээд олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлсэн гэж бодож байна.

-Цаг хугацааны хувьд өвлийн идэшний үе таарсан. Зэргэлдээ аймгуудаас идэш авах хүсэлтэй иргэдийн бөөгнөрөл үүссэн нь юунаас болов?

-Идшиндээ явмаар байна гэсэн хүсэлт иргэдээс маш их ирсэн. Манай аймгийн иргэд Булган, Сэлэнгэ, Хөвсгөл, Завханаас идшээ авдаг.. Сошиал орчинд тавьсан буруу ташаа мэдээллээс болж иргэдийн бөөгнөрөл үүссэн.

Орхон аймагт ажилладаг бригадууд, компанийн ажилтнууд гэр лүүгээ буцах, орох оронгүй боллоо гэсэн хүмүүс их хандсан. Дан ганц ковид гэлтгүй зохион байгуулах ажлууд зэрэгцэж хамтын хүчээр давж биелүүлсэн. Бие биенийгээ ойлгох, ярьсан зүйлээ ажил хэрэг болгосны эцэст халдвараа дотооддоо хумьж чадсан нь бидний ажлын үр дүн байх…

-Тархалтын нөхцөл байдлаас хамаарч шийдвэрүүд өөрчлөгдсөн. Гаргасан шийдвэрээ богино хугацаанд өөрчилсөн нь АОК, Шуурхай штабын ачааллыг нэмж байсан уу?

-Бид УОК-ын шийдвэрийг дагах үүрэгтэй. АОК дангаар шийдвэр гаргана гэж үгүй. Хэрвээ бидний гаргасан шийдвэр хэрэгжихгүй байвал олон нийт итгэл алдарна. Аливаа цар тахал, эрсдлийн үед оновчтой шийдвэр гаргаж, хэрэгжилтийн биелэлтийг мэдээлэх нь зөв. Шийдвэрт итгэхээ боливол биелүүлэхгүй байх эрсдэлтэй. Эргээд бодоход янз янзын дурсамжууд санагдаж байна. Маргаан, мэтгэлцээн өрнөсөн, хүндхэн үргэлжилсэн хурлууд цөөнгүй бий. Асуудлын голыг нь олсон шийдвэр гаргах нь л чухал. Нэлээн мэдрэмж шаардсан ажил байсныг одоо бодоход ухаарч байна. Комиссын гишүүдийн хэлж буй үг, бүх хүмүүсийн үгийг анхааралтай сайн сонсож дүгнэлт гаргана. Ингэж тандалт судалгааны багийнхантайгаа сайн ойлголцож, ярилцсаны эцэст анхны хавьтлыг тэр дор нь барьж, цаашид халдвар тархахаас сэргийлж ажиллаж байна.

-Маш олон үйл явдлууд богино хугацаанд өрнөсөн л дөө. Зөв шийдвэр гаргаж чадахгүй байх, алдаа гаргах вий гэсэн айдас танд байсан уу?

-Энэ өвчин дахин дэгдэх, хэрвээ хумигдаагүй бол яах вэ гэдгээс болгоомжилсон. Би одоо ч гэсэн айдастай байна. ДЭМБ-ийн захирал тухайн улс, орон нутагт нэг л хүн өвчтэй байвал нийт хүн өвчлөх магадлалтай гэж тодотгон хэлсэн байдаг. Гаргасан шийдвэрүүдийг Эрдэнэт хотын иргэд маань дэмжих нь хамгийн том урам юм. Хэвлэл мэдээллээр зөв өнцөг, мэдээлэл түгээхийн ач холбогдлыг мэдэрсэн. Стресс бухимдалтай хүмүүс эхний мэдээллийг сонсоод л шуурдаг. Их дайралт өгсөн мэдээлэлд бүгд дагаад дайрчихдаг. Эсрэгээрээ эерэг мэдээллийг тайван, сайнаар хүлээж авах жишээтэй.

-Эрүүл ногоон бүс болсон ч эрсдэл байсаар байна. Аймаг орон нутгийн удирдлага, Онцгой комиссыг ахалж байгаа хүний хувьд айдастай хэвээр байгаа гэдгийг ойлгож байна. Цар тахлын ид үед танд юу бодогдож байв?

-Би аль болох тайван байсан. Дуудлага, мэссэжүүд цаг тутамд ирсэн. Над руу идшинд явмаар байна, Сэлэнгэ аймагт самранд явсан иргэд хэцүү байна гэх зэргээр залгаж байлаа…

Иргэд бухимдсан үедээ аятайхан ярихгүй ш дээ /инээв/. Заавал загнаж, зандарч ярина. Тэр бүрт аль болох тохирсон хариулт өгөхийг хичээсэн, уурласан хүнийг дагаад бухимдаад байвал ажил явахгүй.

Мэдээллийн зөв өнцөг гэдгийг ойлгосон гэж та ярилаа. Худал мэдээлэл, олон нийтийг шуугиулах сөрөг мэдээллүүд цахим орчинд тарж байсан. Их ажилтай зэрэгцэж, таны талаар, аймгийн онцгой комиссыг эсэргүүцсэн сөрөг мэдээллийг яаж хүлээж авч байсан бэ?

Тийм мэдээллүүд гарч байсан нь үнэн. Аймгийн онцгой комиссын ажлыг мушгих, энд тэндхийн хүмүүстэй харьцуулах гэх мэт…

Онцгой комиссын мэдээлэл дээр Батжаргал руу дайрч болно, төрийн албан хаагчид руу битгий дайраач ээ гэж хэлсэн. Тандалт хийх эмч, эмнэлгийн ажилтан, мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтан, судалгааны багийнхан тасралтгүй гурав дөрвөн шөнө нойргүй хонож ажилласан. Тэр хүмүүсийг хараад өмөөрөх сэтгэл төрж, олон зүйл бодогдсон. Энэ олон хүнийг нэг хүн рүү чиглүүлж ажлыг нь үгүйсгэж байгаа нь харамсалтай. Голомтод ажиллаж байгаа алба хаагчдын маань ард хайртай гэр бүл, үр хүүхэд, аав, ээж нь хүлээж суугаа шүү дээ.

Батжаргал руу дайрч болно, төрийн албан хаагчид руу битгий дайраач ээ
Хөл хорио тогтоосон үед голомтод, тандалт судалгаа авах ажил зэрэг онцгой нөхцөлд 1200 гаруй төрийн албан хаагч ажилласан. Тэд голомтод ажиллахдаа өөрсдийгөө хамгаалан, халдвар авах эрсдлээс сэргийлэн хичээж байсан юм.

Эхний батлагдсан 13 тохиолдлын ойрын хавьтлууд онцгой комисс, шуурхай штабт ажиллаж байхыг үгүйсгэхгүй. Тухайн үед хоёр орлогчоо хүртэл очуулдаггүй байлаа ш дээ. Би өөрөө эрсдэлтэй газар орчихсон байна. Тийм учраас та хоёр ажил дээрээ байж бай гэж хэлээд, PCR шинжилгээ өгтлөө тэгж явсан.

-Хэдийгээр цар тахлыг хумихад аймаг орон нутгийн удирдлагуудын үүрэг, шийдвэр чухал ч иргэдийн ухамсар, үүрэг хариуцлага гэж байдаг. Дотооддоо халдвараа барьсан нь баг хамт олны хүч. Одоо цаашид хийх ажлуудад анхаарлаа хандуулж байна уу?

-Бид зохион байгуулалттайгаар аймгийнхаа иргэдийг татан авч байна. Хүнс, ачаа тээвэрлэлт тасалдалгүй явах ёстой. Ямар нэгэн байдлаар хяналт бага хэмжээнд сулрах, коронавирусийн халдвар нууц үедээ мэдэгдэлгүй, зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэл байна.

Халдварын голомтоо дотооддоо хумьснаар ажилдаа ирэхэд сэтгэл санаа өөдрөг байх болсон. Тархалт үргэлжлэх хугацаанд ажилчдадаа тавих шаардлага чанга хатуу байсан бол, одоо маш сайн ажиллаж байгаа гэдгийг нь хэлэх, урам өгч байна.

Байр, хорооллоор нь зааглаж, гол замуудаа блокоор хашсан нөхцөлд ажиллахад мэдээж хүнд. Дайны үеийн кино санаанд орохоор байлаа ш дээ…

Тандалт судалгааны хариу арга хэмжээний багийнхандаа, бүх төрийн албан хаагч, цагдаа, онцгой, хүчний байгууллага, эмнэлгийн ажилчид, сургууль, цэцэрлэг, ЗДТГ-ын ажилтан албан хаагч нар, тэргүүн эгнээнд зүтгэсэн хүмүүстээ маш их баярлаж байгаа. Ядарсан үед нэгнийгээ дэмжсэн сайхан сэтгэл монголчуудад байдгийг Эрдэнэтчүүд харуулсан. Аймгийн онцгой комисст хандив тусламж өгсөн хүмүүстээ талархал илэрхийлье.

Сэтгүүлч Ц.АРИУНЧИМЭГ

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.