Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа болон бусад албаныхан Баянгол дүүрэгт ашиглалтад оруулахад бэлэн болсон Ахмадын сувилал, хүүхдийн эмнэлэгт очжээ.
Хотын дарга С.Батболд “Уг эмнэлгийг ойрын хугацаанд улсын комисс ажиллуулаад ашиглалтад хүлээж авна. Баянгол дүүрэг, нийслэл хамтарсан хөрөнгө оруулалт хийж, жишиг болохуйц эмнэлгийн барилгыг ийнхүү бэлэн болгоод байна. Би бүрэн эрхийнхээ хугацаанд Улаанбаатар хотод 2-3 хүүхдийн эмнэлгийг ашиглалтад оруулна гэсэн зорилт дэвшүүлсэн. Зорилт, хөтөлбөрийнхөө хүрээнд хийж буй хамгийн эхний эмнэлэг Баянгол дүүрэгт бий боллоо.
Орчин үеийн стандарт хангасан ахмадын сувилал, хүүхдийн эмнэлэг хоёр цуг байгаа нь эмнэлгийн ачааллыг зохицуулахад менежментийн зөв алхам болсон. Яагаад гэвэл ханиад томуу ихээр дэгддэг улиралд хүүхдийн ор хүрэлцдэггүй. Энэ үеэр хүүхдийн орныхоо тоог нэмэгдүүлж, харин хүүхдийн өвчлөл буурсан үед ахмадуудынхаа орыг нэмэгдүүлэх гэх мэт менежмент хийгээд ажиллах бүрэн боломжтой. Ахмад настан, хүүхдүүдэд харьяалал харгалзахгүйгээр үйлчлэх эмнэлэг ашиглалтад ороход бэлэн боллоо” гэв.
Орчин үеийн стандарт хангасан ахмадын сувилал, хүүхдийн эмнэлэг хоёр цуг байгаа нь эмнэлгийн ачааллыг зохицуулахад менежментийн зөв алхам болсон.
Тус эмнэлэг нь хүүхдийн 60, ахмадууд хэвтэн эмчлүүлэх 60 орны хүчин чадалтайгаас гадна орчин үеийн, стандартын шаардлага хангасан шинэ тоног төхөөрөмж бүхий барилгын тохижилтоос бүрджээ.
Уг эмнэлэгт дүүрэг, хороо харгалзахгүйгээр нийслэлийн ахмадууд болон хүүхэд багачууд үйлчлүүлэх боломжтой юм. Дэлхийн эрүүл мэндийн стандартаар 1000 хүүхэд тутамд дөрвөн ор оногдох ёстой.