Хятадын хамгийн том сошиал медиа, видео тоглоомын компани болох Тэнсэнт авлигатай тэмцэх ажлынхаа хүрээнд зөрчил гаргасан 100 гаруй ажилтнаа халж, 37 компанитай түншийн харилцаахаа салгаж, хар жагсаалтад оруулсныг өнөөдөр зарлажээ.
Ингэхдээ зөрчил гаргасан ажилтан, түнш компаниудын нэрсийг зарлаж, нийтэд жигшүүлэх арга хэмжээг авсан байна.
Тухайлбал видео тоглоомын салбарын нэг ажилтан нь албан тушаалаа ашиглан харилцагч байгууллагад давуу тал олгосныхоо хариуд хээл хахууль авдаг байсныг мэдээлжээ.
Сүүлийн жилүүдэд Хятадын технологийн компаниудын зах зээлийн үнэлгээ үлэмж хэмжээгээр өссөнтэй зэрэгцэн хууль бус, ёс зүйгүй үйлдэлтэй нэр холбогдохоос ихээхэн болгоомжилдог болоод байгаа.
2018 онд Алибаба Группын видео стриминг үйлчилгээний компани Youkou-гийн захирал Ян Вэйдон
авлигын хэрэгтэй холбогдож, долоон жилийн хорих ял сонсож байв. Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпиний олон жилийн өмнөөс эхлүүлсэн авлигын эсрэг дайн интернэтийн салбарынхныг ч тойрохгүй нь эндээс харагдсан юм.
Тэр үеэс хойш Хятадын технологийн компаниуд дотоод хяналт шалгалтаа нэмэгдүүлж, авлигын эсрэг авсан арга хэмжээгээ нийтэд тогтмол танилцуулдаг болжээ. Тэнсэнт нь WeChat тэргүүтэй сошиал платформууд, PUBG Mobile зэрэг видео тоглоомуудыг эзэмшдэг Хятадын интернэтийн томоохон тоглогч юм.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.