Эрчим хүчний эх үүсвэрт холбогдоогүй 10 мянган өрх байна

2020-12-28 Нийслэл

“Тог, цахилгаангүй нийслэл хот гэж XXI зуунд байх ёсгүй”-г Нийслэлийн Засаг дарга Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр тодотгоод, эдгээр өрхийг эрчим хүчний эх үүсвэрт холбоход шаардлагатай төсөв санхүү, төлөвлөгөөг яаралтай боловсруулан, ойрын хугацаанд танилцуулахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр болон албаныханд өгөв.

Учир нь нийслэлийн хэмжээнд эрчим хүчний эх үүсвэрт холбогдоогүй 10 мянга гаруй өрх бий. Тиймээс энэхүү мэдээллийг өнөөдөр Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр авч хэлэлцэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар ойрын өдрүүдэд нийт нутгаар эрс хүйтэрч байгаа тул нийслэлд цахилгаан, дулааны тасалдал үүсгэхгүй байх, сайжруулсан шахмал түлшний түгээлтэд анхаарахыг үүрэг болголоо.

Түүнчлэн, коронавирусний халдварын нөхцөл байдалтай холбогдуулан эмнэлгүүдийн халдвар хамгааллын дэглэм, эмч ажилтнуудын хамгаалалтын хувцас хэрэглэлд онцгой анхаарахыг Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатарт даалгав.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.