Улаанбаатар хотод хоёр дахь удаагийн хатуу хөл хол хорионы дэглэм хэрэгжиж байна. Энэхүү хүрээнд 15 чиглэлийн аж ахуйн нэгж л өөрийн үйл ажиллагаанд ашигладаг автомашинд QR код бүхий зөвшөөрөл авч зорчиж буй юм. Харин энгийн иргэд шаардлагатай тохиолдолд нийтийн тээврийн хэрэгсэлээр хөл залгуулж байна. Учир нь энэ удаад нийтийн тээврийн хэрэгсэл энгийн хуваарийн дагуу үйлчилж байгаа юм. Тодруулбал, 927 нийтийн тээврийн хэрэгсэл, 503 такси иргэдэд үйлчилж байна. Гэвч НОК-оос бэлэн мөнгөөр тээврийн хэрэгсэл үйлчилж болохгүй энэ нь халдвар хамгаалалтын журам зөрчинө гэсэн хатуу шийдвэрийг гаргасан. Гэтэл “U MONEY” карт цэнэглэх цэгүүд ажиллахгүй байгаа нь иргэдийг бухимдуулж байна.
Уг нь нийслэлийн хэмжээнд “U money” карт цэнэглэх 1100 гаруй цэг байдгаас 300 гаруй нь хөл хорионы үед үйлчилгээ үзүүлж байгаа юм. Гэхдээ эдгээр ажиллаж буй цэнэглэх газрууд нь явуулын байдлаар буюу тогтсон байрлалд бус пос машинаар “U money” карт цэнэглэх үйлчилгээ үзүүлж байгаа юм.
Тиймээс иргэдийн тухайд, “U money” картаа хэрхэн цэнэглэх учраа олохгүй, энэхүү карт цэнэглэх явуулын ажилтнуудтай хэзээ, хаана, хэдэн цагт тааралдаж картаа цэнэглүүлэх нь ёстой л аз шаардсан хэрэг болоод байна.
Нөгөөтэйгүүр, картын үлдэгдэл хүрэлцэхгүйн улмаас үнэгүй зорчих нь элбэг болсон талаар автобусны жолоочид тодруулж буй юм. Хэрвээ бүгд ийнхүү үнэгүй зорчвол автобус компаниуд алдагдалд орох цаашлаад бензин тос, ажилчдын цалин хөлсөө бүрдүүлэхэд хүндрэл учрах эрсдэлтэй гэдэг нь ойлгомжтой.
Энэ талаар Зорчигч тээврийн нэгтгэлийн ажилтан н.Цэрэнлхамаас тодруулахад “Бид Сансраас-Ардын эрх хүртэлх автобусны буудлаар явж, пос машинаар карт цэнэглэж байна. Маш эрэлттэй байгаа. Зөвхөн карт цэнэглэхээс гадна бусад боломжийн талаар зөвлөгөө өгдөг. Жишээлбэл, гар утсандаа “Hi-pay” аппликейшн суулгаж, хүссэн үедээ картаа цэнэглэх боломжтой. Мөн CU, Cirkle K, Эко экспресc, Emart, Номин зэрэг сүлжээ дэлгүүрүүдэд “U money” карт цэнэглэнэ. Мөн 225 шалгагч автобусны буудал дээр зогсож, нийтийн тээврийн үйлчилгээнд хяналт тавьж, зорчигчдод халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэх үүрэг гүйцэтгэж байна” гэв.
Тэгэхээр энгийн иргэдийн хөлийг явгалахгүйн тулд мөн автобус компаниудыг алдагдлаас хамгаалж энэхүү байдалд ямар нэгэн гарц эрэлхийлэх хэрэгтэй байгаа нь өнөөдрийн энэхүү нөхцөл байдлаас харагдаж байна…
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.