Шуурхай: Нийслэлд ирэх сарын 6-н хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтооно

2020-12-21 Нийслэл

Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар Улаанбаатар хотод энэ сарын 23-наас ирэх сарын 6-ны 06.00 цаг хүртэл Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоох шийдвэр гаргажээ.

Шадар сайд Я.Содбаатар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийхдээ ЭМЯ, ХӨСҮТ, эрдэмтэн судлаачид, ХӨСҮТ-ийн саналыг үндэслэн ийнхүү шийдвэрлэснийг онцлов. Мөн шийдвэр гаргахдаа хөдөө орон нутаг руу явсан иргэдийг нийслэлд эргэж ирэх боломжийг хангах үүднээс энэ сарын 23-ны 06.00 цагаас хэрэгжүүлэх болсныг дурдсан юм.

Тэрбээр “Засгийн газар цар тахал гарснаас хойш иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах асуудлыг нэгдүгээрт тавьж байна. Тиймээс голомтыг хумих, тархалтыг зогсоох, эрүүл мэндийн салбарын ачааллыг хэтрүүлэхгүй байх стратеги барьж байгаа. Баянзүрх дүүрэгт голомтолж гарч байгаа халдвар өдөрт 20-30 хүнд илэрч байна. Хэдийгээр ойрын болон дам хавьтлын хүмүүсээс илэрч байгаа. Гэхдээ энэ сарын 11-15-нд эмнэлгээс гарсан хүмүүст халдвар илэрсэн. Энэ хүмүүс иргэдийн дунд байсан учраас халдвар тархах эрсдэл өсөж магадгүйг мэргэжлийн байгууллагууд мэдэгдэж байгаа. Дэлхийн 192 оронд хөл хорионы дэглэм тогтоогоод байна. Ялангуяа, Англид мутацид орсон коронавирус илэрсэн. Шинэ жилийн баярын үеэр олон хүн цугларч, халдвар тархах эрсдэл нэмэгдэх тул олон орон хөл хорио тогтоож байгаа. Монгол Улсын хувьд нийтээр Шинэ жилийн баяр тэмдэглэхгүй ч иргэдийн хөл хөдөлгөөн тодорхой хэмжээгээр нэмэгдэх тул эрсдэл өсөж магадгүй гэж дээрх шийдвэрийг гаргаж байна” гэлээ.

Өмнөх бүх нийтийн бэлэн байдлын хугацаанд 13 салбар хэвийн ажиллаж байсан. Харин энэ удаад 15 салбар хязгаарлалтгүй ажиллах юм.

Хязгаарлалтгүй ажиллах 15 салбар: 

-Эрчим хүч, дулаан, шахмал түлш

-Хүнсний хангамжийн үйлдвэрлэл, түгээлт, тээвэрлэлт

-Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлт

-Малын өвс тэжээлийн түгээлт, тээвэрлэлт

-Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, хүч хэрэгслийн хангамж, тээвэрлэлт

-Нийтийн тээвэр, зөвшөөрөлтэй такси үйлчилгээ

-Хот суурин улсын хангамж ариутгал, татуургын ашиглалт

-Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж

-Банкны салбарын үйл ажиллагаа

-Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан

-Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд

-Хууль тогтоох байгууллага, шүүх, прокурор, өмгөөлөл, нотариатын  үйлчилгээ /Тодорхой журмаар зохицуулагдана/

-Төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа /Төрийн захиргааны албаны ажилчдын 10-15 хувийг ажиллуулна/

-Хүүхэд хамгаалал, асрах хамгаалах байрууд

-Буян, оршуулгын үйл ажиллагаа

Энэхүү хэвлэлийн бага хурлаар албаны хүмүүс дараах асуултад хариуллаа.

-Халдварыг өмнө нь цурманд оруулсан гэж байсан. Гэвч өнөөдөр Баянзүрх дүүрэг шинэ голомт болчихлоо. Үүнд, та салбарын сайдын хувьд хариулт өгнө үү?

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан:

-Цар тахлыг цурманд оруулах, коронавирусийг устгана гэдэг хоёр өөр ойлголт. Өмнө нь өдөрт дээд тал 47 илэрч байлаа. Үүний дараа нэг, хоёр илэрдэг болсон. Ойрын хавьтлуудыг олж шинжилгээнд хамруулж өмнө нь бол тархалтыг хумиж чадсан. Одоо бол шинэ голомт үүссэн. Бид ойрын болон хоёр дахь хавьтлуудыг олж тогтоох боломж байлаа. Гэвч энэ удаад эмнэлгээс илэрлээ. PCR-ийн шинжилгээнд хамрагдсан хүн эмнэлэгт хэвтэж халдвар тараалаа. Үүнийг нь цааш тараахгүйн тулд энэ арга хэмжээг авч байна. Аймгуудад сүүлийн хэд хоног халдвар илэрсэнгүй. Анхны голомтуудыг бол хумиж чадсан. Одоо энэ голомтыг гадагшаа алдахгүйн тулд энэ арга хэмжээг авч байна. Улаанбаатар хотод 415 мянган өрхөд “Нэг өрх-нэг шинжилгээ” аяныг зохион байгуулах нь утгагүй. Учир нь голомт нь тодорхой байгаа учир 1500 хүнд PCR шинжилгээ хийгээд хүмүүсийг тогтоож байна. “Нэг өрх – нэг шинжилгээ” аяныг хүн бүрт хийхгүй.

-ХӨСҮТ-ийн цагдаа болон Эрүүл мэндийн яамнаас хамтарсан баг гарч, шалгалт явуулсан гэсэн. Энэ шалгалтын хариу юу болсон бэ?

-ХӨСҮТ-ийн эм, эмнэлгийн хэрэгслийн устгал, бохир цэвэр усны шугамтай холбоотой асуудлууд бий. ЦЕГ-ын дарга С.Баатаржаваар ахлуулсан баг ХӨСҮТ-д орж ажилласан. Энэ баг дүгнэлтээ танилцуулсан. ХӨСҮТ-д зохион байгуулалтын чанартай арга хэмжээ авч хэрэгжүүлэх саналууд гаргасан. Сүүлийн нэг жилийн турш энэ байгууллага ачаалал ихтэй ажилласан. Зарим тасгийн усанд орох систем эвлэрсэн. Зарим цонх, хаалгыг солих шаардлага үүссэн. Ачааллыг бууруулах арга хэмжээ авч байна. Эрүүл мэндийн сайдад үүрэг өгсөн. Энэ долоо хоногийн сүүлчээр энэ эмнэлэг бүрэн хүчин чадлаараа ажиллана гэв.

-Баянзүрхийн эмнэлэгт өөр дүүргийн хүмүүс хэвтэж байжээ. Харьяалал өөр хүмүүс өөр дүүргийн эмнэлэгт хэвтээд байна. Энэ тал дээр зохицуулалт байна уу?

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан:

-Дүүргийн эмнэлгүүд нийслэлийн харьяанд байдаг мөн Баянзүрх дүүргийн эмнэлэг хувьчлагдсан болохоор ямар хүмүүсийг авахаа өөрсдөө шийднэ.

Эмнэлгүүдийн эргэлтийг хэрхэх вэ?

-Сахиуруудыг хянах боломжгүй. Эмнэлэгт хэвтэх гэж байгаа бүх хүмүүсээс л PCR шинжилгээ авч байгаа. Эргэлтийг бид хязгаарлаж байгаа. Хувийн эмнэлгүүд эргэлт орж гарч байсан тохиолдлууд байсан.

14 хоногоор хөл хориог сунгахаар тархалтыг барьж чадах уу?

-14 хоногийн нууц үеийн хугацааг дуустал хөл хориог сунгах санал гарсан. 14 хоногийн дараа дахиад сунгахгүй гэж хэлж чадахгүй.

-Мутацид орсон коронавирусийн халдвар авсан хүмүүс зөөвөрлөгдөөд ороод ирсэн юм биш биз дээ. Сая Франкфуртаас нислэг ирлээ?

-Вирусийн төрлийн хувьд аль улсын вирус орж ирсэн бэ гэдгийг тогтоохгүй байгаа. Европоос ирсэн хүмүүс тусгаарлах байранд байгаа учир халдвар тараах эрсдэл бага байгаа. Манай улсад орж ирсэн вирусийг Ухань хотын вирус уу, үгүй гэдгийг хэлж чадахгүй.

-Эмч нар халдвар аваад эдгэрч байна. Ер нь эмч нарын нөөц бололцоо ямар байгаа вэ?

-Баянзүрхэд л гэхэд 12 эмнэлгийн ажилчид халдвар авсан. Бидэнд хүний нөөцийн хангамж бий. Халдвар хамгааллын дэглэм барих тал дээр сургалт явуулсан. Цаашид хүний нөөцийн хомсдол эмнэлэг ачааллаа даахгүй тохиолдол гарахгүй бол хэвийн.

-Орны нөөц бололцоо хэр байгаа вэ?

-Орны хувьд халдвар авсан хүмүүсийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэгт эмчилж байгаа. Яармагийн эмнэлэгт 500 ор бэлдсэн байгаа.Орны нөөц хүрэхгүй гэх шалтгаан алга. ХӨСҮТ-ийн зүгээс хөнгөн хүмүүсийг Яармаг руу шилжүүлж байна. Одоо ХӨСҮТ-д хүнд болон хүндэвтэр 18 хүн байна. 14-өөс дээш хоносон хүмүүс халдвар тараах эрсдэл бага. Зөөвөрлөх явцад халдвар тараах эрсдэл тун бага. Эмч, эмнэлгийн ажилчдын орчин нөхцлийг сайжруулах тал дээр ажиллаж байна. Одоо бид ариутгал болон зохион байгуулалтын өөрчлөлтийг ХӨСҮТ-д хийж байна.

-Эмч нар ачааллаа даахгүй халдварыг алдсан гэнэ. Энэ үнэн үү?

-Орны даац хэтэрсний  улмаас эмч эмнэлгийн ажилчид халдварыг алдсан гэж хэлж болохгүй. Халдвар хамгааллын дэглэм зөрчсөн байж магадгүй гэх дүгнэлт ХӨСҮТ дээр гарсан.

“МАХ, ГУРИЛЫН НӨӨЦ БИЙ”

-Хүнсний хэрэгцээ огцом нэмэгдэж байна. Манай улсад хүнсний хангамж бий юу?

ХХААХҮ-ны сайд З.Мэндсайхан:

-Мах, гурил, будааны нөөц бий. Өндөг нэг хоногийн нөөцтэй байна. БНХАУ-аас ирдэг хүлэмжийн ногооны импорт бүрэн зогссон байгаа. Цаад талд хүнсний ногооны наад талд махны импортын бөөгнөрөл үүсээд байна. Өндөгний хувьд дотоодын үйлдвэрлэгчид 500-550 мянган өндөг өдөр бүр нийлүүлж байгаа. ОХУ-аас өнөөдөр л гэхэд дөрвөн вагон өндөг орж ирсэн. Гэвч хэрэглээгээ дийлэхгүй байна. Найман вагон өндөг наашаа гарсан. Хөл хорио тогтоосон ч хүнсний дэлгүүрүүд хэвийн ажиллана.

“СОГТУУРУУЛАХ УНДАА ЗАРАХ ЭСЭХИЙГ НОК ХЭЛЭЛЦЭЖ ШИЙДВЭРЛЭНЭ”

-Хүргэлтийн үйлчилгээ цааш ямар зохицуулалтаар явах вэ?

Нийслэлийн Засаг Даргын орлогч Ж.Сандагсүрэн:

-Хүргэлтийн үйлчилгээг хүлээн зөвшөөрөхгүй.

-Хувийн машинаараа явж болохгүй юу. Автобус цэнэглэх түцнүүд ажиллахгүй байгаа?

-Автобусны картыг бусад цахим аргаар цэнэглэж болно. Хэрэв үнэхээр чадахгүй бол тодорхой газруудад цэг нээнэ. Жолоочтой бэлэн мөнгөөр харьцаж болохгүй. Хэрэв мөнгө нэхвэл бид хатуу арга хэмжээ авна.

-Өнөөдрийн энэхүү шийдвэртэй холбогдон вино, шар айргийг иргэд ихээр нөөцөлж байгаа талаар цахим орчинд шуугиж байна. Энэ тал дээр зохицуулалт хэзээ гарах вэ?

-Энэ асуудлаар Нийслэлийн онцгой комисс хуралдаж, шийдвэр гаргана.

Өнөөдрийн онч үг

19 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.