Хүүхэд хөл хорионд орсноор сэтгэлзүйд нь олон өөрчлөлт гарч байгааг эцэг, эхчүүд анхаарсан биз. Тэгвэл энэ талаар СЭМҮТ-ийн Хүүхэд өсвөр үеийн клиникийн эрхлэгч Л.Цэрэндолгор дараах зөвлөгөөг өгч байна.
-Хүүхдүүдийн хувьд коронавирусийн халдварын эрсдлээс үүдэлтэй 2 дахь удаагаа хөл хорионд орлоо. Өмнө нь сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож байсан бол энэ удаад нийтээрээ бэлэн байдлын зэрэгт шилжээд байна. Ингэснээр хүүхдүүдийн сэтгэл зүйд нэлээд хүнд цохилт болж, олон өөрчлөлт гарч байх шиг байна. Энэ үед эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ хэрхэн харьцах вэ?
-Халдварын нөхцөл байдал амаргүй байна. Тиймээс хүн бүр өөрийгөө халдварт өртөхөөс хамгаалах хэрэгтэй. Тэр дундаа эцэг, эхчүүд энэ үед хүүхэдтэйгээ илүү ойр дотно байж, тэднийгээ ойлгох нь чухал.
Хөл хорионы үед хүүхэд чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлэх тал дээр сайн анхаарах хэрэгтэй. Учир нь өмнө нь хүүхэд хичээлдээ явж, бусад үед нь даалгавараа хийх, тоглох гэх мэтээр өдрийн тогтсон дэглэмтэй байсан. Харин хөл хорионы үеэр энэхүү дэглэм алдагдаж, ихэнх цагийг хүүхдүүд юу хийж өнгөрүүлэхээ мэдэхгүй байх байдлаар өнгөрөөх нь бий. Үүнээс улбаатай дэлгэцийн донтол, сэтгэл гутралд өртөх эрсдэл нэмэгддэг. Иймээс эцэг эхчүүд болон асран хамгаалагч нар хүүхдийнхээ өдөр тутмын хэрэглээнд хяналт тавьж, юу хийж болох талаар нэлээн сайн анхаарч хүүхэдтэйгээ хамтдаа ярилцаж, өдрийн хөтөлбөрийг боловсруулан гаргах хэрэгтэй. Ингэснээр хүүхдийнхээ өдөр тутмын үйл ажллагаанд нь хяналт тавих боломжтой болно.
-Мэдээж хүүхдийн нас насны онцлог өөр байх..?
-Бага насны хүүхдүүдтэй өдөрт 10-15 минут зурагт ном уншиж өгөөд тухайн номон дээр гарсан үйл явдал агуулгын талаар эргэн ярилцаж болно. Ингэснээр хүүхдийн анхаарал төвлөрөл сайжрах, мөн өдрийг сонирхолтойгоор өнгөрүүлэх боломж нэмэгддэг.
Мөн хүүхдээ зураг зуруулах баримлын шавраар бүтээл хийж, цаасаар хайчилбар хийлгэх гэхчлэн хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх олон аргууд бий. Эдгээрээс сонгон авч хүүхдийнхээ сонирхолд нийцүүлэн хэрэглэж сургаарай.
Гэхдээ хүүхдийг хийгээрэй гээд орхих биш. Харин хүүхэдтэйгээ хамтран хийвэл илүү хөгжилтэй, сонирхолтой байдаг. Ингэснээр хөл хорионы үеэр хүүхдийнхээ сэтгэл зүйг дэмжин, гайхалтай сайхан дурсамжийг бүтээх боломжтой болно.
-Хөл хорионд орсноор хүүхэд дэлгэцийн донтой болох нь элбэг. Дэлгэцийн хэрэглээнд хэрхэн хяналт тавих вэ?
-Дэлгэцийн хэрэглээнд нь хяналт тавих нь чухал. Бага насны буюу 2 хүртлэх насны хүүхдэд дэлгэцийн хэрэглээг огт хэрэглэхгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй. Иймээс хүүхдэйгээ илүү амьд харилцаатай байж, ярилцах, хамт тоглох нь чухал. Эцэг эх хүүхэддээ аль болох цаг гаргах нь чухал юм.
Харин 2-5 нас буюу сургуулийн өмнөх насны хүүхдийн дэлгэцийн хэрэглээ буюу зурагт, гар утас, таблитыг өдөрт 1 цагаас хэтрүүлэхгүйгээр хэрэгжүүлж хэвших. Гэхдээ нэг цаг үргэлжүүлэн хэрэглэх биш дунд нь заавал завсарлагаатай байх ёстой. Ингэвэл хүүхдийнхээ сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах боломжтой
6-12 насны хүүхдүүд буюу сургуулийн бага ангийн сурагчид дэлгэцийн хэрэглээ 1.30-2 цагийн хугацаатай байхад хяналт тавьж сураарай. Мөн адил энэ хугацаанд завсарлага чухал.
Өсвөр насны буюу 13-19 насны хүүхдүүдийн дэлгэцийн хэрэглээ хоногт 3 цагаас хэтрэхгүй байхаар хяналт тавиарай. Дунд нь мөн завсарлага чухал. Хоол цайг нь идүүлэх, амраах болж өгвөл унтуулах хэрэгтэй. Ингэснээр хүүхдийн дархлааг дэмжихээс гадна сэтгэцийн эрүүл мэндийг нь хамгаалах боломжтой.
-Хүүхэд дэлгэцийн донтолтоос гадна ганцаардмал, хэт дотогшоо болж байгаа мэдрэмж төрдөг шүү дээ. Энэ тал дээр эцэг, эх хүүхэдтэйгээ хэрхэн харьцвал дээр вэ?
-Хөл хорионы үеэр хүүхэдтэйгээ цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд хамгийн түрүүнд анхаарах хэрэгтэй. Энэ чиглэлээр аль болох хүүхэддээ тусламж дэмж. Мөн хүүхдийнхээ мэдрэмжийг нээхэд нь сайн туслах хэрэгтэй.
-Хүүхэд нийгмийн харилцаанаас тусгаарлагдсанаар ганцаардах, гуниглах, гэр бүлийнхнээсээ өөрийгөө тусгаарлах байдал ажиглагдаад байх шиг?
-Хүүхдүүд найз нөхөдтэйгөө уулзах, тэдэнтэйгээ тоглох, сургууль, цэцэрлэгтээ явж нийгмийн харилцаанд оролцдог байсан бол энэ харицлаа үгүй болсноор үгүйлэгдэх энэ хэрэгцээ нь хангагдахгүй болсноор бухимдах, түрэмгийг авир гаргах нь бий. Өмнө нь гаргаж байгаагүй зан авирыг гаргах гэх мэтээр хүүхдүүдэд сөрөг мэдрэмсж үүсэж болзошгүй тул мэдрэмжийг нь хуваалцаж, ил гаргаж өгөхөд нь сайн дэмжих хэрэгтэй.
-Яаж дэмжих вэ?
-Аль болох тэднийг сайн сонс. Яаж байна, юу болж байна, чамд юу мэдрэгдэж байна. Ээж нь, аав нь чамд яаж туслаж дэмжих вэ гэх мэтээр хүүхэдтэйгээ харьцаж, мэдрэмжийг нь гадагшлуулж өгөөрэй. Харин сонсохдоо шүүмжилж, буруутгаж болохгүй. Мөн хэлж байгаа үгийг нь таслалгүй сайн сонс. Ингэвэл хүүхэд тань танд итгэж, өөрийнхөө мэдрэмжийг илүү нээлттэй болгоно.
Өсвөр насны хүүхдүүдэд мөн энэ аргыг хэрэглэж болно. Энэ насны хүүхдүүд нийгмийн болон найз нөхдийн харилцаанд түлхүү оролцдог. Гэтэл харилцаа хоригдсоноос хүүхэд бухимдах, илүү дотогшоо болох гэр бүлийн харилцаанд оролцохгүй, ганцаараа цагийг өнгөрүүлэхэд анхаарах дэлгэцийн хэрэглээнд хэтэрхий их цаг гаргах, өрөөндөө ганцаарөө байхыг илүүд үзэх гэх мэт үйлдлийг гаргаж болно. Харин энэ үед хүүхдээ буруутгаж, үгүйсгэж зэмлэж болохгүй.
Яагаад байгаа талаар нь амьд харилцаа үүсгэж, дотно ярилцах нь чухал. Хүүхэдтэйгээ ярилцахдаа огт шүүмжилж болохгүй гэдгийг анхаараарай. Өсвөр насны хүүхдүүд эцэг эх нь өөрийг нь ойлгоосой, дэмжээсэй гэж маш их хүсдэг. Энэ хэрэгцээг нь хангаж өгвөл өсвөр насны хүүхдүүд өөрийгөө бүрэн нээж, хэцүү байгаа асуудлаа ярина.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.