Монгол Улс уг нь парламентын засаглалтай. Гэвч өнөөдөр улс орны эдийн засаг цаашлаад төрийн жолоог У.Хүрэлсүхийн танхим дангаараа шахуу удирдах болов. Харин засаглалын голыг атгах ёстой УИХ-ын хэдэн гишүүн нь иргэд сонгогчийн хэмжээний мэдээлэлтэй шахуу цахим хурал хийж суух жишээний. Хэлэлцэж буй асуудлаа нэг талаас нь олон өнгөөр лавласаар эцэстээ хэрүүл маргаантайхан тэгсхийгээд хурлын цаг нь дуусах. Зарим нь ч бүр зургаа үлдээгээд, хурлаас бултаж байдаг шүү. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүд аливаа асуудалд шийдвэрлэх түвшинд бус зөвхөн байр суурь илэрхийлэх байдлаар төрийн ажилд оролцох болсоор удлаа.
Засгийн газар л гаднаас авсан нийт зээл, тусламж, төсөв гээд улсын зоос мөнгийг зарцуулж байна. Тухайлбал, тус танхимын тодотгосноор зээл, тусламжийн хэмжээ 1.9 их наяд хүрсэн мэдээтэй. Түүнчлэн ДНБ-ний 9.9 хувьтай тэнцэх хөрөнгийг цар тахлын хүрээнд зарлагдсан гэх…
Тэгэхээр энд нэг зүйлийг тодотгоход, дэлхийг ч барьц алдуулж буй цар тахлын үед энэ хэмжээний хөрөнгө мөнгийг иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө зарцуулалгүй яахав. Хамгийн гол нь энэ их зоосыг юунд зарцуулав. Өнөөдөр яг бэлэн тоолох цар тахлаас сэргийлэх вакцин авах хөрөнгө мөнгө бий юу гээд Ерөнхий сайдад хаяглах бум түмэн асуулт ургаж байна. Ингээд зогсохгүй энгийн иргэд санхүүгийн хувьд, шалан дээр унахад бэлэн боллоо. Тэр дундаа өдрийн орлогоороо амь зуудаг 180 мянган өрх эмзэг гэсэн бүлэг рүү ороход тун ч ойрхон ирлээ. Мөн МҮХАҮТ-ийн судалгаанаас харахад 263 мянга 900 иргэн ББСБ болон мөнгө хүүлэгчдээс өндөр хүүтэй зээлтэй гэсэн судалгаа байна. Жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт 800 мянган хүн ажиллаж амьдралаа залгуулж байгаа. Өнөөдрийн байдлаар энэ салбараас 1579 аж ахуйн нэгж 238 тэрбум төгрөгийн зээл авах хүсэлтээ өгсөнөөс 1400 нь 300 хүртэл сая төгрөгийн зээл хүсчээ. Тэгэхээр тэдний олонхи нь бичил бизнес эрхлэгчид байна.
Энэ бүх судалгаанаас харахад өнөөдөр Засгийн газар УИХ-ын зүгээс чиглэсэн ямар ч бодлого хөнгөлөлт алга. Тэгэхээр одоо яах вэ. Бүх нийтийн эрүүл мэнд, амь насанд нөлөөлөхүйц цар тахал бол давагдашгүй хүчин зүйл. Энэ давагдашгүй хүчин зүйлийг хэрхэн давж гарах бодлогыг боловсруулах үүрэг нь Засгийн газрынх. Засгийн газар бодлогоо гаргаад, УИХ-д өргөн барих ёстой. Энэ дагуу УИХ эцэслэн батлах учиртай. Гэтэл дөнгөж хэдхэн хоногийн өмнө батлагдсан 2021 оны улсын нэгдсэн төсөвт энэ талаар ямар ч бодлого алга. Юун музей, усан оргилуур барихад хөрөнгө мөнгө гаргах вэ. Иргэдийнхээ голыг таслахгүй шиг төсөвт вакциныхаа хэдэн төгрөгийг суулгаад, графикийн дагуу төлдөг хэдэн бонд, өр ширээ дөнгөж байвал барав бус уу, Ерөнхий сайд аа…
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30409
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.