Кхао Яй хүрээлэнд жуулчдын үлдээсэн хогийг хаягаар нь шуудангаар илгээжээ

2020-09-18 Ертөнц


Тайландын тусгай хамгаалалттай газар нутагт аялсан жуулчид үлдээсэн хогоо шуудангаараа  хүлээн авдаг болох нь. Өнгөрсөн амралтын өдрүүдэд тус улсын нийслэл Бангкокоос холгүй байдаг Кхао Яй үндэсний цэцэрлэгт хүрээлэнд аялсан иргэд их хэмжээний хог хаясан байна. Тэдгээр жуулчдын үлдээсэн хогийг савлан шуудангаар явуулахад бэлэн болсон талаар Тайландын байгаль орчны сайд Варавут Силпа-арча мэдээлжээ.

Тэрбээр Лхагва гарагт хайрцагласан хогны зургийг Фэйсбүүк хуудсандаа нийтэлсэн байна.

Цэцэрлэгт хүрээлэнд нэвтрэхийн тулд иргэд хувийн мэдээллээ бүртгүүлдэг тул хогны эзэд тодорхой байжээ. Хог илгээхээс гадна тухайн иргэний мэдээллийг орон нутгийн цагдаагийн байгууллагад өгдөг болох аж.  Мөн хуулийн дагуу байгаль орчныг бохирдуулсан хүн тав хүртэл жил шоронд хоригдох, эсвэл 500,000 батын ($16,000) торгууль хүлээх ёстойг Варавут сайд анхааруулсан байна.

Кхао Яй цэцэрлэгт хүрээлэн нь 1962 онд нээгдсэн, Тайландын хамгийн анхны тусгай хамгаалалттай газар юм байна. Энд явган аялагчид олноор ирдэг.

Усан хүрхрээ, ховор ургамал, амьтантай энэ газар 2,000 гаруй хавтгай дөрвөлжин километр талбай эзэлдэг бөгөөд Зүүн Өмнөд Азийн хамгийн үзэсгэлэнтэй дархан цаазат газруудын нэгт тооцогддог байна. Мөн тэрбээр цэвэрч нямбай байж, байгаль орчноо хамгаалъя гэж уриалжээ.

 

Өнөөдрийн онч үг

14 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.