ШӨХТГ-ын улсын байцаагчид 9 дүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн талхны үнэд судалгаа хийж, дүнгээ нэгтгэлээ. Судалгаанаас үзвэл талхны үнэ зах, худалдааны төвүүдэд 100-200 төгрөгөөр нэмэгджээ.
Тухайлбал “Талх чихэр” ХК-ийн “Атар” талх үйлдвэрээсээ 1200 төгрөгөөр гарч байгаа хэдий ч гадуур 1300-1400 төгрөгөөр зарагдаж байх жишээтэй. Харин “Алтан тариа” компани гурилын үнээ 30-330 төгрөгөөр нэмсэн бол бусад гурилын үйлдвэрүүдэд хийж байгаа шалгалт үргэлжилж байна.
Талхны үнэ нэмэгдсэн шалтгааныг “Талх чихэр” ХК-ийн төлөөлөл тайлбарлахдаа дэлхийн жишигт нийцсэн олон улсын стандарт нэвтрүүлж байгаатай холболоо. Мөн валютын ханшийн өсөлт, тоног төхөөрөмжийн шинэчлэл зэргээс шалтгаалж бүтээгдэхүүний үнээ 9 дүгээр сарын нэгний өдрөөс эхлэн нэмсэн гэдгээ хүлээн зөвшөөрлөө. Тиймээс маргааш буюу 2020 оны 09 дүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн ШӨХТГ, МХЕГ, ТЕГ, Гаалийн ерөнхий газар хамтран “Талх чихэр” ХК, “Алтан тариа” зэрэг компаниуд бүтээгдэхүүний үнээ үндэслэлтэй нэмсэн эсэхэд нь шалгалт хийхээр боллоо.
Ер нь бол цар тахлын үед ажлын байр хумигдаж, иргэдийн орлого багасдаг. Ийм байхад компаниуд бүтээгдэхүүний үнээ урьдчилан мэдэгдэлгүйгээр нэмж, зохиомол хомсдол үүсгэж байгаа нь хууль бус үйлдэл юм. Тиймээс Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас талх, гурилын үнээ нэмсэн аж ахуйн нэгжүүдэд үнээ буулгах үүрэг даалгаврыг өнөөдөр албан тоотоор хүргүүлж байна.
Хэрвээ үүрэг даалгаврыг биелүүлээгүй тохиолдолд зөрчлийн тухай хуулийг үндэслэн хуулийн этгээдийг 20 сая хүртэлх төгрөгөөр торгож, зөрчлийг арилгуулна. Энэ талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ ХХААХҮЯ болоод гурил, талх үйлдвэрлэгч компаниудын төлөөлөлтэй уулзалт хийх үеэрээ мэдэгдлээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30420
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.