Б.ХАЛИУН: ГАРААНЫ ХЯНАЛТ, МОРИНЫ ҮҮЛДЭРЛЭГ БАЙДЛЫГ ШАЛГАХ, ШҮДЛЭХ ҮЕД ХҮҮХЭД АМНЫ ХААЛТ ЗҮҮНЭ

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиуныг  Энэ удаагийн зочноор урилаа.

-Монгол Улсад хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн яг өнөөгийн нөхцөл байдал ямар байна вэ. Үндэсний хэмжээний томоохон судалгаа бий байх? 

-Манай байгууллага 2016 оноос Хүүхэд, гэр бүлийн мэдээллийн санг хөгжүүлж, ҮСХ-гоор батлуулсан хүүхдийн эрхийн 129 шалгуур үзүүлэлтийг нэгтгэн гаргаж эхэлсэн. Үүнээс хүүхэд хамгааллын чиглэлээрх 10 орчим үзүүлэлтийг салбарын хэмжээнд батлагдсан маягтын дагуу нэгтгэж, 119 үзүүлэлтийг бусад садбараас хэрэглэгчээр татаж нэгтгэдэг.

Монгол Улсад сүүлийн 5 жилийн байдлаар дунджаар 75,000-80,000 эх төрж байгаа бөгөөд 0-18 хүртэлх насны хүүхэд нийт хүн амын 36.5 хувийг хүүхэд эзэлж байна. Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар улсын хэмжээнд 2019 онд 36.6 мянган өнчин хүүхэд байгаагийн 3.1 мянга (8.5 хувь) нь бүтэн өнчин хүүхэд, 33.5 мянга (91.5 хувь) нь хагас өнчин хүүхэд байна. Бүтэн өнчин хүүхдийн тоо 2019 онд өмнөх оноос 6 хүүхдээр буурч, хагас өнчин хүүхэд 202-оор өссөн байгаа.

Улсын хэмжээнд 2019/2020 оны хичээлийн жилийн эхэнд 1439 цэцэрлэгт 263.3 мянган хүүхэд хамрагдсан нь өмнөх оны хичээлийн жилээс 2.0(0.8 хувь) мянгаар, ерөнхий боловсролын 820 сургуульд 640.4 мянган сурагч суралцаж байгаа нь өмнөх хичээлийн жилээс 47.3 (8.0хувь) мянгаар нэмэгдсэн байгаа. Нийгмийн халамжийн тэтгэвэрт 2019 онд 60.7 мянган хүн хамрагдсаны 26.0 хувь нь тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд, 0.2 хувь нь 16 насанд хүрсэн одой иргэн байна. 2019 онд 18 хүртэлх насны 1.0 сая хүүхдэд 229.6 тэрбум төгрөгийн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгосон байна. Засгийн газрын шийдвэрээр хүүхдийн мөнгийг 100,0 мянга болгож, хүүхэд бүрт олгох, бусад  тэтгэмжийг нэмэгдүүлэх шийдвэр гарч хэрэгжиж байна.

Гэр бүл төвтэй хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлж, хүн амд үзүүлж буй нийгэм-сэтгэл зүй, хүүхэд хамгааллын үйлчилгээ, ялангуяа хүчирхийллийн хохирогч болон эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдэд үзүүлэх хариу үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, мэдээллийн нэгдсэн сан үүсгэх, ашиглах чадавхийг бий болгох, хүний нөөцөө чадавхжуулах чиглэлээр ажиллаж байна.

2019 онд хүүхэд хамгааллын үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, холбогдох дүрэм, журам, стандартын хэрэгжилтийг хангах чиглэлээр нийт 18 үйл ажиллагаа зохион байгуулж, хүүхэд хамгааллын урьдчилан сэргийлэх үйлчилгээг 181,890 хүүхдэд, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг 9662 хүүхдэд үзүүллээ.

Иргэд, хүүхдэд үйлчилгээ үзүүлдэг мэргэжилтэн, ажилтнууд, айл хөрш, хүүхэд, иргэдийн зүгээс хүүхэдтэй холбоотой дуудлага мэдээллийг “Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв”-д мэдээллэх байдал сүүлийн 3 жилд тогтмол өссөн үзүүлэлттэй байна. Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвд 2017-2019 онд 478,953 дуудлага, мэдээлэл хүлээж авсаны 20,1 хувийг хүүхэд хамгааллын дуудлага эзэлсэн байна.

-Зөвхөн хүүхдийг хамгаалахаас илүү хүүхдээ эрсдэлд оруулж үл хайхарч, хүчирхийлсээр байгаа эцэг эхчүүдэд хариуцлага хүлээлгэх шаардлагатайг мэргэжлийн хүмүүс хөнддөг. Энэ тал дээр хийгдэж байгаа ажил болон цаашид ямар бодлого баримтлах шаардлагатай бол? 

-УИХ-аас 2016 онд Хүүхдийн эрхийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг шинэчлэн баталж, ялангуяа Хүүхдийн эрхийн тухай хуулиар “хүүхдийн эрхийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн бүрэн эрхийг тодорхойлж, хүүхдийн эрхийг хангах тогтолцоог бий болгох, хүүхдийн эрх, эрх чөлөөг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулж өгсөн”-өөрөө чухал ач холбогдолтой болсон. Өнгөрсөн гурван жилд салбар дундын зохицуулалт, бодлогын уялдаа холбоо сайжирч байна.

Хүүхэд, гэр бүлийн хамгааллын талаарх бодлого, хууль, эрх зүйн орчин сайжирч, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээний чанар хүртээмж нэмэгдэж, тодорхой үр дүн гарч байгаа хэдий ч санаа зовоосон асуудлууд байсаар байгаа.  Хүний хөгжлийн анхдагч орчин, нийгмийн хөгжлийн үндсэн нэгж болсон гэр бүлийн амьдралд эцэг эх үр хүүхдээ дээдлэх, эв эеийг хичээх, эрдэм номыг шүтэх, өв уламжлалаа нандигнах соёл, зан заншил нь монгол гэр бүлийн өвөрмөц үнэт зүйл мөн боловч, гэр бүлдээ хүчирхийлэл үйлдэх, хүүхдээ үл хайхрах, гэр бүл салах, хүүхэдтэй зүй бус харьцах, эцэг эхийн үүрэг хариуцлагаа ухамсарлахгүй байна.

Төрөөс хууль эрх зүйн орчныг шинэчлэх, төсөв хөрөнгийг нэмэгдүүлэх гээд олон шат дараалсан арга хэмжээ авч, ялангуяа анхан болон дунд шатанд ажиллаж байгаа манай мэргэжилтнүүд, цагдаа, хамтарсан багууд тасралтгүй ажиллаж байгаа боловч сөрөг үйлдлүүд, кейсүүд гарч байгаа.

Иргэдийн амьдралын чанарыг бодитойгоор сайжруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, хүний хөгжлийг дэмжсэн бодлогыг хэрэгжүүлэх, сум, хороонд гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтэнтэй болох, аймаг, дүүргүүдэд гэр бүлийн хөгжлийг дэмжих төвүүдийг нэмж байгуулах, энэ чиглэлээр ажиллаж байгаа төрийн бус байгууллагуудтайгаа хамтран ажиллах хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах шаардлагатай гэж дүгнэж байна.

Энэ оны тавдугаар сард нийслэлийн 2 дүүргээр хамгийн өндөр эрсдэлтэй гэсэн 20-иод өрхөөр орж уулзаж ярилцлаа, мөн Ховд, Баянхонгор аймгуудад ажиллаж, анхан шатанд ажиллаж байгаа сумын Засаг дарга, хамтарсан багийн гишүүдийн ажлын үр дүн явцтай танилцаж, зөвлөмж, чиглэл өглөө.

Санаачлагатай, ард иргэд, айл өрхөөрөө явдаг, айлуудынхаа аж амьдралыг мэддэг болчихсон хамтарсан багийн ажлууд үнэхээр үр дүнтэй, хүндээ хүрсэн, зөрчил үйлддэг, архи хэрэглэдэг, хүчирхийлэл үйлдэх хандлагатай өрхүүдтэйгээ ажиллаад бодитой үр дүн гарсан, судалгаа мэдээллээ нэг бүрчлэн гаргачихсан, байнгын хяналтад байх өрхийн тоо нь тодорхой, хяналт тавьж ажилласан тэмдэглэл, авсан арга хэмжээ нь тэмдэглээстэй, улмаар хяналтад байдаг эрсдэлтэй өрхийн тоо нь жил тутам буурсан зэрэг олон сайн туршлага байна, үүнийг бид түгээн дэлгэрүүлэх ёстой.

Нөгөө талаас гэр оронд нь хоол байна, хувцасаа угаах угаалгын машин байна, өрхийн гишүүд эрүүл саруул, хорооноос нь дэмжиж байна гээд тал талын боломж олгосон байхад гэрээ ч цэвэрлэж чадахгүй, өөрөө болон хүүхдүүд нь халтайчихсан, гэр орон нь хог шороондоо дарагдчихсан арчаагүй амьдарч байгаа өрхүүд байгаа.

Энэ бүхнээс дүгнэхэд гэр бүлийн талаар төрөөс баримтлах бодлогыг гэр бүлд итгэл найдвар хүлээлгэх замаар нийгмийн хөгжлийн аливаа асуудлыг гэр бүлд төвлөрүүлж шийдвэрлэх зайлшгүй шаардлага тулгарч байна. Өөрөөр хэлбэл хүүхдийн хүмүүжил төлөвшил, залуучуудын ажил мэргэжил, ажлын байр, ахмад үеийнхний асрамж хамгаалал, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нийгэм дэх тэгш оролцоо, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дэмжлэг туслалцаа зэрэг нийгмийн эрсдэл, бэрхшээлтэй бүх асуудлыг эхлээд гэр бүлийн хүрээнд шийдвэрлэгдэх боломжоор хангах нь зүйтэй юм.

-Хүүхэд, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн 70-80 хувь нь ураг төрөл дотор үйлдэгддэг судалгаа бий. Үүний шалтгаан нөхцөл болоод гарц шийдлийг хэрхэн харж байна вэ? 

-2019 оны байдлаар 897.8 мянган өрх бүртгэгдсэн. Улсын хэмжээнд 18 хүртэлх насны 4, түүнээс дээш хүүхэдтэй өрхийн тоо 48.2 мянга болж, өмнөх оноос 2948-аар өссөн байна. Өрх толгойлсон эх 2019 онд 69.5 мянга болж, өмнөх оноос 2542 (3.5 хувь)-оор, өрх толгойлсон эцэг 18.4 мянга болж, өмнөх оноос 1037 (5.3 хувь)-оор тус тус буурсан байдаг. Өрх толгойлсон эхчүүдийн 38.1мянга нь 3 хүртэлх, 24.7 мянга нь 3-5 хүртэлх, 6.7 мянга нь 6, түүнээс дээш гишүүнтэй өрхийг толгойлж байна.

Хүүхэд хамгааллын тухай хуульд “хүүхэд хамгааллын үндэсний тогтолцоо, оролцогч талуудын харилцааг тодорхойлж, хүүхдийг үл хайхрах байдал, дарамт, мөлжлөг, хүчирхийлийн бүх хэлбэр, эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хариу үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон харилцаа”-г зохицуулсан байгаа.  Өөрөөр хэлбэл тус хуулийн 5,6,7,8,9 дүгээр зүйлд гэр бүл дэх хүүхэд хамгаалал, боловсролын салбар дахь хүүхэд хамгаалал, эрүүл мэндийн үйлчилгээн дэх хүүхэд хамгаалал, хэвлэл мэдээлэл, цахим орчин дахь хүүхэд хамгаалал, олон нийтийн арга хэмжээ, үйлчилгээн дэх хүүхэд хамгааллын асуудлыг тусган хуульчилсан. Түүнчлэн Эрүүгийн тухай хууль, Зөрчлийн тухай хуулинд хүүхдийн эрх хамгаалалтай холбоотой, бүлэг, зүйл заалтыг тусган оруулж өгсөн хэдий ч хэрэгжилт төдийлөн хангалтгүй байдлаагаас  хүүхдийн эрх зөрчигдөх явдал буурахгүй байна. 2017 оноос хүчирхийллийн хохирогчид аюулгүй байдлын хамгаалалт, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх нэгжийг 3 дахин нэмэгдүүлж, 13 түр хамгаалах байр, 9 Нэг цэгийн үйлчилгээний төвийг шинээр байгуулж, өнөөдрийн байдлаар 19 түр хамгаалах байр, 13 нэг цэгийн үйлчилгээний төв ажиллаж байна. Тухайлбал, 2020 оны зургадугаар сард Улаанбаатар хотын Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдэд шинээр түр хамгаалах байрууд байгуулагдсан.

Түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвөөр 2019 онд 0-18 хүртэлх насны 2020 хүүхдэд аюулгүй байдлын хамгаалалт, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлсэн нь  2018 онтой харьцуулахад 47,5 хувиар буюу 651 хүүхдээр өссөн байна. 2020 оны 5 сарын байдлаар 537 насанд хүрэгч, 948 хүүхэд түр хамгалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвөөр үйлчлүүллээ. Үйлчилгээ үзүүлсэн хүүхдүүдийн хувьд дийлэнхи нь буюу 80.2 хувь нь гэр бүлийн орчинд эцэг эх, асран хамгаалагчдын зүгээс хүчирхийлэлд өртсөн байдаг. Гэр бүлийн нөхцөл байдлыг судлахад тухайн гэр бүлд архины хамааралтай, зан үйлийн өөрчлөлттэй эцэг эх, асран хамгаалагчтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, салсан, нийлсэн гэр бүлүүд 60 орчим хувийг эзэлж байгаа. Энэ бүхнээс дүгнэхэд гэр бүлийн тогтвортой бодлого, нөгөө л хүний хөгжлийн асуудлыг бид өөр түвшинд судлан гаргах шаардлагатай болжээ.

Тухайлбал, Архины зохистой хэрэглээ, архины үйлдвэрлэл, худалдааны асуудлууд, хөдөө орон нутгаас шилжин ирж байгаа иргэдэд зориулсан хөтөлбөр, гэр бүл төлөвлөлт, гэрлэлтийн асуудал, өрхийн гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрийг сайжруулах,  байгууллага аж ахуйн нэгж бүр ажилтан албан хаагчдын гэр бүлийн судалгааг гаргаж, эцэг эхээр дамжуулан хүүхдийн эрхийг дэмжсэн бодлого хэрэгжүүлэх гэх мэт тусгайлан анхаарч ажиллах олон асуудлыг ярих шаардлагатай байгаа.

-Статистикийн судалгаанаас харахад хүүхдүүд хөдөлмөр эрхэлсээр байна. Гэтэл олон улсын хөдөлмөрийн байгууллагаас 2020 он гэхэд хүүхдийн хөдөлмөрийг устгая гэсэн байна лээ. Энэ тал дээр хэрхэн анхаарч ажиллах шаардлагатай байна вэ? 

-Үндэсний статистикийн хорооны 5 жил тутамд хийдэг Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаагаар судалгаанд хамрагдсан 5-17 насны нийт 12.273 хүүхдийн 7.8 хувь буюу 957 хүүхэд нь хөдөлмөр эрхэлж байна гэсэн байдаг. Манай агентлагаас  жил бүр хүүхдийн хөдөлмөрийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдэд хүүхэд хамгааллын, нийгмийн ажлын үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулж ажиллаж байна.

2018-2019 онуудад Хүүхдийн эрхийн улсын байцаагч, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид хамтран “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-аар хүүхэд ажиллахыг хориглосон ажлын байр, хүүхдийн хөдөлмөрийн мөлжлөгт өртөх эрсдэлтэй салбарын аж ахуй нэгж, байгууллагуудад хяналт, шалгалтын ажлыг зохион байгуулж, 2018 онд 1270 объектыг хамруулан хамтран зохион байгуулж, тандалтаар албан бус секторт нийт 495 хүүхэд хөдөлмөр эрхэлж байгааг илрүүлсэн. 2019 онд нийт ресторан баар, караокены чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа 395 аж ахуй нэгж, зочид буудлын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа 368 аж ахуй нэгж, массаж, сауны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа 70 аж ахуйн нэгж, нийт 833 аж ахуйн нэгж хамрагдсан. Шалгалтын явцад насанд хүрээгүй 17 иргэнийг хориотой ажлын байранд ажиллаж байсныг илрүүлж, хөдөлмөрийн гэрээг цуцлуулж, 8 заалт бүхий зөвлөмжийг 18 байгууллагад өгч, 82 ажилтанд хүүхдийн хөдөлмөрийн талаарх мэдээлэл өгөх сургалтад хамруулсан.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 2019 онд мал аж ахуйн үйлдвэрлэл, барилга, боловсруулах үйлдвэрлэл, хог, хаягдлын менежмент болон цэвэрлэх үйл ажиллагаа, бөөний болон жижиглэн худалдаа, тээвэр ба агуулахын үйл ажиллагаа, зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээ, урлаг үзвэр, тоглоом наадам зэрэг 8 төрлийн салбарт хөлстэй болон хөлсгүйгээр хөдөлмөр эрхэлж байсан 960 хүүхдэд,  2020 оны тавдугаар сарын байдлаар 415 хүүхдэд хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлж байна.

Дэлхий нийтээ Ковид-19 цар тахлаас үүдсэн хямрал хүүхдийн хөдөлмөрт хэрхэн нөлөөлж байгаад анхаарал хандуулан ажиллаж байна. КОВИД-19 цар тахал, түүнээс үүдэлтэй эдийн засаг, хөдөлмөрийн зах зээлийн хямрал нь хүмүүсийн амь нас, амьжиргаанд маш хүндээр тусаж байна гэсэн судалгаа гарсан.

Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын “2025 он гэхэд хүүхдийн хөдөлмөрийг устгах нь” сэдэвт тайланд дараах 6 үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлсон.

  • Хүүхдийн хөдөлмөрийг устгах чиглэлд хууль эрх зүйн хүрээнд авч буй амлалт үүргийг нэмэгдүүлэх, үүнд нийгмийн зөвшил голлох үүрэгтэй онцлох;
  • Насанд хүрэгчид болон хуульд заасан хөдөлмөрийн насанд хүрсэн залуус зохистой хөдөлмөр эрхлэхийг бүх талаар, тэр дундаа албан бус байдлыг шийдвэрлэх замаар дэмжих;
  • Өрхийн эдийн засгийн эмзэг байдлыг бууруулах зорилгоор нийгмийн хамгааллын тогтолцоог бүрдүүлэх, өргөжүүлэх;
  • Хүүхдийн хөдөлмөрөөс зайлсхийх зайлшгүй нэг нөхцөл болсон төрөөс олгох чанартай, үнэ төлбөргүй боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх;
  • Нийлүүлэлтийн сүлжээн дэх хүүхдийн хөдөлмөрийг шийдвэрлэх;
  • Эмзэг болон хямралын нөхцөл байдалд байгаа хүүхдийг хамгаалах;

Бид ч мөн бодлого, төлөвлөлтдөө дээрх үйл ажиллагааны чиглэлийг тусган хэрэгжүүлж ажиллана.

-Халамж, асрамжийн төвийн хүүхдүүд ямар орчинд хэрхэн өсч хүмүүжиж байгаа. Магадгүй аюултай нөхцөлд байж болзошгүй “Зөв амьдрах ухаан” ТББ-ын жишээнээс харлаа. Энэ байдлаас сургамж авч асрамжийн төвийн хүүхдийг хамгаалах тал дээр илүү ач холбогдол өгч анхаарч байгаа зүйл бий юу? 

-Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай,  Гэр бүлийн тухай, Нийгмийн халамжийн тухай хуулиар халамж, асрамжийн үйлчилгээ, үйл ажиллагаа зохицуулагддаг. Одоогоор улсын хэмжээнд 21 байгууллагын 31 халамж, асрамжийн төв үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Улаанбаатар хотод 26, Дархан-Уул аймагт 2, Дорнод аймагт 1, Орхон аймагт 1, Өвөрхангай аймагт 1 төв ажиллаж байна. Эдгээр төвүүдээс  3 төв нь улсын төсвөөс, 28 төв олон улсын болон төрийн бус байгууллага, хувь иргэний санхүүгийн эх үүсвэрээр үйл ажиллагаа явуулдаг. 2020 оны байдлаар эдгээр төвд хагас, бүтэн өнчин 0-18 насны 1032 хүүхэд, 18-аас дээш насны 37 залуус амьдарч байна. Хүүхдийн халамж, асрамжийн төвийн хувилбарт үйлчилгээний стандарт шинэчлэгдэж, тус стандартад гэр бүлд дүйцэхүйц орчинтой байх, мөн асралт гэр бүлийн хэлбэртэй байхаар зохицуулагдсан. Жил бүр халамж, асрамжийн төвийн ажилтнуудыг сургаж, чадавхжуулах, шинэчлэгдсэн стандартад нийцсэн үйл ажиллагаа зохион байгуулахад арга зүйн зөвлөмж чиглэл өгч ажиллаж байна. Улсын харьяанд байдаг “Өнөр бүл” хүүхдиийн төв, нийслэлийн Сургалт хүмүүжлийн тусгай цогцолборууд өнгөрсөн жилээс гэр бүлийн хувилбарт үйлчилгээрүү шилжсэн. Өөрөөр хэлбэл хүүхдүүдийн амьдрах орчныг гэр бүлийн хувилбарлуу шинэчилж, хүүхдүүд өөрснөө хоолоо хийж иддэг, хувцсаа угаадаг, ах нь дүүгээ асран халамжилдаг болсон зэрэг олон өөрчлөлтүүд хийгдэж байгаа. Мөн хувийн зарим халамж, асрамжийн төвүүд ч гэр бүлийн орчинтой дүйцэхүйц орчинтой болж, үйлчилгээгээ хувилбарт хэлбэрлүү шилжүүлсэн. Цаашдаа Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдахаар  асралт гэр бүлийг бүртгэх, бэлтгэх, шаардлага хангасан, хүсэлтээ гаргасан гэр бүлд хүүхдийг холбон зуучлах гэх мэт олон өөрчлөлт хийгдэнэ.

-Дэлхий нийтэд тархсан цар тахлын улмаас хичээл сургуулийг хязгаарласны улмаас олон сая хүүхэд урт хугацаанд гэртээ өнжлөө. Энэ хугацаанд ихэнх хүүхдүүд цоожтой хаалганы цаана үлдэж эрсдэлд ордог. Коронавирусын үед хүүхэд хамгааллын үйлчилгээг хэрхэн үзүүлсэн бэ. Ямар туршлага хуримтлуулж, алдаа оноогоо хэрхэн цэгнэв? 

-Агентлаг, 21 аймаг, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хэлтсүүд дээр “Хүүхэд хамгааллын мэргэжлийн анги, бүлгүүдийг байгуулан бэлэн байдлын төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.  Энэ оны гуравдугаар сард “эрсдэлийг тодорхойлох түргэвчилсэн үнэлгээ” хийлээ. Үнэлгээнд 109991 өрх хамрагдсанаас 10221 өрх эрсдэл өндөртэй, 50 мянга орчим нь хяналтад буюу цаашид хөл хорио үргэлжилбэл эрсдэлтэй бүлэгрүү шилжих магадлалтай байгаа. “Өндөр эрсдэлтэй” гэж үзсэн өрхүүдэд нийт 24.600 гаруй хүүхэд амьдарч байна. Гуравдугаар сарын үнэлгээнд суурилан 6900 гаруй өрхөд хоёр удаагийн хоол хүнсний дэмжлэг үзүүлж,  21 аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас сум, багуудаар тойрч, хүүхдийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийг мэдээлжүүлэх, тандалт хийх чиглэлийн ажлуудыг явууллаа.

Зөвхөн айл өрхөөр явах биш, аж ахуйн нэгжүүдээр мэдээлэл, зөвлөмж хүргэх ажлууд хийсэн. Цахимаар 21 аймаг, нийслэл, дүүргийн хүүхэд хамгааллын мэргэжлийн анги/бүлгийг чадавхжуулах сургалтыг 4 удаа зохион байгуулж, 380 гаруй мэргэжилтэн, албан хаагчид хамрагдлаа. БСШУСЯ, ЭМЯ, ХНХЯ-тай хамтран “Хүүхэд эрхэм хэрэглэгч” аяныг зохион байгууллаа. Коронавируст “КОВИД-19”-ын үед олон улсын байгууллагууд тодорхой хэмжээгээр дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж байна.

-Орчин үед хүүхдэд мэдлэг боловсролоос илүү төлөвшил, зан суртахууныг анхаарах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Зөв хүн, зөв Монгол хүүхдийг хэрхэн бэлтгэх ёстой вэ. Энэ гарцыг хэрхэн харж байна вэ? 

-Дэлхий нийтээр хүүхдийн хөгжил, төлөвшилд анхаарч, IQ чадварыг хөгжүүлэхийн сацуу EQ-г хөгжүүлэхэд ихээхэн анхаарч эхэлсэн. Эрдэмтдийн тайлбарласнаар “өөртөө болон бусдад төрж буй мэдрэмжийг таньж, ойлгох түүнийг зохицуулах чадварыг EQ хөгжил” гэсэн байдаг. Хүүхдийн хөгжил, төлөвшил, хандлага, ур чадвар нь гэр бүлийн гишүүдийн харилцаа, багш, сурган хүмүүжүүлэгчдийн харилцаа, нийгмийн бусад хүчин зүйлс нөлөөтэй. Хүүхэд хүмүүжлийн олон хэв маяг байна. Хүүхдийн насны онцлогт тохирсон арга барилаар хүүхэдтэй харилцах, дэмжих, зөв үлгэрлэх нь асар их ач холбогдолтой. Хүүхэд 3 наснаасаа эхлээд яагаад, яагаад гэдэг асуултыг байнга тавьж эхэлдэг. Энэ наснаас эхлэн хүүхдийн нийгэмшлийн суурь тавигдаж байдаг, үүнийг эцэг эхчүүд маань мэддэг байх хэрэгтэй. Хүүхэд өмнө нь маш дуулгавартай байсан бол гэнэт бүх зүйлийг сонирхож, өөрийнхөөрөө таньж ойлгох гэж оролдож, улмаар маш их хөдөлгөөнтэй болж эхэлдэг, энэ үед нь хүүхдээ ойлгож, зөв тайлбар өгч, хүүхдээсээ залхаж тээршаахгүйгээр дэмжих нь маш чухал. Улмаар 6 наснаас эхлэн хүүхэд суралцах үйл явцад сурч эхэлдэг. Энэ үед хүүхдийн онцлог, зан байдал, хөгжлөөс хамаарч идэвхитэй, эсвэл идэвхигүй байх нь хэвийн зүйл гэж эрдэмтэд зөвлөөд байгаа. Эцэг эхчүүд хүүхдээ уйгагүй дэмжиж, хөгжүүлэх нь чухал бөгөөд энэ үе хүүхдэдээ болно, болохгүй гэдэг шаардлагыг тавихдаа зөв арга барилыг хэрэглэж, дадах хэрэгтэй. Гэр бүлийнхээ орчинд шаардлага сонсч, буруугаа ойлгож, хааяа уйлах зэрэг тавгүй мэдрэмжийг авч байгаагүй хүүхэд нийгмийн харилцаанд орохоороо бусадтай зөрчилддөг, цэцэрлэг, сургуульд орохоороо болохгүй, үгүй гэдэг үгийг сонсохоороо уурлаж, уцаарлах, өөрийгөө бусдаас тусгаарлах, өөрт төрж буй мэдрэмжээ зөвөөр илэрхийлж чадахгүй байх, багшийнхаа үгэнд орохгүй байх, найзуудтайгаа муудалцах зэрэг сөрөг нөлөө илэрдгийг судлаачид, мэргэжилтнүүд зөвлөсөн байдаг.

Мөн хүүхдэдээ хэтэрхий их шаардлага тавьбал хүүхэд бүтээлч сэтгэлгээ багатай, өөрт төрж буй мэдрэмжээ илэрхийлэх чадваргүй болох эрсдэлтэй,  өөрийгөө үнэлэх үнэлэмж нь маш доогуур болдог гэх мэт олон асуудал хөндөн ярьж болно.

Манай байгууллага гэр бүл дэх хүүхэд хамгааллыг бэхжүүлэх, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, бие махбодийн болон сэтгэл санааны шийтгэлийг бууруулахад эцэг эх, олон нийтийн эерэг хандлагыг төлөвшүүлэх зорилгоор 2018 оноос эхлэн “Хүүхэд хүмүүжлийн эерэг арга”-ыг түгээн дэлгэрүүлж, үндэсний аяныг 2 жил дараалан зохион байгууллаа. Аяны үр дүн эхнээсээ гарч, олон арван эцэг эхчүүд бидэнд хандан  талархал илэрхийлж, зөвлөгөө авч, улмаар найз нөхөд, ажлын хамт олондоо сургалт захиалж эхэллээ.

Хүүхдийн EQ чадварыг хөгжүүлэх хөтөлбөрийг хүүхдийн ордон, хүүхдийн зуслан, хүүхдийн хөгжлийн төвийн үйл ажиллагаар дамжуулан олгох боломжтой. Улсын хэмжээнд 13 хүүхдийн ордон, 2 театр,  тогтмол үйл ажиллагаатай 37 хүүхдийн зуслан ажиллаж байна. Эцэг эхчүүд аль болох л хүүхдээ багаас хөгжүүлэх, дэмжих, мэргэжлийн байгууллага, мэргэжилтнээс зөвлөгөө авч хамтран ажиллах нь маш чухал гэж зөвлөмөөр байна.

-Хүүхдийг эхийн хэвлийд байхаас нь хамгаалах шаардлагатай боллоо. Ер нь хүүхэд хамгааллын цогц бодлогыг юу гэж тодорхойлов. Салбар, шат бүртээ хэн юу хийвэл хүүхдийг хамгаалж чадах вэ? 

-Хүүхдийн бие бялдар, оюун ухаан гүйцэд төлөвшөөгүйн улмаас түүнийг төрөхөөс өмнө болон төрсний дараа онцгой халамж, хамгаалалт, түүний дотор эрх зүйн зохих хамгаалалт зайлшгүй шаардлагатайг 1959 онд НҮБ-ын Ерөнхий Асемблей онцолсон байдаг. Өөрөөр хэлбэл хүүхэд эхийн хэвлийд бүрэлдэн бий болсон цагаас насанд хүрсэн иргэн болох бүхий л үед хүүхэд хамгааллын стратегийг хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн үг.  Манай Улс 1989 онд батлагдсан НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцид нэгдэн орсон эхний 10-аад орны нэг бөгөөд тус конвенцид нэгдээд 30 жил байна. Ялангуяа сүүлийн жилүүдэд Улсын Их хурал, Засгийн газраас хүүхдийн эрхийг хамгаалах, хангах чиглэлээр хууль эрх зүйн болон бодлогын томоохон өөрчлөлтүүдийг хийж ирсэн. Хүүхдийн эсэх мэнд амьдрах, хөгжих, нийгмийн амьдралд оролцох, хамгаалуулах эрхийг хангахад төрийн бүх шатны байгууллага, иргэн хуулийн этгээдийн оролцоо, хамтын ажиллагаа, үр дүнтэй төсвийн хуваарилалт, хяналтын тогтолцоо сайн байх ёстой. Хүүхэд эхийн хэвлийд бүрэлдэн бий болсон үеэс эхлэн эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээ авч, эрүүл төрөх, эх, хүүхдийн эндэгдэлгүй байх, чанартай хоол хүнсээр хангагдах, хэвийн өсч хөгжих, бүх шатны боловсролын үйлчилгээг тасралтгүй авах, нийгмийн амьдралд бие даан амьдрах чадварыг эзэмшүүлэх,  хүчирхийлэл, мөлжлөгийн бүх хэлбэрээс ангид байлгах, урьдчилан сэргийлэх, хамгаалах, хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэх, үүрэг хүлээгчид болон эцэг эх, асран хамгаалагчдад хүлээлгэх хариуцлага, хяналтын тогтолцоог сайжруулах гэх мэт асуудлыг авч үздэг. Хүүхэд хамгааллын тухай хуулиар “хүүхэд хамгаалал гэр бүл төвтэй, дагнасан, шуурхай, тэгш, хүртээмжтэй, үр дүнтэй байна” гэж заасан төдийгүй гэр бүл, боловсол, эрүүл мэнд, хэвлэл мэдээлэл, цахим орчин, олон нийтийн үйлчилгээ, арга хэмжээний үе дэх хүүхэд хамгааллын асуудлыг тус хуулиар зохицуулж, хүүхдэд үзүүлэх хамгааллын үйлчилгээг хуульчилж өгсөн нь томоохон ахиц дэвшил болсон.

Монгол Улсын Ерөнхий сайдын ахалдаг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2018 оны 03 дугаар тогтоолоор “Хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр баримтлах бодлого, чиглэл” батлагдаж, салбар бүрт мөрдөх Хүүхэд хамгааллын бодлогын жишиг баримт бичиг болон Байгууллага, аж ахуйн нэгжийн дэргэдэх эцэг эхийн зөвлөлийн  ажиллах зөвлөмж батлагдсан. Өнөөдрийн байдлаар бүх, яам агентлагууд байгууллагынхаа эцэг эхийн зөвлөлийг байгуулж, олон газарт ажилтан, албан хаагчдын хүүхдэд зориулсан амралтын болон хөгжлийн өрөө байгуулагдсан, албан хаагчдын хүүхдийн цэцэрлэгийн асуудлыг зарим яамд шийдвэрлэсэн. Хувийн хэвшлийн зарим томоохон байгууллагууд байгууллага дахь эцэг эхийн зөвлөлөө байгуулж, ажилтан албан хаагчдынхаа гэр бүл, хүүхдэд дэмжлэг үзүүлэх, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, хүүхдийн хоолны менютэй болох, хүн амын тодорхой зорилтот өрхүүдэд дэмжлэг үзүүлэх гэх мэтээр санаачлага гарган ажиллаж байгаа.

Цаашдаа салбар бүр хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан бүтэц, орон тоотой болох, “хүүхдийн төсөв”-тэй байх зэрэг шийдвэрлэх асуудлууд олон байгаа. Шинэ Засгийн газрын мөрийн хөтөлбөрт хүний хөгжлийг дэмжих, хүүхэд, гэр бүлийг чадавхжуулах  чиглэлийн олон чухал асуудлууд тусч байна.

-Цаг үетэй холбогдуулан асуухад хурдан морины унаач хүүхдийн асуудал байнга хөндөгдөж ирлээ. Энэ жилийн наадмын онцлогт тохируулан унаач хүүхдийг хэрхэн хамгаалах. Ер нь цаашид унаач хүүхдийг хамгаалахад хэрхэн ажиллах вэ?  

-Жил бүр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн эрхийн тухай конвенц,  Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Үндэсний баяр наадмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэг, Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага MNS 6264:2018 стандартын хэрэгжилтийг хангах, хурдан морины уралдаанч хүүхдийн эрхийг хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажилладаг. Хурдан морины уралдаанч хүүхдийн хурууны хээн цахим бүртгэлийн системийг 2018 оноос 21 аймаг, нийслэлд амжилттай нэвтрүүлсэн. Энэхүү бүртгэлийн системд уралдаанч хүүхэд, уяачдын үндсэн мэдээлэл байхаас гадна тухайн жилд уралдсан тоо, амжилт, бэртэл гэмтлийг бүртгэх, хүүхдийн сурч боловсрох, эрүүл аюулгүй орчинд амьдрах, хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр, хориглосон ажлын байр зэрэг хүүхдийн эрхийн хэрэгжилтийг хянах, уяач болон морины эздийг хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүргийн хэрэгжилтийг газарзүйн байршил, цаг хугацаанаас үл хамааран хянах боломжийг олгож байгаагаар давуу талтай юм.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2020 оны 01 дүгээр тогтоол гарсантай холбогдуулан хурдан морины уралдааны үед хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангаж ажиллах чиглэл, улирдамжийг баталж, 21 аймаг, нийслэлд өгч, цахим сургалт зохион байгуулсан.

“Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын үед үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах түр журам”-ыг мөрдөж, хүний бөөгнөрөл үүсгэхгүйгээр Хүүхэд бүрийг онлайн болон офлайн горим дээр хурууны хээгээр бүртгэж, бүртгэлийн цахим карт олгоно.

Хурдан морины уралдаанч хүүхдийг бүртгэх ажлыг 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 07 дугаар сарын 08-ны өдрүүдэд аймаг, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын байранд, сумдад Тамгын газрын байранд бүртгэж байгаа.

Долдугаар сарын 09-нд  Хүй долоон худаг, аймгийн баяр наадмын талбайд бүртгэл явагдана. Уралдаанч хүүхэд бүртгэлээ хийлгэхдээ өөрийн биеэр эцэг эх, асран хамгаалагч, уяачтай ирж бүртгүүлэх ёстой.

Гарааны үед хяналтыг хувьд энэ жил коронавируст “КОВИД-19” халдварт цар тахал гарсантай холбогдуулан гарааны үед хүүхдийг төхөөрөмж дээр хянахгүй, картаар хянана. Тиймээс хүүхдүүд маань картаа хаяж, гэмтээж болохгүй.

  • Хамгаалалтын хувцас хэрэгсэл өмсөөгүй, картгүй ирсэн, бүртгүүлээгүй хүүхдийг гараанд гаргахгүй.
  • Уралдааны үед гарсан аливаа зөрчлийг илрүүлж, арилгуулах, гарсан зөрчлийг холбогдох хуулийн дагуу шалган шийдвэрлэнэ.
  • Уралдааны үед хүүхэд амна хаалт хэрэглэхгүй, харин гарааны хяналт, морины үүлдэрлэг байдлыг шалгах, шүдлэх үед амны хаалт зүүх ёстой.

Хүй долоон худагт хурдан морины уралдаанч хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, хяналт тавих ажлыг Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хариуцан ажиллана.