Салбарын бодлого сайдаа дагаж өөрчлөгддөг нь хөгжилд чөдөр болж байна

2017-05-15 Нийгэм

Хэн дуртай нь тендэр аваад, барилга барьж салбарын нэр хүндийг унагаж байна –

Энэ удаагийнхаа зочноор “Барилга Эм Эн” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Батсүхийг урьж, барилгын салбарын бодлого үйл ажиллагаа, эрх зүйн зохицуулалт, салбарын хөгжлийн сэдвээр ярилцлаа.

-Барилга, нийтийн аж ахуйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн саяхан болсон. Зөвлөгөөнөөр ямар асуудлууд яригдав?

-Зөвлөгөөнөөр энэ салбарт баримтлах бодлого чиглэл, 2017 онд хийгдэх ажлууд, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудлыг хэлэлцлээ. Эндээс барилгын салбарт эрх зүйн шинэчлэл болон бодлогын олон ажил хийх шаардлагатай байгаа нь харагдсан. Барилгын тухай хууль шинэчлэгдсэнтэй холбоотойгоор нэлээд олон норм, дагаж мөрдөх журмуудыг БХБЯ-наас боловсруулж, эхнээс нь батлуулаад явж байна. Хуулийн шинэчлэлтэй холбоотой бодлогын хувьд нэлээд өөрчлөлт орсон.

-Төрийн зарим чиг үүргийг ТББ-д шилжүүлэх тухай яригдаж эхэлсэн үеэс барилгын салбар бизнесийн бусад салбарыг манлайлж ирсэн. Одоо ямар чиг үүрэг хэрэгжүүлж байна вэ?

-Төрийн зарим чиг үүргийг шилжүүлэхтэй холбоотойгоор 2010 онд Засгийн газрын тогтоол гарсан. Уг ажлын хүрээнд манай салбарт зарим чиг үүргүүдийг мэргэжлийн холбоодод нь олгож эхэлсэн. Үүнээс мэргэшсэн болон зөвлөх инженерүүдийн сургалтуудын эрхийг Монголын архитекторуудын эвлэл, Барилгын материал үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн эрхийг Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоонд  шилжүүлсэн. Тун удахгүй Барилга угсралтын чиглэлээрх тусгай зөвшөөрлийг мэргэжлийн байгууллагад нь өгөхөөр салбарын яамнаас мэдэгдсэн.

-Энэ салбарт төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа ямар түвшинд байна вэ?

-Барилгын салбарт тулгардаг нэг том бэрхшээл бий. Энэ нь тухайн засаг солигдоход бодлого үйл ажиллагаа нь тасалдаж, өөрчлөгддөг явдал. 2012 оноос хойш гурван удаа засаг солигдож, сайд дарга нар өөрчлөгдлөө. Гурван сайд гурван өөр бодлого ярилаа. Тэгэхээр цаашид засаг солигдохоос үл хамаарсан салбарын бодлого тогтвортой байх хэрэгтэй байна. Бодлого боловсруулдаг институт нь улс төрөөс үл хамаарсан байх хэрэгтэй. Нэг бол салбарын бодлого зохицуулалтыг салбарын төрийн бус байгууллагад нь шилжүүлэх хэрэгтэй байна.

-Тийм боломж бий юу?

-Боломжтой. Хөгжингүй орнуудад тухайн салбарын бодлогыг ТББ-ууд нь хариуцдаг.ТББ-ууд бодлого гаргадаг тодорхой эрхтэй байж гэмээнэ хүчтэй байдаг. Манай улсын барилгын салбарын ТББ-ууд ямар ч эрх мэдэл байхгүй, далайц байхгүй, төрийг харсан, царайчилсан байдалтай байгаа учраас чадавхжиж чадахгүй байна.

-Эдгээр төрийн бус байгууллагуудыг чадавхжуулахын тулд юу хийх шаардлагатай вэ?

-Төр нь улсын төсвөөс шууд санхүүжээд ямар ч үед эрх мэдэлтэй, чадавхтай байна. Тэгэхээр төрийн бус байгууллагуудыг чадавхжуулахын төрөөс гаргадаг бодлогуудыг боловсруулах эрхүүдийг нь өгөх хэрэгтэй. Барилгын салбарын бүхий л бодлого норм дүрэм, стандартаар хэрэгждэг. Нэг ч барилга байшин, шугам сүлжээг өөрийн дураар хийнэ гэсэн ойлголт байхгүй. Техник технологи шинэчлэгдэж байгаа өнөө үед манайд мөрдөгдөж байгаа норм, дүрэм, стандартын дийлэнх нь хоцрогдсон. Ер нь бол 50 хувь нь шаардлага хангахгүй болсон гэж хэлж болно. Цаашид нэмж боловсруулах шаардлагатай олон норм, стандартууд байгаа боловч төр үүнийг боловсруулж чадахгүй байна. Үүнийг боловсруулах эрхийг ТББ-уудад өгөөд явбал чадавхжаад, илүү хүчирхэг байгууллагууд болж хувирна.

-Сэдвээ бага зэрэг өөр чиглэлд хандуулъя. Барилгын салбарт сүүлийн үед нэвтэрч буй шинэ, дэвшилтэт техник технологиудаас сонирхуулна уу?

-Барилгын салбарт нэвтэрч буй шинэ, дэвшилтэт технологи, материалууд их бий. Барилга угсралтын үйл ажиллагаанд хурдан хугацаанд угсралт хийх хэв шахмалаас эхлээд эрчим хүчний хэмнэлттэй, фассив барилгын зэрэг янз бүрийн материалууд байна. Цонх гэхэд эрчим хүчний хэмнэлттэй, өөрөө халж, дулаан ялгаруулдаг байх жишээтэй. Шилэн барилгууд өвөлдөө хүйтэн байдаг талтай шүү дээ. Тиймээс халдаг шилтэй хийвэл хүйтний улиралд дулаан алдагдлыг бууруулна. Амины орон сууцууд үүнийг нэлээд хэрэглэж байна. Мөн ганжуулсан шилээр цонх хийдэг болсон. Уг шил нь ямар нэг гадны хатуу биетэд хагардаггүй. Нано технологийн түрхлэг, пленкон хальстай цонхнууд ч бий болж байна. Үнийн хувьд ч асар ялгаатай 70 мянгаас 1 сая 500 мянга төгрөг хүртэлх үнийн зөрүүтэй байх жишээтэй. Хүн өөрийн бэл бэнчинд тохируулан хүссэн цонхоо авч болж байна.

Мөн амины орон сууц, зуслангийн байшингийн маш олон шийдлүүд ороод ирлээ. Хөрс бохирдуулдаггүй жижиг оврын жорлонгоос эхлээд жижиг оврын бие даасан цэвэрлэх байгууламжууд бий болж байна. Халаалтын маш олон төрөл байна. Шалны халаалтаас гадна ханын инфра туяа, нарны эрчим хүч, газрын гүнээр халдаг халаалтууд ч байна. Энэ мэт шинэ технологиудыг тоочвол маш олон.

-Байр орон сууцны борлуулалт хэр байна вэ. Нэг хэсэг шуугиулж байсан ипотекийн зээлийн асуудлын талаар?

-2014 оноос макро эдийн засгийн үзүүлэлт муудсантай холбоотойгоор орон сууцны борлуулалт муудсан. Мөн 2015 оноос ипотекийн зээлийн хэмжээ буурсанаас үүдэн орон сууцны борлуулалт бас л муудсан. Эрэлт буурахад дагаад тасралтгүй буурч байсан орон сууцны борлуулалт 2017 оны 4 дүгээр сараас эхлэн тогтворжлоо. Арилжааны банкууд ипотекийн зээлийг өгөхгүй байгаа ч орон сууцны ерөнхий үнийн индекс буюу үнэ ханш сүүлийн саруудад буураагүй. Өнөөдрийн ханш 2013 оны нэгдүгээр улирлын үнийн дүнтэй дүйцэхүйц хэмжээнд хүрсэн байна. Өөрөөр хэлбэл, ипотекийн зээл өгч эхлэхээс өмнөх үетэй дүйцэж очсон гэсэн үг. Цаашид орон сууцны үнэ буурахгүй гэдэг нь тодорхой болсон учраас мөнгөтэй хүмүүс орон сууц авч байна. Эдийн засгийн нөхцөл байдал тогтворжлоо. Ирээдүйн чиг хандлагыг харвал эрэлт нэмэгдэхээр байна. Барилгын материалын үнэ ханш ч гэсэн нэмэгдчихлээ. Тэгэхээр цаашид орон сууцны үнэ буурах бус өсөх төлөвтэй.

-Барилгын материалын ханган нийлүүлэлтийн тогтолцоог сайжруулах үүднээс салбарынхан нэгдэж “Барилгачин” группыг үүсгэн байгуулсан гэж сонслоо?

-Монгол Улсад барилгын материалын асар олон үйлдвэр байна. Тусгай зөвшөөрөлтэй 700 гаруй, үүний цаана зөвшөөрөлгүй жижиг, дунд үйлдвэрүүд маш олон. Вакум цонхны 360, бетон зуурмагийн 120 гаруй, зөвхөн хөнгөн бетон блокны үйлдвэр гэхэд 40 орчим үйлдвэр бий. Эдгээр нь салбараа дагаад уналтад орж  борлуулалтгүй болчихсон. Тэгэхээр энэ асуудлаас гарахын тулд барилгын материалын үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчид нэгдээд барилгын материалаа нэг цэгээс хүргэх үйлчилгээг гаргаж байгаа юм. Энэ нь ард түмэндээ зориулсан Барилгачин групп. Группт одоогоор 50 гаруй аж ахуйн нэгж нэгдээд бараа бүтээгдэхүүнээ нийлүүлж, Мишээл барилгын их дэлгүүрийн Загварын байранд нэгдэн ажиллаж байна. Тус группийн үйл ажиллагааны хүрээнд ард иргэд нэг дороос барилгын мэргэжлийн зөвлөгөө авч, зургаа зуруулан, төсвөө хийлгээд, гүйцэтгэгчээ сонгож, барилгын материалаа авах боломжтой.

-Ярилцлагын төгсгөлд, Та барилгын салбарт олон жил ажилласан хүний хувьд монголын барилгын салбарын хөгжил, ирээдүйн чиг хандлагыг ямар өнгөөр хардаг вэ. Улаанбаатар хот, Монгол улс өндөр өндөр барилгууд сүндэрлэсэн хот, улс болох ойрын ирээдүйн төлөв ямар байна. Бидэнд хэдэн жил шаардлагатай вэ?

-Барилгын салбар улсын эдийн засгийн нөхцөл байдлаас шууд хамааралтай. Барилгажих үйл явц, шинэ технологи нэвтрүүлэх үйл ажиллагаа нь ард иргэд нь орлоготой, улс орон нь эдийн засгийн чадавхтай байж гэмээн хөгждөг. Сүүлийн жилүүдэд өндөр хөгжсөн Хонг Конг, Сингапур, Арабын орнууд эдийн засгийн хувьд хүчирхэг болж байж барилга, дэд бүтцийн салбар нь дагаад хөгжсөн байх жишээтэй. Барилгын салбарын ирээдүй, хувь заяа бол Монгол улсын өөрийнх нь хөгжил, чадавхаас шууд хамааралтай. Бид дотроо барилгын салбараа дархлаатай болгох хэрэгтэй. Хэн дуртай нь тендэр аваад, барилга барьж салбарын нэр хүндийг унагаж байна. Үүнийг цаашдаа бодож барилгын салбарын мэргэжлийн хүн үйл ажиллагаа явуулбал гажуудал гарахгүй.

                                                                        М.Дуламжав

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.