Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Бүгд Найрамдах Энэтхэг улсад шавилж буй ламхай нарыг татан авахаар тусгай үүргийн онгоц өнөөдөр /2020.06.12/ “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас 08:45 цагт хөөрлөө.
Энэтхэг улсаас 230 орчим ламхай нарыг татан авахдаа Лаос улсаас нутаг буцах хүсэлтэй 13 иргэнээ татан авна гэдгийг Шуурхай штабаас мэдээлсэн. Мэдээлэл хийх үеэр Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Энэ долоо хоногт зургадугаар сарын 12-нд Энэтхэгийн Гоа хот руу нислэг үйлдэж, ламхай нарыг авч ирнэ” гэсэн юм.
Засгийн газар зургадугаар сарын 1-нд ээлжит бусаар хуралдаж Энэтхэгт гацсан ламхай нарын асуудлыг шийдвэрлэсэн. Энэ үеэр Хөдөлмөр нийгэм хамгааллын сайд С.Чинзориг мэдээлэл өгөхдөө “Энэтхэг улс дахь Брайбүн Гоман дацанд сурч буй 10-18 насны 357 хүүхдийн хүсэлт гаргасан 219-ийг богино хугацаанд эх оронд нь авчрах тусгай үүргийн онгоц илгээхээр боллоо. Тэдгээр хүүхдүүдийг авчрах болон ирсний дараа тусгаарлах болон нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх зардлыг Хүүхэд хамгааллын зардлаас гаргахаар шийдвэрлэлээ. Нэг хүүхдийн 21 хоногийн тусгаарлалтын зардал 1 сая 50 мянган төгрөг хэмээн тооцоолж байна. Энэтхэгээс авчрах ламхай нарын тусгаарлалтад нийт 230 сая төгрөг зарцуулах бөгөөд үүнийг Хүүхэд хамгааллын зардлаас гаргахаар боллоо” гэдгийг хэлж байв.
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ зургадугаар сард тусгай үүргийн нислэгээр 2000 орчим иргэнээ гадны улс, орнуудаас татан авахаар төлөвлөн ажиллаж байна.
- Зургадугаар сарын 08-нд Австрали,
- Зургадугаар сарын 10-нд Казакстан,
- Зургадугаар сарын 11-нд Токио,
- Зургадугаар сарын 12-нд Энэхтхэг,
- Зургадугаар сарын 17-нд Сөүл (транзит),
- Зургадугаар сарын 18-нд Сөүл
- Зургадугаар сарын 19-нд Франкфурт хотруу тус тус нислэг үйлдэнэ.