Улсын их хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор баталсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”-т заасны дагуу Нийслэл хотыг Аялал, жуулчлалын төв хот болгох зорилтыг дэвшүүлсэн.Дээрх зорилтын хүрээнд Нийслэлийн Засаг даргын зүгээс соёлын өв болсон барилга байгууламжуудыг тохижуулах, дурсгалт барилгад учирч буй эрсдэлийг бууруулах чиглэлээр шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Үүний нэг нь Чойжин ламын сүм музейн тохижилтын төсөл юм.
Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Ерөнхий архитекторын ажлын албаны дарга А.Баттөмөр “Монгол Улсын Засгийн газрын 2001 оны тогтоолоор Чойжин ламын сүм музейн 2,1 га газар хамгаалалтын горимд шилжсэн. Одоогийн нөхцөлд Чойжин ламын сүм музей нь баруун, хойд хэсгээр автомашины зогсоол шахсан, явган хүн болон жуулчид зорчих замгүй. Өнгөрсөн онд БСШУЯ болон Чойжин ламын сүм музейн удирдлагууд нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газарт хамгаалалтын бүсэд байсан аж ахуйн нэгжүүдийг хамгаалалтын бүсээс гаргах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, цаашид музейг тохижуулах хүсэлт тавьсны дагуу мэргэжлийн байгууллагууд ажиллаж тохижилтын ажлын зураг батлагдсан байгаа. Чойжин ламын сүм музейн тохижилтын дагуу нийт 6000 м/кв талбайн 60 хувьд нь ногоон байгууламж, 20 хувьд нь 40 автомашины зогсоол, үлдсэн 20 хувьд нь явган хүний зам баригдана. Мөн музейн баруун зүүн талд явган хүний зам хийж автомашины замаас тусгаарлана” хэмээн мэдээллээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30419
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.