Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Билэгт их, дээд сургуулийн төлбөр өндөр байгааг шүүмжилсэн юм.
Тэрбээр “Мөнгөтэй нь их, дээд сургуульд ордог боллоо” гэв. Үүний хариуд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь “Их, дээд сургуулийг төлбөргүй болгох боломж нөхцөл бий. Гэхдээ төлбөргүй болговол төсвөөс санхүүжүүлэх шаардлага гарах байх. Гэтэл санхүү эдийн засгийн хувьд боломж тааруухан байна” гэв.
Мөн УИХ-ын С.Чинзориг Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа хэр тогтворжиж байгааг БСШУС-ын сайд Ж.Батсууриас тодруулсан юм. Эл асуултад салбарын сайд Ж.Батсуурь, “Боловсролын зээлийн санг хичээлийн шинэ жил эхэлсний дараа байгуулсан. Уг сангаас их дээд сургуульд суралцагсдад сургалтын төлбөрийн зээлийн үйлчилгээг арилжааны банкаар дамжуулан олгож байна. Өөрөөр хэлбэл, оюутан банкнаас зээлээ аваад сургуулийнхаа данс руу шилжүүлж буй.
Таван сая төгрөгөөс доош зээл авсан тохиолдолд барьцаа шаардахгүй байгаа. Одоогоор арилжааны 6 банк Боловсролын сантай гэрээ байгуулсан. Зарим зээл хүсэгчид банкны тавьсан шалгуурыг даваагүйгээс зээл авч чадаагүй тохиолдлууд гарсан. Банкны удирдлагуудтай уулзалт хийж, зүйл заалтууд дээр хөнгөлөлт гаргах тал дээр санал солилцсон. Банкууд бүх эрсдлийг өөрсдөө дааж байгаа учир үгүйсгэх аргагүй асуудал байдаг юм билээ. Цаашдаа аль болох нөхцлийг нь хөнгөлөхөд анхаарч ажиллаж байна” хэмээн хариулав.
Харин УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан саналаа хэлэв. Тэрбээр “Өнөөдөр иргэд бага, дунд боловсролын шинэчлэлийг хүлээж байгаа. Түүнээс ганц нэг сургуулийн барилга, үдийн цай хөтөлбөр гэдэг бол хоёрдогч асуудал гэж бодож байна. Бага, дунд боловсролыг шинэчлэхийн тулд багш нартайгаа ажиллах ёстой. Боловсролын салбарт 45 мянган багш, сурган хүмүүжүүлэгч байдаг. Тэдний хөдөлмөрийн үнэлэмж бусад салбарынхаас үнэхээр доогуур. Тэгэхээр Монгол Улс багш бэлтгэх тогтолцоогоо эргэж харах ёстой.
Финланд улс “толгой цохьдог” хүүхдүүдээ багш болгодог юм байна лээ. Хамгийн шилдэг хүүхдүүд нь багш болж, боловсролын салбар нь тэргүүлсэн. Япон, Солонгос, Сингапурын туршлага байна. Тиймээс дунд сургуульд сурч байгаа мэдлэгтэй, “толгойтой” хүүхдүүдээ багш болгох бодлого боловсруулах хэрэгтэй. Ингэж байж Монгол Улсад чанартай боловсролын тогтолцоо бий болно.
Үүнээс гадна сургууль, цэцэрлэгийн захирлуудын хариуцлагын асуудлыг ярих хэрэгтэй. Тухайн сургууль, цэцэрлэгтээ 20 гаруй жил ажилласан, тэр газрынхаа эзэн болчихсон захирлууд олон бий. Сургуулийнхаа газрыг зардаг, хувьдаа хөрөнгөтэй болдог. “Үдийн цай” хөтөлбөр сургуулийн захирлуудын бизнес болсон. Сурагчийн дүрэмт хувцас хүртэл захирлуудын бизнес болчихсон. Багш нараа сонгон шалгаруулах гэж авлига авдаг. Хөдөөд бол үхэр аваад оронд нь ажилд авсан тохиолдол бий. Ажлын байрны дарамт маш өндөр болсон. Тиймээс цэцэрлэг, сургуулийн захирлуудын ёс зүй, ажлын хариуцлагыг ажлын үр дүнтэй нь уях хэрэгтэй. Тиймээс ажлын үр дүн тооцдог тогтолцоог шинэ шатанд гаргах шаардлага байна гэж би үзэж байна” гэв.
Гишүүд саналаа хэлж дуусаад, Байнгын хорооны тогтоол гаргалаа.
1 цагийн өмнө
3 цагийн өмнө
4 цагийн өмнө
Өчигдөр
87365
30396
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.