“Аравт-2020” олон улсын морин цэргийн уралдааны анхан шатны төлөвлөлтийн хурал өнгөрсөн долоо хоногт цахимаар явагдлаа. Тус цахим хуралд ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар, ЗХЖШ-ын Сургалтын хэлтсийн Биеийн тамир, спортын тасгийн дарга, хурандаа Д.Цог-Эрдэнэ, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны цэрэг, агаарын цэргийн атташе, хурандаа П.Г.Анисов нар оролцсон байна.
Хурлын эхэнд хошууч генерал Ж.Бадамбазар цахим хуралд оролцогч орнуудад талархал илэрхийлээд “Аравт-2020” олон улсын морин цэргийн уралдааны зохион байгуулалтын талаар мэдээлэл хүргэсэн бол хурандаа Д.Цог-Эрдэнэ уралдааны зааварт орсон өөрчлөлт, шүүлтийн талаар ярилаа. Энэ үед оролцогч талуудаас уралдаанд өөрийн мориор оролцож болох, үүнийг шийдвэрлэх боломж байгаа эсэх, зохион байгуулалтад өөрчлөлт оруулсан эсэх тухай асууж, санал солилцсон байна.
Хурлын төгсгөлд хурандаа Д.Цог-Эрдэнээс зарим зүйлийг асууж тодрууллаа.
-Цахим хурлын үр дүнгийн талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Хурлаар хоёр гол асуудлыг хэлэлцлээ. Нэгдүгээрт, өнөөдөр дэлхий нийтэд тархаад байгаа шинэ короновирусын нөхцөл байдлаас хамаараад “Олон улсын цэргийн наадам”-ын “Аравт-2020” олон улсын морин цэргийн уралдааныг төлөвлөсөн ёсоороо зохион байгуулах эсэх талаар оролцогч орнуудтайгаа ярилцаж, санал бодлоо солилцсон. Хоёрдугаарт, уралдааны зохион байгуулалт, шүүлт, заавар зэрэгт анхаарах ямар асуудал байгааг нь журмын нөхдөөсөө асууж тодруулсан. Мөн Монгол Улсын талаас дэлхий нийтэд короновирусын халдварын тархац хумигдаж, сайхан цаг ирэхэд нь “Аравт”-ыг зохион байгуулахад бэлэн байх болно гэдгээ ч илэрхийллээ.
-Оролцогч орнуудаас ямар санал дэвшүүлж байна вэ?
-Хэд хэдэн асуудал тодруулж байна. Тэр дундаа уралдаанд өөрсдийнхөө морьтой оролцох сонирхолтой байгаагаа илэрхийлж, Монгол Улс руу адуугаа нэвтрүүлэхэд эрх зүйн хүрээнд боломж байгаа эсэх талаар асууж байна. Бидний хувьд ч үүнд нь тодорхой хариуллаа. Монгол Улсын Засгийн газраас мал экспортлохыг хориглосон тогтоол гараад удаагүй байгаа, хэрэв адуугаа авчирна гэвэл Батлан хамгаалахын сайд магадгүй бүр Засгийн газрын түвшинд ярилцах шаардлагатай юм байна гэдгээ илэрхийлсэн. Гэхдээ Монгол, Орос хоёр улс мөнхийн хөрш орнууд учраас энэ асуудлыг шийдвэрлэх боломж байгаа гэж харж байна.
-Дараагийн хурлын тов хэзээ гэж тогтсон бэ?
-Цар тахлын нөхцөл байдал сайжирвал ирэх зургаадугаар сард хийхээр төлөвлөсөн байгаа.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30420
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.