Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу зориулалтын дагуу ашиглаагүй газруудын зөвшөөрлийг цуцалж, нийтийн эдэлбэр болгох ажиллагаа өрнөж байгаа билээ. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу өнгөрсөн хугацаанд 246 иргэн, аж ахуйн нэгжийн газрын эрхийг цуцалсан талаар А.Даваажаргал танилцууллаа.
Тэрбээр “С.Амарсайхан Нийслэлийн Засаг даргаар томилогдсон цагаасаа хойш Улаанбаатарт хотод хууль бусаар олгогдсон, мөн газар эзэмших явцдаа зөрчил гаргасан иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газрын эрхийг цуцалсан. Товчхондоо зөрчилтэй газруудын судалгааг гаргаж, газрыг цэгцлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
Өнгөрсөн хугацаанд нийт 246 иргэн, аж ахуйн нэгжийн хууль бусаар эзэмшиж байсан газрыг цуцалсан. Хууль бусаар эзэмшсэн гэдэг нь анх газрыг авахдаа зориулалтын бусаар, Газрын тухай хуульд заасан нөхцөл шаардлагыг хангахгүйгээр газрыг авсан тохиолдлуудыг хэлж байгаа.
Хууль бусаар газар эзэмшиж байсан дээрх тохиолдлуудад хотын дарга тухай бүрт нь захирамж гаргаж цуцалсан. Цуцлагдсан нийт газрын талбайн хэмжээ нь 150 орчим га газар хамрагдаж байна. НИТХ-д 2 удаагийн тогтолоор өргөн барьж, нийтийн эдэлбэр газраар шийдвэр гаргуулан хамгаалалтад аваад байна. Нийтийн эдэлбэр газар гэдэг нь хэн нэгэн иргэн, аж ахуйн нэгж байгууллага тухайн газрыг эзэмшихийг хориглосон газар гэж ойлгож болно.
Засаг даргын зүгээс газрын эрхийг нь цуцалсан 246 иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас 32 нь шүүхэд гомдол гаргасан. Цаашдаа зөрчилтэй газрын газрыг чөлөөлөх, цэгцлэх ажил үргэлжилнэ.
Одоогийн байдлаар шинээр 38 байршилд 120 орчим иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газрыг цуцлахаар судалж байна.Зөвхөн иргэний үнэмлэхээ барьж ирээд кадастрт бүртгэл хийлгээд, захирамж гаргуулалгүй хадгалуулчихдаг тохиолдлууд олон байдаг. Эдгээр тохиолдлыг газрыг цэгцлэх ажлын хүрээнд судалж, шаардлагатай бол цуцална” гэлээ.
Мөн хотын даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу 1630 хэсгийн ахлагч өнөөдрөөс Цагдаагийн ерөнхий газраас батлагдсан хуваарийн дагуу олон нийтийн цагдаагийн сургалтад сууж эхэлсэн байна. Тэд сургалтад хамрагдсаны дараа шалгалт өгч, тэнцсэн нь олон нийтийн цагдаагийн эрх олгох гэнэ.
Ингэснээр энэ сарын 15-н гэхэд хороо дүүрэг болгон дээр хэсгийн ахлагч нар олон нийтийн цагдаагийн эрхтэйгээр ажиллана. Энэ нь Зөрчлийн тухай хуульд заасны дагуу гудамж талбайд ариун цэврийн зөрчил гаргаж байгаа иргэдэд хариуцлага тооцох юм.