Улсын Онцгой комиссын /УОК/ шуурхай штабаас өнөөдөр /2020.04.06/ мэдээлэл хийлээ.
ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр “Өнөөдрийн байдлаар 2099 хүн тусгаарлагдах байранд байна. Токио-Улаанбаатарын нислэгээр ирсэн иргэдээс ХӨСҮТ-д 68 иргэн тусгаарлагдсанаас 0-5 насны 9, 6-17 насны 13 хүүхэд, Цэргийн төв эмнэлэгт 15 иргэн тусгаарлагдсанаас 6-17 насны нэг хүүхэд, Жаргалант сувилалд хоёр иргэн тусгаарлагдсан, Токио зочид буудалд 138 ажиглалтад байгаагаас 0-5 насны 6, 6-17 насны 16 хүүхэд нийт 273 иргэн байрлаж байна. Тусгаарлалтын байруудад нийт 0-5 насны 69, 6-17 насны 150 хүүхэд байрлаж байна.Өнгөрсөн тав хоногийн дотор 955 хүн тусгаарлах байрнаас гарсан бол өнөөдөр 455 иргэн гарна. Нийт 1410 иргэн гэртээ тусгаарлагдаж байна. Тусгаарлалтад байгаа хүмүүсийн гэрийн хаяг болон холбогдох мэдээллийг бүртгэж байгаа” гэв
Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.МӨНХТҮШИГ “Өнөөдрийн байдлаар гадаадын 45 улсаас 6313 иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргасан байна. Эдгээр хүмүүсийн ихэнх нь санхүүгийн бололцоо тааруу гэх шалтгаанаар эх орондоо ирэх хүсэлт гаргасан байна. УОК-ын гуравдугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсад ирэх боломжтой гадаадын иргэнийг тодорхойлж өгсөн. Тухайлбал, дипломат албаны хүмүүс болон гэр бүл, монгол хүнтэй гэр бүл болсон гадаад улсын иргэн ирэх боломжтой юм. Токиогийн онгоцонд дөрвөн гадаад хүүхэд ирсэн. Тодруулбал, Японы хоёр иргэн, Испани улсын иргэн нэг, АНУ-ын иргэн нэг байна. АНУ-ын иргэн гэдэг маань Монгол Улсын иргэний гадаад улсын иргэншилтэй нялх хүүхэд байгаа юм. Испани улсын иргэншилтэй иргэн 2007 онд төрсөн монгол ээж, аавтай бага насны хүүхэд байгаа. Япон нэг иргэний тухайд Монгол Улсад 20 гаруй жил амьдарсан Монгол Улсын иргэний албан ёсны гэр бүлийн гишүүн юм. Энэ нь монголд ирэх зөвшөөрөлтэй гэсэн үг. Харин үлдсэн нь Монгол Улсын иргэний албан ёсны хүүхэд юм. Ээжээс нь салгаж болохгүй нялх хүүхэд учраас бид эх орондоо ирэх зөвшөөрлийг өгсөн.
Сөүлээс дөрөвдүгээр сарын 8-нд ирэх нислэгтэй холбоотой зарим мэдээлэл өгье. Дөрөвдүгээр сарын 8-ны лхагва гаригт Сөүлээс тусгай үүргийн нислэг авах шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор шуурхай штабтай зөвлөсний үндсэн дээр ямар иргэдийг бүртгэлд хамрагдах вэ гэдгийг маш тодорхой чиглэлийг Сөүл дахь Элчин сайдын яаманд болон МИАТ компанид хүргүүлсэн. Үүнд эмчийн хяналтад байгаа хүн, жирэмсэн эх, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өндөр настан, бага насны хүүхэд зэрэг таван үндсэн шалгуур тавьсан. БНСУ-аас эх орондоо ирэх иргэдийн хувьд коронавирусийн шинжилгээг урьдчилан зайлшгүй өгсөн байх шаардлагыг тавьж байгаатай холбоотойгоор иргэдэд аль болох шинжилгээ өгөх цаг хугацаа өгсөн. Элчин сайдын яаманд болон МИАТ компани энэ удаагийн онгоцонд суух бүртгэлийг албаны хүмүүс хамтдаа сууж байгаад хийсэн. Өмнөх хоёр онгоцоор Сөүлээс ирсэн 500 гаруй иргэний хувьд өмнө нь тайлбарлаж байсанчлан зөвхөн гуравдугаар сарын 10-13-ны хооронд Элчин сайдын яамны гадаа дугаарлаж байгаад бүртгүүлсэн 500 хүнийг авчирсан. Энэ удаа Элчин сайдын яаманд дэлгэрэнгүй бүртгэл байхгүй учраас дээр дурдсан шаардлагуудыг үндэслээд МИАТ компанитай хамтраад дөрөвдүгээр сарын 4-ны 11.00-17.00 цагийн хооронд бүртгэл явуулахаар төлөвлөсөн. Гэвч иргэдийн зүгээс маш их хүлээлттэй байсан учраас 14.00 цагийн орчимд нийтдээ 260 орчим иргэн бүртгүүлсэн. Квот нь дууссан учраас бүртгэлээ зогсоосон. МИАТ компанийн төлөөлөгчийн газар бүртгэлээ хаасан. Иргэдийн зүгээс нислэгт багтаж чадахгүй байна гэдэг гомдлыг маш ихээр гаргаж байгаа. Бид маш сайн ойлгож байна. Гэсэн хэдий ч МИАТ компанийн төлөөлөгчийн газрын байрны үүдэнд очоод эмх замбараагүй байдал үүсгэж байна. Өнөөдөр ч гэсэн энэ асуудал давтагдаж байна. УОК-оос өгсөн чиглэлийн дагуу тодорхой шалгуурын дагуу бүртгэлээ хийгээд хүмүүс дүүрсэн. БНСУ-д 48 мянга гаруй монгол улсын иргэд амьдардаг. Онгоц 250 хүний суудалтай. Бүх хүмүүс энэ удаагийн нислэгт багтахгүй гэдэг нь ойлгомжтой учраас ойлгохыг хүсч байна” гэв.
Цагдаагийн Ерөнхий газрын хурандаа Ж.Амгалан “Монгол Улсын хэмжээд нийт 21 аймаг, 265 сум, 960 гаруй багт гаднаас орж ирж тусгаарлагдаж байгаад гэртээ харьсан 1769 хүн хянагдаж байна. тусгаарлах байрнаас иргэд ихээр гарч байгаа учраас тусгаарлах байрны хамгаалалтад байсан алба хаагчдыг 14 хоног гэр оронд нь тусгаарлаж дэглэмийг нь сахиулна. Иргэд олон нийтэд хандаж хэлэхэд урин дулаан цаг ирж байна. Гэртээ дэглэм сахиад удсан болоод ч тэр үү агаар салхинд гарах иргэдийн хөдөлгөөн ихсэж байна. Амны хаалтгүй явдаг, үр хүүхдээ хараа хяналтгүй үлдээхээр бөөнөөрөө нийлээд сагс тоглоод явчихдаг зэрэг асуудал их байна. Бид гурван сар гаруй дэглэм сайн сахиж ажилласан учраас үүнийгээ баталгаажуулахын тулд иргэн бүр сахилга баттай байх ёстой” гэв.
Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын дэд дарга Г.Сугарбат “ДЭМБ болон олон улсад коронавирусийн халдварыг цэвэрлэх байгууламжийн ялгадсаар халдварлах боломжтой гэсэн учраас Туул голын нийт найман цэгээс авч шинжилгээнд оруулсан. Хариу нь хараахан гараагүй байна. Ариутгал халдваргүйжүүлэлтийг хийхдээ эзэнгүй амьтдыг устгах ажлыг 21 хоногийн өмнө бүх аймаг орон нутагт үүрэг чиглэл өгсөн. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар нийслэлийн хэмжээнд 190 сая метр квадрат талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн. Энэхүү ажиллагаанд аж ахуйн нэгж байгууллага санаачилгатай ажилламаар байна. Амралтын өдөр Туул голын мөсөн дээгүүр болон энд тэндхийн уулын бэлд хүмүүсийн бөөгнөрөл маш ихээр үүсч байна. Эрүүл мэнддээ анхаарч агаар салхинд гарч байх шиг байна. Гэхдээ хорио цээрийн дэглэм үргэлжилсээр байгаа.
Нэг цэгт бөөгнөрөл үүсгэхгүй тодорхой зайг барьж агаар салхинд гарахыг зөвшөөрсөн болохоос бөөгнөрөл үүсгэхийг зөвшөөрөөгүй. Иргэдийн салан задгай байдал даамжрах, хэнэггүй болж байгаа нь харагдаж байна. Хорио цээрийн дэглэмд сөргөөр нөлөөлж байгаа нэг зүйл нь 22.00 цагаас хойш архи согтууруулах ундааг зөвшөөрөлгүй зарж байгаа асуудал юм. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд гуравдугаар сарын 27-ны өдөр жижиг дэлгүүр ямар ч зөвшөөрөл байхгүй, НОБГ-ын тушаал шийдвэрийг зөрчөөд архи зарж байх жишээтэй. Тус дэлгүүрт холбогдох арга хэмжээг авсан. Улс орны хүнсний хангамжийг тасралтгүй байдлыг хангах зорилгоор дөрөвдүгээр сарын 5-ны өдөр хилээр нийт зургаан галт тэрэг, 287 тонн чингэлэг, 31 вагон нэвтэрсэн. Халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагаар хийж гүйцэтгүүлсэн. Нийтдээ 212.6 тон хүнсний бүтээгдэхүүн орж ирснийг хүнсний бөөний төв болон дэлгүүрүүдэд тараасан” гэв.
Дараа нь тэд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
–Энэ удаагийн тусгаарлалтаас гарсан хүмүүст тавих шаардлагыг хэн хянах юм бэ?
-Гэрийн хаягаар нь хяналт бүртгэлийг хийж байгаа. Үүн дээр цагдаагийн байгууллага, дүүрэг, хороо, баг, хэсгийн ахлагч нар хянаж байгаа. Сүүлийн үед харьцангуй гэртээ өөрийгөө тусгаарлах хүмүүсийн зөрчил буурч байна. Энэ нь иргэдийн ухамсар дээшилж байна. Өөрсдийнхөө хариуцлагыг ухамсарласан гэж харагдаж байна. Дэл, сул асуудал байгаа ч олон нийтэд ярих шаардлагагүй.
–Дөрөвдүгээр сарын 8-ны өдөр Сөүлээс ирэх иргэдийн тусгаарлах байрны хангамж хэр байгаа вэ. Тусгаарлах хүмүүсийг хотын төвийн буудалд буулгалаа хэмээн шүүмжлээд байгаа шүү дээ
-Эдгээр хүмүүсийн тусгаарлах байрыг бид бэлтгэсэн байгаа. Маш олон хүмүүс тусгаарлах байрнаас гарч байгаа учраас байр хангалттай бий. Хотын гаднах тусгаарлах байрыг сонгох гэхээр энг хүн нэг өрөөнд орно, дотроо ариун цэврийн өрөөтэй байна гэхчлэн дэглэмийнхээ шаардлагыг хангаж өгөхгүй байна. Тиймээс хотын төвийнхөө буудлуудыг сонгож байгаа. Нэмж нэг зүйлийг хэлэхэд тусгаарлах байранд байгаа хүмүүс өвчтэй хүмүүс биш. Тэдгээр хүмүүсээс айх зүйл байхгүй.
–Өнөөдөр тусгаарлах байрнаас 455 хүн гарна гэсэн. Үүний хэд нь тусгаарлах байрны төлбөрөө бүрэн төлсөн бэ?
–Баянхангай амралтын газрын эзэн иргэд төлбөрөө төлөхгүй байгаа учраас цаашид хоол, хүнсээр үйлчилж чадахгүй. Тиймээс дараа дараагийн удаа ирэх хүмүүсийг хүлээж авч чадахгүй нь гэсэн албан ёсны хүсэлтийг манайд ирүүлсэн. Тэнд ОХУ-аас орж ирсэн иргэдийг тусгаарлаж байгаа. Тусгаарлах байрны төлбөр нь иргэдийн хоол, байрлах газрын л мөнгө. Түүнээс биш ОБЕГ илүү дутуу мөнгө авч байгаа зүйл биш. Хоолныхоо мөнгийг төлөхгүй гээд цааргалж байгаа хүмүүсийн хоолны мөнгийг төрөөс даахгүй. Татвар төлөгчдийн мөнгийг өгөхгүй. Та идсэн бол хоолныхоо мөнгийг, байрласан бол байрныхаа мөнгийг өг өө. Тэгвэл ямар ч зөрчил гарахгүй бид урагшлах гээд байна.
-Гуравдугаар сарын 28-ны өдөр БНСУ-аас иргэдээ авахаар онгоц нисгэсэн. Эдгээр хүмүүс дунд гурван Турк иргэн ирсэн. Энэ хүмүүстэй хамт хичнээн монгол иргэн ирсэн бэ?
–БНСУ-ын тал өөрийн улсын иргэдээ Монгол Улсаас эх орондоо авахаар ирүүлсэн онгоцонд Турк улсын гурван иргэн ирсэн. Өөр хүмүүс ирээгүй. Эдгээр гурван иргэн тусгаарлалтад хяналтад байгаа.
-Тайланд, Филиппин зэрэг зүүн Азийн улсуудад аялал жуулчлалаар яваад тэндээ гацсан хүмүүсийг авчрах тал дээр арга хэмжээ авч байгаа юу?
–Дэлхийн 45 улсад Монгол Улсын 6313 иргэн байна. Зүүн өмнөд Азид байгаа иргэдийн асуудлыг бид маш сайн мэдэж байгаа. Гэхдээ өнөөдрийн нөхцөл бололцоонд нийцүүлээд шат дараалалтай арга хэмжээ авна. Гадаад харилцааны яам гадаадад байгаа иргэдийн гаргаж байгаа хүсэлт бүрийг УОК болон шуурхай штабт мэдээлж ирсэн.
-Сүүлийн хоёр тусгай нислэгээр ирсэн олны танил хүмүүсээс багагүй гомдол гаргасан шүү дээ. Тусгай машинаар дарга, цэргийн хүүхдийг авсан гээд цахим хуудаснаа бичээд байсан.
–Дарга, цэргийн хүүхдийг тусгай машинаар зөөсөн асуудал байхгүй. Шуурхай штаб нисэх буудалд болж байгаа бүх үйл явдлыг дэлгэцээр хянадаг. Тэнд хоёр хар тэрэг байсан. Тэр нь цагдаа болон мэргэжлийн хяналтын газрын албаны хүмүүсийн машин байсан.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.