Угаарын хийн мэдрэгчийг ирэх сард 200.000 өрхөд тарааж дуусна

2020-03-30 Нийслэл

Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд долоо хоног бүрийн даваа, пүрэв гарагт сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар албаныхан мэдээлэл өгдөг. Өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа, Агаарын бохирдолтой тэмцэх газрын хэлтсийн дарга Г.Даваажаргал нар цахимаар мэдээлэл хийлээ.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Өнгөрсөн гурав хоногийн хугацаанд Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийнд хордсон нийт долоон өрхийн 22 иргэн хандаж, эмнэлгийн тусламж үйлчилгээг авч, нэг иргэн Улсын төв нэгдүгээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Нийслэлийн иргэдийг угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд гуравдугаар сарын 27-29-ний өдрүүдэд төвийн зургаан дүүрэгт нийт 64999 угаарын хий мэдрэгч тараахаас 57105 ширхэгийг айл өрхүүдэд суурилуулан 87.9 хувийн гүйцэтгэлтэй ажиллаж байна. Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд угаарын хий мэдрэгчийг тараахдаа олон хүн бөөгнөрүүлэхгүй байх үүднээс айл өрхүүдэд нэгбүрчилэн очиж тарааж байна. Мөн зуслангийн бүсэд очиж суурилуулсан. Дөрөвдүгээр сарын 20 гэхэд гэр хорооллын 200 мянган өрхөд угаарын хий мэдрэгчийг 100 хувь тараана гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна” гэлээ.

Мөн Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/168 дугаар захирамж гарч томуу, томуу төст өвчний тархалт, коронавирусийн халдвараас сэргийлэх, хотын соёлыг төлөвшүүлэх, иргэдийн үүрэг хариуцлага, ухамсарыг нэмэгдүүлэх зорилгоор гуравдугаар сарын 27-29-ний өдрүүдэд 1802 ажилтан, албан хаагчид нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн 243 маршрутаар хяналт тавьж, 16994 иргэнд зөвлөмж танилцуулан, 14976 иргэнд зөвлөмж тарааж, нус шүлсээ хаях, ил задгай газар бие засах, хог хаяж орчныг бохирдуулсан 7359 иргэнд анхааруулга, санамж зөвлөмж өгч, 764 аж ахуйн нэгж байгууллагад ариутгал халдваргүйжүүлэлт хийж ажилласан байна.

 

ДЭМБ болон ЭМЯ-ны зөвлөмжийг сайтар дагаж мөрдөхийг анхаарууллаа

НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа “Гуравдугаар сарын 29-ний байдлаар дэлхий дахинд өвчилсөн нийт тохиолдол 65301, нас барсан 30162, бүрэн эдгэрсэн 139582 тохиолдол бүртгэгдсэн байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр 24 цагийн дотор өвчлөл нэмэгдсэн улс орон байхгүй. Харин АНУ, Итали, Иран, Испани, Герман, Франц, Их Британи, Швейцарь гэсэн орнуудад хамгийн их өвчлөл тархсан байна. Монгол Улсын хувьд 24 цагийн дотор шинээр бүртгэгдсэн тохиолдол байхгүй. Нийт ард иргэддээ хандан хэлэхэд анхаарал болгоомжоо сулруулахгүй байж, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Эрүүл мэндийн яамны зөвлөмжийг сайтар дагаж мөрдөхийг анхааруулж байна” хэмээв.

НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил “Засгийн газрын 62 дугаар тогтоол түүхий нүүрсийг хэрэглэхийг хориглох хүрээнд холбогдох мэргэжлийн байгууллагууд Улаанбаатар хотын найман товчоодод хяналт шалгалтыг хийж байна. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотруу нэвтэрсэн нийт 35951 тээврийн хэрэгслийг шалган, хотоор дамжин өнгөрсөн 11 тээврийн хэрэгслээр 272.2 тонн түүхий нүүрс Төв аймгаар дамжин өнгөрсөн” гэсэн мэдээллийг өглөө.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар “Хотын соёл аян эхэлсэн гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Энэ хүрээнд шат дараатай ажлууд хийгдэнэ. Хотоо соёлтой байлгана гэдэг нь хэн нэгэн албан тушаалтны санаачилж хэрэгжүүлдэг зүйл огт биш. Энэ бол нийт иргэдийн санал санаачилга, оролцоотойгоор хийгдэх ажил гэдгийг та бүхэн мэднэ. Хотоо дэлхийн жишигт хүргэсэн хот болгохын тулд хүн бүхэн иргэний оролцоогоо нэмэгдүүлээсэй гэж хүсч байна” хэмээлээ.

Хэвлэлийн хурлын төгсгөлд цаг агаар дулаарч уулс болон гуу, жалга, суваг, шуудуу, гол мөрний цас хайлах, мөс нимгэрч, нийслэлийн гэр хорооллын зарим хороодын нутаг дэвсгэрт хөрсний ус булаг гарч, халиа дошин үүсэх, айл өрх, гудамж талбай усанд автах, шар усны үер үүсэх эрсдэл өндөр байгаа энэ үед иргэд, оршин суугчдыг бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, гол мөрний мөсөн дээр тоглуулахгүй, зөвшөөрөгдсөн зам гүүрээс өөр гарц гармаар зорчихгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхаарууллаа.

ШУУД ҮЗЭХ: /2020.03.30/

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төвд өнгөрсөн гурван хоногийн хугацаанд угаарын хийд хөнгөн хэлбэрээр хордсон 7 өрхийн 22 иргэн, үүнээс 9 хүүхэд, 13 том хүн хандаж, эмнэлгийн тусламж үйлчилгээг аван нэг иргэн улсын төв нэгдүгээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Угаарын хийн мэдрэгчийг өмнө нь 70,000 тараасан. Харин гуравдугаар сарын 27-29-ний өдрүүдэд төвийн зургаан дүүрэгт тараахаас 64,999 угаарын хийн мэдрэгч тараахаас 57,105 ширхгийг айл өрхүүдэд суурилуулан энэ ажил 87.9 хувийн гүйцэтгэлтэй байна. Коронавирусийн хадлдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор олон хүнийг бөөгнөрүүлэхгүйгээр онцгой байдлынхан өөрсдөө очиж суурилуулсан.

Дөрөвдүгээр сарын 20-н гэхэд гэр хорооллын 200 мянган өрхөд тараах юм.

Төрийн албан хаагчдын өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг дөрөвдүгээр сарын 2-нд дуусна. Дуусгаад ажлын тайлангаа танилцуулна.

Баян-Өлгийд тусгаарлагдаж байгаад хүний паспортоор нийтийн тээврийн автобусны билет захиалан өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт нийслэл рүү орж ирэх гэж байсан эмэгтэйг, автобустай хүмүүсийн хамт тусгаарласан” гэв.

Өнөөдрийн онч үг

14 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.