Сонгууль хаяанд тулж, нөгөө хэд чинь үлгэрээ ярьж эхэллээ шүү. Үнэгүй орон сууц, сар бүр таван сая төгрөгийн цалин. Аан бас иргэдийн зээлийн хүүг нам бууруулах гэнэ. Ийнхүү тоочоод байвал улс төрийн намуудын буян хишиг хязгааргүй санж. Биднийгээ хэсэг хугацаанд ч болов “Чих хаан” байлгаж, төсөөлж байгаагүй мөрөөдөлд автуулдаг та бүхэндээ гялайлаа.
Тийм ээ, Та бүхэн бидний өмнөөс толгойгоо гашилгаж нэгэнт бодож байгаа юм чинь том бодох нь зөв. Энэ улсад чинь таван сая төгрөгийн цалинтай нь хэдсэн билээ. Тэгэхээр таван саяын цалин амлахаар мөрөөдөгсдийн жагсаалт нэгдсэн журмаар өсч, саналын хуудсаа таны талд өгөх нь дамжиггүй. Та бүхэнд ч ашигтай, бидэнд ч өег. Ер нь сонгууль хурдан болж, ганц дугуй дүрс зурчихаад шинэ байрандаа орж, гэдсээ илж хэвтэхсэн.
….Яг л ийм мөрөөдлийн жагсаалтаар үе үеийн сонгуулийн амлалтыг ард түмэн өгсөөр ирсэн. Харин энэ удаад уучлаарай, цагаан захтнуудаа. Цаг цагаараа байдаггүй. Том амалсан нь бус зөв бодлого ярьсан нь ялна. Сонгогчдын нүд хоёрын цаадахыг хардаг болсон. Түмэн олон цахимд яаж чуулж, алив зүйлд ямар эх оронч ханддаг болсныг эрх биш харж буй биз. Хамгийн сүүлийн жишээ гэхэд л, Дархан-Улаанбаатар чиглэлийн хатуу хучилттай авто замыг барих 105 ажиллах хүчнийг Хятад улсаас оруулж ирэх асууддлыг иргэд бултаараа цахимд яаж бөмбөгдөж, унагасныг хараа байлгүй. Энэ мэтчилэн жилээс жилд сонгогчид чинь өсөж байна. Хуучны аргаараа хулхин дээр нь цэцэг ургуулж, сонгогчдын саналыг халаасладаг ядсан мэх чинь ул болсон шүү, горлигчид оо.
Энд нэг зүйлийг тодруулахад, УИХ-ын сонгуулийн тухай хуульд нам, эвслүүд мөрийн хөтөлбөртөө мөнгө, эд хөрөнгө, эд хөрөнгөтэй холбоотой эрх олгох, иргэдэд аливаа хишиг, хувьтай адилтгах зүйл, зээлийн болон бусад өр төлбөрийг хүчингүйд тооцох, иргэдэд үнэ төлбөргүй эсвэл хямдралтай үйлчилгээг санал болгож болохгүй” гэсэн хуулийн заалтыг сануулая.
Харин энэхүү хуулийг нийгмийн даатгал төлдөг иргэдийг орон сууцжуулах, зээлийн хүүг бууруулах зэргийг амлаж буй эрх баригчид өөрсдийн гараар баталсан гэдгийг энд тодотгоё. Тэгэхээр УИХ-ын сонгуулийн тухай хуулиар улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөө ҮАГ-т хүргүүлэх хугацаа өчигдөр дуусч, нийт 27 нам сонгуульд оролцохоор мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн бөгөөд 15 нам, 4 эвслийн 19 мөрийн хөтөлбөр ирүүлжээ. Тодруулбал, Сахих тун үндсэн хуулийн эвсэл, Та бидний эвсэл, Шинэ эвсэл, Зөв хүн электронт гэх дөрвөн эвсэл бүртгүүлжээ. За ямартай ч холбогдох хуулийн дагуу нам, эвслүүд сонгуульд оролцох хүсэлтээ санал авах өдрөөс 60 хоногийн өмнө СЕХ-д хүргүүлэх ёстой. Бүрдүүлэх бичиг баримт дотор Үндэсний аудитын газрын дүгнэлт багтана. Мөрийн хөтөлбөр нь хуульд нийцээгүй гэдэг дүгнэлт гаргасан нам, эвслийг сонгуульд бүртгэхгүй байх хуулийн үндэслэлтэй. Гэхдээ бүртгэх эсэх шийдвэрийг СЕХ гаргана. Үндэсний аудитын газар мөрийн хөтөлбөр хуульд нийцсэн, үгүй гэдэг дүгнэлтийг 30 хоногийн дотор гаргана. Ингээд эрээвэр хураавар энэ олон эвсэл, намуудын сонгуульд горилох хувь сарын дараа шийдэгдэх нь дээ.
ҮНДЭСНИЙ АУДИТЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТ МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛСЭН НАМУУД:
-Монгол ардын нам
-Ардчилсан нам
-Та бидний эвсэл /МАХН, ИЗНН, МУНН/
-Шинэ эвсэл /ШИНЭ нам, Бүгд найрамдах нам, Үнэн ба Зөв нам, Хамуг Монголын хөдөлмөрийн нам, Монголын ардчилсан хөдөлгөөний нам, Эх орон нам, Монгол үндэсний ардчилсан намууд нэгдэж, эвсэл байгуулсан/
Зөв хүн электорат эвсэл /ХҮН, МСДН, Зүй ёсны намууд нэгдэж, эвсэл байгуулсан/
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.