Төрийн албаны тухай төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

2017-05-4 Парламент
Чуулганы танхимаас

Улсын Их Хурлын 2017 оны хаврын чуулганы өнөөдрийн (2017.05.04) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 28 минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэйгээр эхэлж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 12 гишүүнээс 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо болон холбогдох албан тушаалтнууд оролцов.

Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулсан. Тэрээр танилцуулгадаа, Уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 7 хэсэг, 33 бүлэг, 109 зүйлтэй бөгөөд төсөлд дараах асуудлыг шинээр тусгажээ. Үүнд, улс төрөөс хараат бус, шударга, ил тод, хариуцлагатай төрийн албаны эрх зүйн үндэс бүрдэж, төрийн албан хаагч тогтвортой ажиллах, төрийн алба хаших шалгуур нь зөвхөн мэргэшлийн болон уг албыг гүйцэтгэх мэдлэг чадвар, мэргэжлийн ёс зүйгээр тодорхойлогддог болох нөхцөлийг баталгаажуулах, иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, дэвшүүлэх, шагнаж урамшуулахдаа хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлах зарчмыг хуулиар тодорхойлж, түүнийг тууштай хэрэгжүүлэх арга хэлбэрүүдийг нарийвчлан зохицуулна гэдгийг дурдлаа.

Мөн мэдлэг, чадвартай иргэдэд нээлттэй өрсөлдөөнөөр төрийн албанд орох боломж олгохын зэрэгцээ карьерын шатлан дэвших тогтолцоог төрийн албанд нэвтрүүлэх, төрийн албан хаагч /улс төрийн албан хаагчаас бусад/ улс төрийн аливаа үйл ажиллагаанд оролцох явдлыг таслан зогсоож, улс төрийн нөлөөнөөс ангид, ард түмнийхээ тусын тулд, зөвхөн төрийн ашиг сонирхолд захирагдан ажиллах Үндсэн хуулийн үзэл санаа бодитоор хэрэгжих боломж бүрдүүлэхэд анхаарсан. Бүрэн эрхийн хугацаанд улс төрөөс хараат бус, тогтвор, суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга нарыг зургаан жилийн хугацаагаар томилох эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Төрийн албанд авлига, хээл хахууль, хүнд суртал буурах нөхцөл сайжирч, төрийн үйлчилгээ иргэдэд ойртох, төр, иргэний харилцан итгэлцэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх, төрийн албаны удирдах албан тушаалтны хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүргийг шинээр тогтоож, үүрэг, хариуцлагыг нарийвчлан тодорхойлсон.

Төрийн албаны зөвлөлийг улс төрөөс хараат бус, мэргэшсэн, тогтвортой төрийн албыг хөгжүүлэх, түүнийг хамгаалах, төрийн албан тушаалд сонгон шалгаруулах үйл ажиллагааг хуулийн дагуу зохион байгуулж байгаа эсэхэд хяналт шалгалт хийх, зөрчлийг арилгуулах хугацаатай үүрэг өгөх, гүйцэтгэлд нь хяналт тавих үндсэн үүрэг бүхий хамтын удирдлагын зарчмаар ажилладаг байгууллага болгон өөрчлөн байгуулж, улс төрөөс хараат бус ажиллах эрх зүйн үндсийг бүрдүүлэх, төрийн захиргааны болон тусгай албан хаагчдын улс төрийн үйл ажиллагаа явуулахгүй байх эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгосон гэдгийг онцолсон юм.

Улс төрийн албан хаагчаас бусад албан хаагч улс төрийн намын гишүүн бол намын гишүүнээс түдгэлздэг биш, татгалздаг байхаар хуульчлахаар тусгасан. Мөн удирдлагын академийг төрийн албан хаагчдын тасралтгүй үргэлжлэх сургалт, хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулагч, судалгаа, сургалт, эрдэм шинжилгээ, арга зүйн хүрээлэн болгон өөрчилж, чадавхыг бэхжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлнэ. Төрийн албан тушаалтан хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг чангатгах, Төрийн байгууллага, албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүнг үнэлэх шалгуур үзүүлэлт боловсронгуй болж, төрийн албан хаагчийн ажлын үр дүн, өсөлт хөгжлийг удирдлагын субьектив хандлага бус үйлчлүүлэгч, хамт олон, өөрийн үнэлгээ болон үр дүнгийн үзүүлэлтэд тулгуурласан хэмжүүрээр бодитой үнэлдэг тогтолцоонд шилжих юм. Хариуцсан ажлын чиг үүрэг, түүний хүрээ, хүлээх хариуцлагад тулгуурласан цалин, урамшууллын шударга тогтолцоог төрийн албанд нэвтрүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх зэрэг зохицуулалтыг төсөлд тусгасан гэж Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн илтгэлдээ онцлов.

Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар улс төрөөс хараат бус, шударга, ил тод, хариуцлагатай төрийн албаны эрх зүйн үндэс бүрдэж, төрийн албан хаагч тогтвортой ажиллах, төрийн алба хаших шалгуур нь зөвхөн мэргэшлийн болон уг албыг гүйцэтгэх мэдлэг чадвар, иргэдэд үйлчлэх үйлчилгээний чанар, мэргэжлийн ёс зүйгээр тодорхойлогддог болох нөхцөл баталгаажих аж. Түүнчлэн төрийн албаны зөвлөл нь улс төрөөс хараат бус, чадахуйн зарчимд суурилсан, мэргэшсэн, тогтвортой төрийн албыг сахин хамгаалж, Төрийн албаны хуулийн хэрэгжилтийг хангах нөхцөл бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзэж байна.

Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Батзориг танилцуулав. Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Я.Содбаатар, О.Батнасан, Х.Баделхан, Ж.Батзандан, Д.Сарангэрэл, Л.Мөнхбаатар, Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ, М.Билэгт, Х.Болорчулуун, Б.Батзориг, Н.Учрал, Ч.Улаан, Б.Баттөмөр, Д.Дамба-Очир, О.Баасанхүү нар асуулт асууж, хариулт авлаа.

Гишүүдийн хувьд төрийн албыг тогтвортой байлгах, улс төрөөс хараат бус байх зарчмын шинэлэг зохицуулалт оруулсан эсэх, төрийн албанаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдөж, захиргааны хэргийн шүүхэд хандсан иргэдийн судалгааг сонирхож байлаа. Мөн төрийн албан хаагчийн цалин хөлс, нийгмийн баталгааг хангах, 36 хүртэлх сарын нэг удаагийн тэтгэмжийн асуудлыг өөрчилсөн үү, залуу боловсон хүчнийг төрийн албанд оруулах боломжийг хэрхэн хангасан талаар тодруулав.

Хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, “Төрийн албан хаагчийн тухай шинэчилсэн найруулгын төсөлд хийсэн зарчмын томоохон өөрчлөлт бол шатлан дэвших томилгоог хуульчлахаар тусгасан. Тухайлбал, тэргүүн түшмэлээр томилогдох хүн төрийн албанд 16 жил ажилласан байх бөгөөд эрхэлсэн түшмэлээр найман жил ажилласан байх тусгай шаардлагыг тавьсан байх жишээтэй. Мөн Төрийн албаны зөвлөлд улс төрөөс хараат бус байлгахын зэрэгцээ хяналтын чиг үүргийг нь тусгасан. Төрийн албан хаагчийг удирдах албан тушаалтан нь хууль бусаар халсан нь тогтоогдвол хохирлыг буюу цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь тухайн албан тушаалтнаар төлүүлэхээр болсон. Түүнчлэн яамны Төрийн нарийн бичгийн даргыг зургаан жилээр томилдог болох заалтыг тусгасан. Ингэснээр сонгуулийн үр дүнгээс хамаарахгүйгээр яамны Төрийн нарийн бичгийн дарга ажлаа үргэлжлүүлэн хийж, үүнийг дагаад захиргааны албан хаагчид тогтвортой ажиллах нөхцөл бүрдэнэ” гэж байлаа.

Мөн Төрийн албаны зөвлөлөөс жилд нэг удаа төрийн жинхэнэ албан тушаалтны нөөцийн шалгалтыг авахаар тусгасан. Ингэснээр залуучуудыг төрийн албанд ажиллуулах боломжийг хуульчилж өгсөн. Тэгэхдээ төрийн албан хаагчид тавих нийтлэг шаардлагад авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж, ял эдэлж байсан хүнийг төрийн албанд авахгүй байхаар нэмж тусгасан” гэж хариулж байв.

Хуулийн төсөл санаачлагч, УИХ-ын гишүүн С.Чинзориг, “Төрийн албан хаагчийн нийтлэг нийгмийн баталгааг нэг хуулиар зохицуулдаг байхаар тусгасан. Төрийн албаны тухай хуулиар төрийн захиргааны жинхэнэ албан хаагчдад 36 хүртэлх сарын тэтгэмж олгоно, журмыг Засгийн газар баталж мөрдүүлнэ гэсэн хуультай. Энэ асуудал хэвээр байгаа. Үүнээс гадна төрийн албан хаагчийн цалингийн нэмэгдлийг чадавхи, ажлын үр дүнгээс хамаарсан тогтолцоонд шилжүүлсэн” хэмээн нэмж тайлбарлав.

Харин Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо хариултдаа, “Төрийн албаны зөвлөл 2007 оноос хойш төрийн албан хаагчдын талаарх холбогдох байгууллагуудад хүргүүлдэг. УИХ-ын сонгууль, Засгийн газрын бүрэлдэхүүн өөрчлөгдсөний дараа төрийн албан хаагчдын янз бүрийн шалтгаантай шилжилт хөдөлгөөн ихэсдэг. Жилд дунджаар 15-16 мянган төрийн албан хаагч хөдөлгөөнд орсон байдаг. Өнгөрсөн жил хууль бусаар болон бүтцийн өөрчлөлт бусад шалтгаанаар 630 иргэн гомдол гаргасан. Үүнээс Төрийн албаны зөвлөл харьяалах асуудлаар 29 иргэний гомдлыг шийдэж, ажилд нь буцаан томилохоор болсон. Захиргааны хэргийн шүүхээс 34 иргэнийг гомдлыг шийдвэрлэн ажилд нь эргүүлэн томилох шийдвэр гаргасан байна. Өнөөдрийн байдлаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарсан ч ажилдаа эргүүлэн томилогдож чадаагүй зургаан иргэн байна” гэж байлаа.

Хуулийн төсөлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Д.Сарангэрэл, Д.Гантулга, О.Баасанхүү, Ч.Хүрэлбаатар, С.Батболд нар санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Ингээд Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 78.7 хувь дэмжих нь зүйтэй гэж үзлээ. Иймд уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлснээр УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан түр завсарлав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Өнөөдрийн онч үг

4 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.