Худалдааны төвүүд бэлэн мөнгөөр үйлчлэхгүй бол ШӨХТГ-т хандаарай

2020-03-15 Засгийн газар

 

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “Бэлэн мөнгөөр үйлчлэхгүй байгаа нь хэрэглэгчдэд хүндрэл, чирэгдэл учруулж байна” гэх мэдээллийн дагуу бүрэлдэхүүнтэй шуурхай ажлын хэсэг  гуравдугаар сарын 12-ны өдөр Улсын Их дэлгүүрийн нэг давхарт талбай түрээслэгч “Артизан” ХХК-ийн гурилан бүтээгдэхүүн худалдаалж буй үйл ажиллагаатай танилцаж, шалгажээ.

Шалгалтын явцад “Артизан” ХХК-ийн албаны хүмүүсээс тайлбар авахад “коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор бэлэн мөнгөтэй харилцахгүй байхаар дотооддоо ярилцаж хэрэгжүүлсэн арга хэмжээ” гэсэн тайлбарыг өгсөн байна.

Гэвч Улсын Онцгой комисс болон мэргэжлийн байгууллагуудаас тухайн асуудалтай холбоотой худалдаа, үйлчилгээний байгууллагуудад “мөнгөн дэвсгэртээр хийх гүйлгээг хязгаарлах” аливаа шийдвэр, чиглэл гараагүй байхад аж ахуйн нэгж, байгууллага хэрэглэгчийн эрхийг хязгаарлах замаар хэрэгжүүлж байгаа урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа нь учир дутагдалтай, өөрөөр хэлбэл карт болон мөнгөн дэвсгэртээр гүйлгээ хийх аль ч тохиолдолд гараас гарт дамжих тодорхой тогтсон ижилхэн үйлдэл хийгдэж байх тул энэ үйлдэл нь урьдчилан сэргийлэх арга хэмжээ гэхээс илүүтэй хэрэглэгчийн эрхийг хязгаарлах үйлдэл болж байх тул тухайн үйлдлээ зогсоож, харин халдвар хамгааллын урьдчилсан сэргийлэх үйл ажиллагааг аль ч тохиолдолд өндөржүүлж ажиллах талаар зөвлөмж өгч ажиллалаа.

Тухайлбал, нэг удаагийн бээлийг тогтсон хугацаанд тогтмол сольж хэрэглэх, нэг удаагийн ариутгах хэрэглэл ашиглах, касс болон үйлчилгээний ажилтаныг тус бүрт нь ажиллуулах зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж ажиллах зөвлөмж, чиглэл өгч ажиллалаа гэж Монгол Улсын Шадар Сайдын ажлын албанаас мэдээллээ. 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.