П.Н Шастины нэрэмжит улсын III төв эмнэлгийн үүдний хэсгийн 818 м.кв талбайн тохижилтын ажил дуусч, холбогдох албаныхан өнөөдөр албан ёсоор хүлээн авлаа. Тус арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Улаанбаатар хотын Ерөнхий менежер болон бусад албаныхан оролцов. Энэ үеэр хотын дарга С.Батболд “Би 14 хоногийн өмнө энэ хэсгийн тохижилтын ажилтай танилцаад явсан. Өнөөдөр бэлэн болоод нээлтийг хийж байгаадаа баяртай байна. Шастины нэрэмжит улсын III төв эмнэлэг бол нийслэлчүүд төдийгүй Монгол Улсын өнцөг булан бүрээс иргэд ирж үйлчлүүлдэг газар. Өнгөрсөн аравдугаар сард авто машины зогсоолын асуудлыг шийдсэн. Өнөөдрийн энэ тохижилтын ажил 2017 оны хаврын хот тохижилтын хамгийн эхнийх нь учраас бид ийнхүү ач холбогдол өгч албан ёсоор нээж байгаа юм. 2017 онд эмнэлэг болон сургууль, цэцэрлэгийн гаднах тохижилтод анхаарч ажиллана. Бидний дараагийн тохижуулах газар бол Гэмтэл согог судлалын үндэсний төв, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг байх болно. Түүнчлэн X хороолол орчмын авто замын хойд талын талбайг авто машины зогсоол, явган хүний зам, ногоон байгууламж бүхий иж бүрнээр тохижуулах ажлыг эхлүүлсэн. Мөн энэ гудамж дагуу байрлах албан байгууллага, аж ахуйн нэгжүүдэд гаднах тохижилт, хаягжилтын нэгдсэн стандарт мөрдүүлнэ. Уг ажлыг ирэх зургаадугаар сарын 10-нд дуусгахаар төлөвлөн ажиллаж байгаа” гэв.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр “Явган хүний зам, ус зайлуулах шугам, гэрэлтүүлэг, авто машины зорчих хэсгүүдийг цогцоор нь шийдэж, тохижуулж байна. Энэ жил Улаанбаатар хотын ногоон байгууламжид цогц бодлого гарган ажиллаж байгаа. Ногоон байгууламжийг аль болох байгалийн шилмүүст, өндөр модоор сэлгүүлэн тарьж байгаа юм. Энхтайваны өргөн чөлөөнөөс Таван шар, Бага тойруу, Сансарын тойрог, Соёлын төв өргөө орчмын гудамж талбайг ийнхүү цогцоор нь тохижуулахын зэрэгцээ төвийн 6 дүүргийн нэг орон сууцыг сонгоод бичил тохижилтыг хийнэ” гэлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.