Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзан Ухань хотод дэгдээд буй коронавирусний өвчлөлтэй тэмцэхэд Улаанбаатар хот 50 мянган ам.долларын мөнгөн тусламж үзүүлж буйг гардуулаа.
Уулзалтын эхэнд хотын Захирагч С.Амарсайхан Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсонд баяр хүргээд, цаашид БНХАУ, Монгол Улс хоорондын стратегийн түншлэл, эдийн засгийн харилцааг өргөжүүлж харилцан үр ашигтай хамтарч ажиллахад таатай байгаагаа хэллээ. Тэрбээр “Дэлхийн хэмжээнд хүн төрөлхтнийг сорьсон халдварт өвчин дэгдэж олон хүний амь нас эрсдэж байгаад гүнээ харамсаж байна. Ах дүүгийн харилцаатай олон жилийн хамтын ажиллагаатай хөрш орнуудын хувьд бүх талаар дэмжиж ажиллах болно” хэмээжээ.
Элчин сайд Цай Вэньруй хотын Захирагчид хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлж ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Тэрбээр “Цаашид хоёр улсын хамтын ажиллагааг улам бат өргөжүүлж, харилцан үр ашигтай бодлогыг баримталж ажиллах болно. Би 10 жилийн дараа Монголд Улсад ахин ирэхэд эдийн засаг, дэд бүтэц хурдтай хөгжиж байгаа нь харагдаж байна. Улаанбаатар хотод олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, стратегийн хэлэлцээрийг үргэлжлүүлэн хөгжүүлэх болно” гэжээ.
Түүнчлэн коронавирусний өвчлөлтэй тэмцэхэд БНХАУ-ын даргын шууд удирдлага дор цаг тухайд нь онцгой арга хэмжээг авч буйг дурдаад, энэхүү өвчинг эдгээх аргыг олно гэдэгт бүрэн итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Мөн хүнд хэцүү энэ цаг үед БНХАУ-ын стратегийн түнш Монгол Улс, түүний ард түмэн чин сэтгэлээсээ дэмжиж буйд гүнээ талархаж байгаагаа илэрхийлээд энэхүү халуун сэтгэлийг Хятад Улсын төр, ард түмэн хэзээ ч мартахгүй гэдгийг цохон тэмдэглэсэн байна
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.