МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГААС ХИЛИЙН БООМТУУДАД ХЯНАЛТЫГ ЧАНГАТГАН АЖИЛЛАЖ БАЙНА

2020-01-24 Мэдээ, мэдээлэл

-Мэргэжлийн хяналтын байгууллагаас хилийн боомтуудад хяналтыг чангатган ажиллаж байна-

Шинэ төрлийн коронавирүс “2019 nCoV”-ийн өвчлөл нэмэгдэж, дэлхий хэд хэдэн оронд өвчлөлийн тохиолдол бүртгэгдэн, өвчний мэдээлэл тогтмол шинэчлэгдэж байгаатай холбогдуулан Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас орон нутаг, хилийн боомтууд дахь мэргэжлийн хяналтын газар, албад, аймаг нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын албан тушаалтнуудыг хамруулан гурав дахь удаагийн цахим сургалтыг ХӨСҮТ, ЗӨСҮТ-тэй зохион байгууллаа.

БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод шалтгаан тодорхойгүй уушигны хатгалгаа өвчний тохиолдол бүртгэгдэж, ДЭМБ-д 01.05-ны өдөр мэдээлсний дагуу 01.06-ны өдөр МХЕГ, ЭМЯ, ХӨСҮТ, ЗӨСҮТ хамтарсан эрсдэлийн үнэлгээ хийж, холбогдох арга хэмжээг авч эхэлсэн. Мэргэжлийн хяналтын байгууллагаас БНХАУ-тай хиллэдэг 13 боомт, Буянт-Ухаа боомтод хяналтыг чангатган голомттой бүс, нутгаас ирсэн  зорчигчдоос  эрүүл мэндийн асуумж авах, биеийн халууныг хэмжих, боомт дахь түр тусгаарлах өрөөний бэлэн байдлыг хангах, хувийн хамгаалах хэрэгсэл, амны хаалт, халдваргүйжүүлэлтийн бодисын нөөцийг бүрдүүлэх, амьтны /далайн/ гаралтай бүтээгдэхүүний импортын хяналтыг чангатгах, зорчигчдод сэрэмжлүүлэг, зөвлөмж өгөх  зэрэг үйл ажиллагааг эрчимжүүлэн ажиллаж байна. Мөн хил дээр ажилладаг бусад байгууллага, Чингис Хаан ОУНБ, 11 авиакомпанид урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлж, сургалт зохион байгуулаад байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.